Монгол Улсын аварга малчин Б. Батцэнгэлийнх энэ хавар 600 гаруй төл мал хүлээн авна

17 дугаар жарны Буян үйлдэгч хэмээх Бар жилийн босгон дээр Ховд аймгаас Улсын хошой аварга малчин өрх 1, Улсын аварга малчин өрх 5, Улсын аварга тариаланч 3, алтан төлийн эзэн 5 тодорсон сайхан мэдээ бий. Аварга малчин, тариаланчийн шагнал гардуулахаар  ажлын хоёр хэсэг томилогдон ажилласны нэг нь УИХ-ын гишүүн, хуул зүйн байнгийн хорооны дарга С. Бямбацогт болон аймгийн ИТХ-ын дарга Г. Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймгийн Чандмань, Мөст, Мөнххайрхан, Ховд сумдад энэ сарын 02-03-ний өдрүүдэд ажилалаа. Ховд аймгийн Чандмань сум нь Улсын аварга малчдынхаа тоогоор аймагтаа тэргүүлдэг сумдын нэг. Тус сумаас энэ жил улсын аварга малчин өрхийн болзол хангасан малчин Б. Батцэнгэлийн хот айлаас анхны томилолтоо эхлүүлж шагналыг нь гардууллаа.

Хар ус нуурын хөвөөнд Жаргалант хайрхан уулынхаа бэлийг түшиглэн нутагладаг Салын ам хэмээх газар өнтэй сайхан хаваржиж байгаа Малчин Батцэнгэл нь 1990 онд өөрийн хүсэлтээр хөдөө гарч ээж, ах нарын хамт мал маллаж эхэлснээс хойш 18 жилийнхээ хөдөлмөр зүтгэлийг мал аж ахуйн салбарт тасралтгүй зориулжээ. Б. Батцэнгэл нь 2003 онд өрх тусгаарлан эцэг эхийн өмч болгон өгсөн 263 толгой малыг үр төлөөр нь өсгөж улмаар 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 1450 тоо толгой мал тоолуулсан байна. Улсын аварга малчин Б.Батцэнгэл нь мал маллах өөрийн гэсэн арга туршлагатайн дээр бэлчээрийг хуваарьтай ашиглан ус хужрыг тохируулан малдаа дээд зэргийн тарга хүч авахуулж 1.5-3.0 тн хужир шүү, хадлан 8-15 тн, гар тэжээл 1-2 тн бэлтгэн нөөцөлж өвөлжөө хаваржаагаа үлгэр жишээ тохижуулан дулаан байр саравчтай хашаа барин ашиглаж, мал эмнэлгийн үйлчилгээнд мал сүргээ тогтмол бүрэн хамруулж эрүүлжүүлснээр өвөл, хаврыг гарз хохиролгүй давж байна.

МУ-ын аварга малчин Б.Батцэнгэл нь сүүлийн жилүүдэд малынхаа таваарлаг чанар, үүлдэр угсааг сайжруулах, нэгжийн ашиг шимийг нэмэгдүүлэх хэт олон мал биш, өндөр ашиг шимтэй шилмэл сүрэгтэй болоход онцгойлон анхаарч Дарви сумаас Сутай омгийн хуц, Увс аймгийн Өлгий сумаас ухна худалдан авч үржилд сайжруулан ашиглаж байгаа нь зохих үр дүнгээ өгч малын ноос ноолуурын гарц нэмэгдэж дунджаар нэг ямаанаас 450-550 гр ноолуур, хониноос 1280-1500гр ноос авч байгаа нь орон нутгийн дундаж үзүүлэлтээс дээгүүр байна. Мөн тэрээр мал аж ахуйгаас олсон орлогоороо сум, баг, орон нутгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж өөрийн хөрөнгөөр Талын худаг, Ил булгийн мал угаалгын банныг сэргээн засварлаж баг орон нутагтай хүлээлгэн өгсөн байна.
Түүнчлэн хөдөөд ажлын байр нэмэгдүүлэх ядуурлыг бууруулахад анхаарч нутгийн залуу малчид болох Ч.Чихэрбаатар, Ч.Энх-Амгалан, Д,Бямбадорж нарыг туслах малчнаар ажиллуулан сард 400,0-550,0 төгрөгийн цалинг тогтмол өгөхөөс гадна үржлийн хонь 30, ямаа 20 нийт 50 бог өгч малжуулахад нь тусалсан байна. Энэ жил Монгол Улсын  аварга малчин Б. Батцэнгэлийнх 600 гаруй төл мал хүлээн авна.

Ийнхүү буянт мал сүргээ 5 төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөн үржүүлэн, малын үүлдэр угсааг сайжруулан малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч бэлчээрийг зүй зохистой хуваарилан , хөдөөд ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд сум багтайгаар хамтран үлгэр жишээ ажиллаж ирсэн Чандмань сумын сүлжээ багийн малчин Б. Батцэнгэлийн гэр бүл тус сумаас төрөн гарсан Монгол Улсын 22 дахь аварга малчин өрхөөр нэрлэгдэж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)