“Эхээс хүүхдэд ХДХВ, гепатит В вирус болон тэмбүүгийн халдвар дамжихыг зогсоох” тусламж үйлчилгээний байдалд дэмжлэгт хяналт хийх сургалт Ховд аймаг

  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран эхээс урагт дамжих гурвалсан халдвар буюу ХДХВ, тэмбүү, Гепатитийн халдвараас сэргийлэх сургалтыг Ховд аймгийн ЭМГ дээр хамтарсан багийн эмч мэргэжилтнүүд явуулж байна. Тус сургалт нь Дэлхийн ЭМБ-аас зөвлөмж болгож байгаа 8 модуль хөтөлбөрөөр явагдаж байгаа бөгөөд манай аймагт анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм. “Эхээс хүүхдэд ХДХВ, гепатит В вирус болон тэмбүүгийн халдвар дамжихыг зогсоох” тусламж үйлчилгээний байдалд дэмжлэгт хяналт хийх сургалтанд БОЭТ-ийн болон эх хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудын эмч мэргэжилтнүүд хамрагдаж байна.



Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдэг нь улс орны эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэн шаардлагатай, хамгийн чухал нэг хэсэг болдог. Үүн дотроос халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудал нь манай улсын хувьд тулгамдсан асуудлын нэг болж байгааг мэргэжлийн эмч нар онцолж байлаа. Учир нь Монгол улсын хэмжээнд 2018 онд төрөлхийн тэмбүүгийн 49, 2019 онд 66, 2020 оны эхний 8 сарын байдлаар 23 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр тохиолдлуудын 55% нь ээж нь жирэмсний хяналтанд хамрагдсан, 45% нь хамрагдаагүй гэсэн тоон үзүүлэлт байна. Хяналтанд хамрагдсан тохиолдлуудын 20% нь жирэмсний хяналтын явцдаа тэмбүү илрүүлэх ийлдэс судлалын шинжилгээнд огт хамрагдаагүй байгаа бол шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн 48% нь зөвхөн эрт үеийн шинжилгээнд, 12% нь зөвхөн хожуу үеийн шинжилгээнд хамрагдсан байна. Сүүлийн 5 жилийн статистик тоон мэдээллээс харахад нийт төрөлхийн тэмбүүгийн тохиолдлын 69,1% /143/ нь Улаанбаатар хотод, 30,9% /64/ хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. Манай улс төрөлхийн тэмбүүгийн тоон мэдээнд зөвхөн төрөлхийн тэмбүүтэй төрсөн амьд төрөлтийг бүртгэдэг байсан бол 2017 онд оноос хойш төрөлхийн тэмбүүгийн улмаас амьгүй төрсөн төрөлтийг бүртгэж эхэлсэн байна.



Ховд, Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн ажилтнуудад “Эхээс хүүхдэд ХДХВ, гепатит В вирус болон тэмбүүгийн халдвар дамжихыг зогсоох” тусламж үйлчилгээний байдалд дэмжлэгт хяналт хийх сургалтыг явуулснаар эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоо сайжирснаар тусламж, үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолж байлаа.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)