Хадам ээжээ сүхдэж гэмтээжээ

  2020 оны 2 дугаар сарын 29-ний шөнө иргэн Б архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн гэр бүлийн хамаарал бүхий гишүүн болох хадам ээжийгээ сүхдэж гэмтээсэн хэрэг гарчээ. Хэрэг үйлдсэн этгээд нь тухайн өдөр ажлаа тарсны дараагаар ганцаараа архи авч уугаад согтуу гэртээ харьсан байна. Тэрээр гэртээ иртэл түүний эхнэр болон хадам ээж нь сар шинийн тавгийн идээгээ буулгасан байснаас хэрүүл маргаан эхэлсэн гэдгийг тэрээр мэдүүлсэн байна. Тэрээр мэдүүлэгтээ дээрх шалтгаанаар эхнэрлүүгээ агсан тавьж, уурандаа гэртээ байсан архийг нэмж уун биеэ хянах чадвараа бүрэн алдсан учир цаашид юу хийснээ санахгүй байгаа бөгөөд өглөө сэрж архи нь гарах үед хэрэг үйлдсэнээ эхнэрээсээ сонссон гэжээ. Хүргэнийхээ зүй бус үйлдлийн хохирогч болсон хадам ээж нь өнөөдрийн байдлаар БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байгааг эх сурвалж мэдээллээ. Дашрамд дурдахад 2020 оны 2-р сарын байдлаар Ховд аймаг дахь цагдаагийн газарт гэмт хэргийн чанартай 19 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 11 гомдолд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, 8 иргэнийг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 7-30 хоног шийтгэл оногдуулсан байна. Тиймээс иргэд олон нийтийг архи согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх, хэрэглэсэн үедээ өөрийн зан авираа хянах чадвараа алдахгүй байх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэргээс өөрийгөө болоод хамаарал бүхий хүмүүсээ хамгаалахыг албаны зүгээс сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасаг




Сэтгэгдэл ( 0)