Тогтвортой ноос ноолуурын эвсэл, Ховд аймгийн ХХААГ хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ.

  Ховд аймгийн Засаг даргын ивээл дор “Хөдөөгийн сэргэлт-Залуу малчдын чуулга уулзалт”, “Хөдөөгийн сэргэлт-Малчдын нэгдсэн зөвлөгөөн” энэ сарын 12, 13-ны өдрүүдэд амжилтай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд 17 сумын 200 гаруй залуу малчид оролцож тулгамдаж буй асуудлынхаа талаар чуулсан.
Дээрх арга хэмжээнд ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд урилгаар оролцож Ховд аймгийн 8,532 малчин өрхийн 13,819 малчинд хэрхэн хүрч ажиллах, цаашдын хамтын ажиллагаа боломжийн талаар мэдээлэл хүргэснээс гадна төрийн байгууллагаар дамжуулан малчидтай тогтвортойгоор хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.
 Энэхүү санамж бичгийг Тогтвортой ноос ноолуурын олон улсын эвсэл, Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, зорилтот малчны байгууллага болон залуу малчдад байгальд ээлтэй арга барилаар мал аж ахуйгаа хариуцлагатай, тогтвортой эрхлэх арга ухаан, мэдлэг, ур чадвар, дадал олгоход чиглэсэн үйл ажиллагааг хамтран явуулж, мал аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх тогтолцоог сайжруулах замаар Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 3.5 дахь багц асуудлын хүрээнд малчдын байгууллага, хоршооны чадавхыг дээшлүүлэн малчин өрхийн амьдралын чанар, орлогыг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах зорилготой юм.
Талууд:
- Малчдын байгууллага, хоршооны хөгжил ба түншлэл
- Боловсруулах үйлдвэрийн чанарын үзүүлэлтийг хангасан ноолуур бэлтгэх
- Мөшгөлт ба баталгаажилтын тогтолцоо
- Мал аж ахуйгаа хөтлөх
- Бэлчээр ба байгалийн нөөц зохистой ашиглах гэсэн үндсэн 5 чиглэлийн хүрээнд 15 ажлыг хамтран хэрэгжүүлэх юм. 
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)