Ховд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг улсын комисс хүлээн авчээ


  Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хамтарсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд Ховд аймгийн Жаргалант суманд баригдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг хүлээн авах улсын комиссыг Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн "Комисс байгуулах тухай" A/102 дугаар захирамжаар байгуулж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ажилласан байна.




  Комиссын бүрэлдэхүүнд захиалагч талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, хөрөнгө оруулагч талаас Азийн хөгжлийн банкны төслийн нэгж, зураг төсөл зохиогч “ЭМ ЭС ЭЛ” ХХК-ны төлөөлөл , гүйцэтгэгч талаас А.Чинзориг захиралтай “Элбэггүн" ХХК-ны төлөөлөл, ашиглагч талаас Ховд аймгийн ХХҮГ болон ЗДТГ, ГХБХБГ, техникийн болон мэргэжлийн хангагч байгууллагууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага зэрэг барилга хүлээж авах комиссын бүрэлдэхүүн барилгын гүйцэтгэлтэй танилцаж хугацаатай үүрэг даалгаврын биелэлтээр улсын комисс хүлээн авахаар шийдвэрлэсэн байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хөгжлийг орон нутагт дэмжих чиглэлээр хийгдэж буй хамгийн том хөрөнгө оруулалт болох энэхүү олон улсын стандарт түгээмэл загварын жишиг бүтээн байгуулалт нь Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.5.8.9-д тусгагдсан бөгөөд 6 аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын ажлууд 2021 оны 6 дугаар сард эхэлсэн юм.







Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдэд нийгмийн сэргээн засах чиглэлээр эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, сэтгэл зүйн зэрэг олон талт хөгжлийн үйлчилгээ үзүүлэх, сургалтад хамруулах, гэр бүл, асран хамгаалагчдад нь зориулсан сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах, протез ортопед, туслах хэрэгслийн тохируулга, засвар зэрэг үйлчилчилгээг орон нутгийн иргэдэд хүргэх юм.
Эх сурвалж: Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны цахим хуудас




Сэтгэгдэл ( 0)