Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг Ховд аймаг 17 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна

  Жил бүрийн 12-р сарын 3-ын өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон Дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийг Ховд аймаг 17 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Жил бүр тус өдрийг тодорхой уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлдэг, 2019 оны тухайд тус өдрийг “Хүртээмжтэй ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус арга хэмжээг аймгийн ЗДТГ, ХХҮГ, Ховд аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо хамтран зохион байгуулж байна.



Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж теле хэлэлцүүлэг, спортын арга хэмжээг зохион байгуулж, иргэд олон нийтэд мэдээлэл хүргэсэн бол энэ удаад иргэд олон нийтийн хандлагыг сайжруулж, оролцоог нэмэгдүүлсэн арга хэмжээнд илүү чиглэгдэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийн 111-р зүйл зааснаар 25 ажилтан тутамд 1 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, одой иргэнийг ажилуулна гэж заасан байдаг. Энэ хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор байгууллагуудын дунд уралдаан зарлаж, хамгийн олон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангаж, тэдний ээлтэй орчин бүрдүүлсэн байгууллага хамт олныг шалгаруулж, шагнаж урамшуулсан юм.
Шалгаруулалтын дүнгээр 1-р байранд Ховд аймгийн Мөнххайрхан сумын ЭМТ-ийн хамт олон, 2-р байранд Ховд аймгийн Цагдаагийн газрын хамт олон, 3-р байранд Жаргалант сумын ЕБ-ын 3-р сургуулийн хамт олон, тусгай байранд Ховд Хөгжил Политехник коллежийн хамт олон тус тус шалгарлаа.







Ховд аймгийн тухайд оны эцсийн байдлаар 3100 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэсэн статистик тоон мэдээлэл байгаа юм. Үүнээс 250 орчим хэл сонсголын бэрхшээлтэй иргэн, харааны бэрхшээлтэй 300 орчим иргэн, бусад төрлийн 400 орчим иргэн, мөн хөгжлийн бэрхшээлтэй 590 орчим хүүхэд байна гэсэн тоо байна. Эдгээр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор эхний ээлжинд бүтээлийн үзэсгэлэнг энэ үеэр гаргалаа. Бүтээлийн үзэсгэлэнд 29 үйлдвэрлэгчийн 285 нэр төрлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн гарагаж байр эзлүүлсэн байна. Тус үзэсгэлэнгийн шилдэгийн шилдэг бүтээлээр Ховд аймгийн Чандмань сумын үйлдвэрлэгч Х.Сэлэнгийн уламжлалт тоглоом, бэлэг дурсгал тэргүүн байр, Жаргалант сумын Б.Мөнхбадралын хүүхдийн коллекц 2-р байр, Б.Отгонцэцэгийн адууны духны арьсаар үйлдвэрлэсэн гутал 3-р байрыг тус тус эзэлж, зохион байгуудагчдын шагналыг гардан авлаа.





Ховд аймгийн хэмжээгээр 3100 хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс дөнгөж 560 орчим нь тодорхой төрлийн хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн тоо байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм олон нийтийн оролцоог хангах, хүртээмжтэй ажлын байрыг нэмэгдүүлэх, тэдний зөрчигдсөн эрх эрх чөлөөг хамгаалахад чиглэгдсэн олон ажлыг хийхээр төлөвлөөд байна. Энэ хүрээнд 2020 онд багтаан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордонг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 5 тэрбум төгрөгний төсөвт багтаан барихаар төлөвлөөд байгаа юм. Ингэснээр орон нутагт ажиллаж амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм, урлаг, соёлын үйл ажиллагааг хараат бусаар зохион байгуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

 




Сэтгэгдэл ( 0)