Хурим, найрыг хориглож, цэцэрлэг, 1-6 дугаар ангийн сурагчдын хичээлийг цахимаар зохион байгуулах үйл ажиллагааг 09 дүгээр сарын 20 хүртэл сунгалаа

  Өнөөдөр /2021.09.10/ аймгийн Онцгой комисс 85 хувийн ирцтэй хуралдлаа. Хурлаар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 10 гаруй асуудлыг хэлэлцэв.Энэ үеэр чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж харилцан санал солилцож хэд хэдэн шийдвэрийг гаргалаа.
Тэдгээрээс онцолбол: Коронавируст халдварыг эрт илрүүлэх, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай, чанартай болгох үүднээс “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”-ийг байгуулсан нь үр дүнгээ өгч байна. Өдөрт халдварын тоо 600 гаруйд хүрч бүртгэгдэж байсан бол одоо өдрөөс өдөрт буурч байна.
Ерөнхий боловсролын 25 сургуулиас Мөст, Үенч, Дарви сумын сургуулиуд халдварын нөхцөл байдлын улмаас бүрэн цахимаар бусад сургуулийн 1-6 дугаар ангиуд цахимаар, 7-12 дугаар ангиуд танхимаар хичээллэж байна.

 
09 дүгээр сарын 01-ээс хойш авсан судалгаагаар багш, сурагчдын ирц нэмэгдэж байгаа ч үүнийг дагаад халдвар авах хүүхдийн тоо өсөх үзүүлэлттэй байгаа учраас 1-6 дугаар ангийн хичээлийг цахимаар зохион байгуулах хугацааг 09 дүгээр сарын 20 хүртэл сунгаж СӨБ-ын байгууллагын үйл ажиллагааг 09 дүгээр сарын 20 хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа.
Мөн сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж ажиллахыг анхааруулав. Үүнээс гадна найр хурим, сэвлэг үргээх ёслол, дайллага цайллага зэрэг үйл ажиллагааг энэ он дуустал хориглох, амны хаалтаа авч үйлчлүүлдэг бүх үйлчилгээ үүнд баар, ресторан, кофе шоп, цайны газар зэрэг хоолны үйлчилгээг танхимаар үйлчлэхийг хориглосон хэм хэмжээ тогтоосон захирамж гаргаж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахаар шийдвэрлэлээ.
Бусад аймгуудтай харьцуулахад Ховд аймаг хамгийн олон ор дэлгэсэн. БОЭТ-д нийтдээ 540 ор дэлгэсэн. Орны ашиглалт өндөр хувьтай байгаа. Харин биеийн байдал нь хүнд, хүндэвтэр оноштой ялангуяа “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”-өөс тээвэрлэж буй өвчтөнүүдийг эн тэргүүнд хүлээн авч эмчлэх асуудалд онцгой анхаарч ажиллах үүрэг, чиглэлийг аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Дүгэржав БОЭТ-ийн захирал П.Гэрэлсүрэнд өглөө.
Халдварын нөхцөл байдалтай холбогдуулан эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, халдваргүйжүүлэлтийн бодис, хамгаалах хувцас хэрэглэлийн шаардлагатай нөөцийг тогтмол бүрдүүлэх, коронавирусний халдвар /КОВИД-19/-ын цар тахлын халдвар авсан иргэдийг тусгаарлан эмчлэх эмнэлгийн ор, тусгаарлан эмчлэх байр, эмч, эмнэлгийн ажилтнуудын бэлэн байдлыг хангаж ажиллахаар боллоо.



Малын гоц халдварт Шүлхий өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсов. Өвчний эрсдэл, тархалтыг хумих, голомтын болон сэжигтэй бүсийн малыг эрүүлжүүлэх вакцинжуулалтад хамруулах ажлыг шуурхай зохион байгуулах болон холбогдох бусад арга хэмжээ авч ажиллах үүрэг чиглэлийг өглөө. Шүлхий өвчин гарсан эрсдэл бүхий 6 сумын 2076 өрхийн 971134 толгой малыг вакцинд хамруулахаас өнөөдрийн байдлаар 413202 буюу 42,5 хувьтай байна.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)