Мянгад сумын ард иргэдийн төлөөлөл болсон 400 гаруй хүний гарын үсэгтэй шаардах бичиг хүргүүллээ

  Ховд аймгийн төвөөс 60 км, Мянгад сумаас баруун тийш 20 км-ийн зайд байрладаг Газрын ховор элементийн орд бүхий газарт Халзан бүрэгтэйд хайгуул, ашиглалтын лиценз эзэмшдэг Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп компани үйл ажиллагаа явуулж байна. Газрын ховор элементийн орд газар гэдэг утгаар эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх болзошгүй эрсдэл, нөлөөллийг эсэргүүцэж нутгийн иргэд тайван жагсаал зохион байгууллаа.





Халзан бүрэгтэй ууланд 1989-1990 оны хооронд анхан шатны хээрийн судалгааны ажил хийгдэж нөөцийг нь тогтоон, эрсдэлийн талаар мэдээлэл хүргэж байсан учир нутгийн иргэд ийнхүү хүчтэй эсэргүүцлээ илэрхийлээд байгаа юм. Харин компанийн зүгээс өгсөн мэдээллээр 2012 онд хайгуулын ажил хийж 11000 тууш метр өрөмдөж 39 цооног гаргасан байдаг бол 2022 онд 58 цооног нэмж өрөмдөх төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна гэлээ.





Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп компани Халзан бүрэгтэй уулын Газрын ховор элементийн MV-006911 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл, Мянгад сумын Ар хүрэн уулын газрын ховор элементийн MV-012335 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл, Ар хүрэн уул, Халзан бүрэгтэйн MV-020783, MV-020784 барилгын материалын 2 талбайд тус тус хайгуул, ашиглалтын лиценз эзэмшдэг байна.
2015 онд эрдэс баялаг мэргэжлийн зөвлөлөөр Халзан бүрэгтэйн орд газрын нөөц нь батлагдаж, нийт хүдрийн хэмжээ В зэргээрээ 185 сая тонны нөөцтэй гэж эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэгдсэн байна. Гэвч өмнөх судалгаа, хайгуулын ажлыг дахин бататгах үүднээс тухайн компанийн зүгээс Канадын мэргэжилтнүүдтэй хамтран нарийвчилсан судалгаа хийж нөөцөө бататгах зорилгоор өрөмдлөгийн ажлуудыг хийж байгааг компанийн зүгээс онцоллоо.





Мянгад сумын Гахайт багийн нутагт байрлах Халзан бүрэгтэй ууланд явуулж буй уул уурхайн үйл ажиллагаа нь хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлж, үүний улмаас нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөхөд хүрээд байгаа тухай нутгийн иргэд ярьж байна.



Халзан бүрэгтэй ууланд уул уурхайн үйл ажиллагаа явуулсантай холбоотойгоор хүрээлэн байгаа орчин, хүн мал, амьтны эрүүл мэндэд сөрөг хүчин зүйлс үүсэж ойр орчимд нутагладаг ард иргэдийн тухайд урагт аюултайгаар нөлөөлсөн байх үндэслэл бүхий тохиолдлууд илэрсэн, мал амьтан өвчлөх, дотор эрхтнүүдэд нь хордлогын шинж илрэх зүйлүүд байсаар байгаа тухай ард иргэдийн мэдээллийн мөрөөр судлан шинжлэх үйл ажиллагааг өргөн хүрээтэй зохион байгуулж, нөхцөл байдлыг тогтоон шаардлагатай тохиолдолд хохирлыг арилгах арга хэмжээ авах ажлыг зохион байгуулахыг нутгийн иргэд шаардаж байна.





Мянгад сумын бүх ард иргэд болон сумын ИТХ-аас хэлэлцэн тогтоосны дагуу Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп компанийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлийг олон талын оролцоотой, хараат бус ажлын хэсгээс хянан шалгаж тодорхой дүгнэлт гаргах хүртэл Халзан бүрэгтэйд явуулж буй хайгуул, өрөмдлөгийн ажлаа зогсоохыг шаардсан шаардлагыг Мянгад сумын ард иргэд Халзан бүрэгтэйд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп компанид болон хайгуул өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж буй Ти Ар эм эксплорэйшн компаниудад 400 гаруй хүний гарын үсгээр баталгаажсан шаардлагыг хүргүүллээ.

Бэлтгэсэн: Админ-Эссэ



 




Сэтгэгдэл ( 0)