“Ирээдүйг өнөөдөр” сэдэвт хүүхэд, насанд хүрэгчдийн уулзалт хэлэлцүүлэг болов


  Дэлхийн зөн Монгол Ховд орон нутгийн хөтөлбөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр АХНЗ-өөс санаачлан аймгийн ЗДТГ, ИТХ-тай хамтран “Ирээдүйг өнөөдөр” сэдэвт хүүхэд насанд хүрэгчдийн уулзалт хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ-ын хуралдааны их танхимд зохион байгууллаа.


 Хүүхэд залуучууд өөрт хамааралтай асуудлаар насанд хүрэгчидтэй харилцан ярилцах замаар хамтран ажиллах, мэдээлэл олж авах, асуудлыг хамтран шийдвэрлэх, харилцаа холбоо тогтоох зорилгоор зохион байгуулагдсан тус уулзалт хэлэлцүүлэгт хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн төлөөлөл болсон зочин оролцогчид, Жаргалант сумын ЕБ-ын 8-н сургуулийн захирлууд болон сурагчдын төлөөлөл, Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүд зэрэг 300 орчим хүүхэд танхимаар, сумдын ЕБС-ийн захирал сурагчдын төлөөлөл болсон 200 орчим хүүхэд онлайнаар оролцож шийдвэр гаргагчдын төвшинд дуу хоолойгоо хүргэхийг зорьсон юм.





Ховд аймгийн хэмжээнд 0-18 насны 36,736 хүүхэд байгаагаас 30 хувь нь Жаргалант суманд амьдарч байна. 2019-2021 онд хүүхдийн эрх зөрчигдсөн шинжтэй 341 гомдол мэдээлэл мэргэжлийн байгууллагуудад бүртгэгдсэнээс 534 хүүхдэд хариу үйлчилгээ үзүүлсэн бөгөөд 2021 оны байдлаар гомдол мэдээлэл 43 хувиар өссөн гэж үзжээ.
Түүнчлэн хүүхдийн тусламжийн 108 утсанд хүлээн авсан дуудлага мэдээлэл сүүлийн 3 жилд 41 хувиар өссөн нь хүүхдийн эрх хамгааллыг илүү сайжруулах, хүүхдийг хүчирхийлэл, аливаа эрсдэлээс хамгаалахад мэргэжлийн байгууллагууд, эцэг эх асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэн хамтран ажиллах шаардлага байгааг харуулж байна.



“Ирээдүйг өнөөдөр” сэдэвт хүүхэд насанд хүрэгчдийн уулзалт хэлэлцүүлгийн үеэр төрийн байгууллагын дарга, удирдах албан тушаал эрхэлдэг 25 хүнд зочин оролцогчоор оролцон хүүхдүүдийн дуу хоолойг сонсож мэдээлэл зөвлөгөө авах, санал солилцох хамтран ажиллах талаар урилга хүргүүлснээс харамсалтайн тус уулзалт хэлэлцүүлэгт 10 хүрэхгүй зочин төлөөлөгч оролцсон нь хүүхэд хамгааллын багийн гишүүдийн оролцоо сул байгааг харуулж байлаа.



Хүүхдүүд өөрсдөдөө тулгамдаж буй асуудлуудтай холбогдуулан оролцогчдоос асуулт асууж, маш олон санал хэлсэн байна. Тухайлбал:
-Хүүхдийн сурах орчны хүрэлцээ
-Багш ажилчдын харилцаа, хандлагыг сайжруулах
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчинг сайжруулах
-Чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин дутмаг
-Биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийг анхаарах
-Хүүхэд хөгжүүлэх дугуйлангуудын төлбөр өндөр үнэтэй
-Дадлагын багш нарын мэдлэг чадварыг сайжруулах
-Хүүхэд хүүхдээ дээрэлхдэг асуудал их байдаг
-Ялгаварлан гадуурхалт их
-Насанд хүрээгүй хүүхдэд архи, тамхи зардаг асуудал
-Гэрэлтүүлэггүй харанхуй гудамжны асуудал
-Бага ангийн сурагчдын ачааллыг багасгах
-Давтлага өгөх анги танхимын хүрэлцээ муу
-Сургуулийн цайны газрын хоол үнэтэй байдаг зэрэг олон сэдвүүдээр сурагчид асуулт асууж, санал хэлсэн байна. 





Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)