Дарви сумын хяналтын постоор нэвтэрч байгаа иргэн бүр коронавирус илрүүлэх түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамрагдаж байна

  Дарви сумын пост нь Ховд аймгийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хот болон бусад аймгаас ирж байгаа бүх төрлийн авто тээврийн хөдөлгөөнийг зохицуулдаг хамгийн чухал пост болж байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан тухайн постод үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид, эмч мэргэжилтнүүдийн анхаарал сэрэмж хамгийн чухал байгаа төдийгүй Ховд аймгийн нийт ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ч чухал ач холбогдолтой гэдгийг холбогдох салбарын удирдлагууд хэлж байлаа.
Дарви сумын тухайд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цагаас эхлэн сумын хэмжээнд байнгийн 2 пост ажилуулж эхэлсэн байна. Харин 2020 оны 11 сарын 19-ны өдрөөс эхлэн тус постоор нэвтэрч буй бүх иргэдээс Коронавирус илрүүлэх түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч эхэлжээ.Энэ хугацаанд нийт 625 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 6 удаагийн эерэг тохиолдол илэрсэн байна. Эерэг тохиолдлын шинжилгээний сорьцийг Ховд аймаг руу яаралтай тээвэрлэж PCR буюу баталгаажуулах шинжилгээнд өгч ажилласан байна. Улмаар PCR оношлуурын хариугаар дээрх тохиолдлууд бүгд сөрөг гарчээ.



Дарви сумын хяналтын постод Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар зэрэг мэргэжлийн анги байгууллагын 10 гаруй алба хаагчид 24 цагаар ээлжлэн үүрэг гүйцэтгэж байна.Харин түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж буй эмч эмнэлэгийн ажилтнуудын тухайд хүний нөөц дутагдалтай байгааг хэлж байлаа. Тиймээс аймгийн ЭМГ-ын дарга Ц. Мягмарсүрэн ойролцоох сумдын ЭМГ-ын эмч сувилагч, эмнэлэгийн ажилтнуудыг сургаж, хүч нэмэгдүүлэн ажиллах тухай аймгийн онцгой комиссын хуралд санал оруулахаар болсон юм. Мөн постод үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын эрүүл мэнд, аюулгүй байдал хамгийн чухал гэдгийг онцлоод дархлаа дэмжих багц бүтээгдэхүүнийг ЭМГ-аас олгосон юм.



Бэлтгэсэн: Б. Оюунжаргал




Сэтгэгдэл ( 0)