Хүчирхийллийн хохирогч хамгаалах байранд “Дэзэрэт” ОУ-ын байгууллага 20 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ

  Улсын хэмжээнд гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа талаар мэргэжлийн байгууллагууд тайлан мэдээндээ тусгасаар байна. Гэтэл хүчирхийлэлд өртөж байгаа хохирогч түүний гэр бүлийн бусад гишүүдийг хамгаалах, тэднийг түр байрлуулах орон байрны асуудал, санхүүжилт орон нутагт дутмаг байдгаас энэ талын үйлчилгээг олон сараар үргэлжлүүлэн үзүүлэх боломж төдийлөн бүрдэхгүй байсан юм. Ховд аймгийн тухайд “Хүчирхийллийн хохирогч хамгаалах байр”-ны асуудлыг Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгаж санхүүжилт хүлээсээр олон жилийг өнгөрүүлсэн байдаг.



Энэ хугацаанд Ховд аймгийн Цагдаагийн газар, Мянган Угалзат ОНӨААТҮГ зэрэг албан байгууллагуудыг түшиглэн “Хүчирхийллийн хохирогч хамгаалах байр”-ны асуудлыг шийдэж үйл ажиллагаагаа явуулж ирсэн бол 2019 оны төсөвт хамгаалах байрны санхүүжилтийг тусган шийдүүлснээр бие даасан, өөрийн гэсэн хамгаалах байртай болоод байна. Хүчирхийллийн хохирогч нарыг хамгаалахын зэрэгцээ тэдний ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх гээд хамгаалах байрны стандартад нийцүүлэн тохижилт хийх зайлшгүй шаардлага байдаг байна. Тиймээс хамгаалах байрны дотоод тохижилтыг бүрдүүлэх үүднээс аймаг орон нутгийн мэргэжлийн байгууллагууд ОУ-ын төсөл хөтөлбөрийн газруудад хандсанаар эхний санхүүжилтээ аваад байна.





Дэлхийн 189 оронд хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа явуулдаг “Дэзэрэт” ОУ-ын энэрлийн байгууллага нь орон нутгийн саналыг хүлээн авч 20 орчим сая төгрөгний санхүүжилт бүхий гал тогооны ком тавилга, цахилгаан хэрэгсэл, номын тавиур, хувцасны шүүгээ, ор, орны зөөлөн хэрэгсэл, сандал ширээ, хөшиг, чүүл, камержуулалт зэрэг Ховд аймаг дахь хамгаалах байранд шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.





Ховд аймгийн тухайд жил бүр хамгаалах байранд байрлан хамгаалуулах зайлшгүй шаардлагатай гэх 100 гаруй хүн мэргэжлийн байгууллагуудад хүсэлт хүргүүлдгээс мэргэжлийн байгууллагуудын үнэлгээнд үндэслэн 70-80 орчим хүнийг хамгаалах байранд түр байрлуулан, үйлчилгээ үзүүлдэг гэх мэдээлэл байна. Тиймээс хамгаалах байрны хэрэгцээ шаардлага, хандаж байгаа хүмүүсийн тоо, мэргэжлийн байгууллагуудын үнэлгээнд үндэслэн Ховд аймагт зайлшгүй хийгдэх томоохон хөрөнгө оруулалтын нэгээр нэрлэгдээд байсан “Хүчирхийллийн хохирогч хамгаалах байр”-ны асуудал ийнхүү шийдэгдэж ОУ-ын байгууллагын анхны тусламж дэмжлэгийг хүлээн аваад байна.

  Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)