“Та хүүхдэдээ сургуульд орохын өмнө хэрхэн туслах вэ?” гарын авлагыг тарааж байна

  Шинэ Коронавирус (KOВИД-19)-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дэлхийн 191 улс, орон цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг бүрэн хааж, хэсэгчлэн хаасан улс орнуудад 140.4 сая хүүхэд залуус танхимын сургалтад хамрагдаж чадахгүй, үүний улмаас 1.7 тэрбум суралцагч буюу нийт суралцагчдын 91.3 хувь нь хорио, хөдөлгөөний хязгаарлалтад орсон. Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан цэцэрлэгийн 263.3 мянган хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн 640.4 мянган суралцагч, их дээд сургууль, коллежийн 148.4 мянган оюутан хорио, хөдөлгөөний хязгаарлалтад ороод байгааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан билээ.



Энэхүү нөхцөл байдлын улмаас боловсролын бүх түвшний байгууллагууд танхимын бус сургалтын үйл ажиллагаа явуулж байгаатай холбогдуулж Хүүхдийг Ивээх Сан, НҮБ-ын Хүүхдийн сангийн санаачилгаар КОВИД-19 –ын улмаас цэцэрлэг, сургуульд хөл хорио тогтоосон энэ үед онцгой байдлын үеийн боловсролын бэлэн байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэн боловсролын тасралтгүй байдлыг хангах хүрээнд ирэх хичээлийн жилд сургуульд элсэн суралцах хүүхдүүдийн эцэг эхчүүдэд зориулсан “Та хүүхдэдээ сургуульд орохын өмнө хэрхэн туслах вэ?” хэмээх гарын авлагыг 81,000 хувь хэвлүүлэн Монгол Улсын бүх аймаг, Улаанбаатар хотын нийт дүүргүүдэд тараалаа.



Энэхүү гарын авлагыг Хүүхдийг Ивээх Сан анх 2017 онд нэгдүгээр ангийн суралцагчдыг дэмжих төслийнхөө хүрээнд эрхлэн гаргасан бөгөөд энэ удаад цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр агуулгыг баяжуулж, БСШУСЯ-тай хамтран дахин гаргасан юм. Энэхүү гарын авлагад хүүхдийн хөгжлийн өргөн агуулгыг багтаахаас илүүтэй хүүхэд сургуульд элсэн суралцахад нэн тэргүүнд анхаарч хөгжүүлбэл зохих чадвар, дадлыг тодорхойлж өгснөөс гадна эцэг эхчүүдийн зүгээс дэмжлэг, санамж зөвлөгөөг оруулж өгснөөрөө онцлог юм. Агуулгын хувьд 5-6 настай хүүхдийн бие бялдрын хөгжил, хэл ярианы хөгжил, сэтгэл хөдлөл, нийгэмшихүй, оюун ухаан, суралцах чадвар, дасан зохицох чадвар гэсэн хэсгээс бүрдсэн. Түүнчлэн, гараа хэзээ, хэрхэн угаах, нэгдүгээр ангийн хүүхдийн цүнхийг хэрхэн сонгох гэх мэт практик зөвлөгөөг багтаажээ.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)