ХОВД АЙМГИЙН ТҮҮХЭН ХҮМҮҮС

ХАМГИЙН АЛДАРТАЙ ХААН
 ОЙРАД МОНГОЛЫН ИХ ХААН ГАЛДАНБОШИГТ

Дөрвөн ойрадын нэгэн аймаг болох Цоросын хаант улсын эзэн захирагч Эрдэнэбаатар хунтайжийн хүү Галдан 17-р жарны Хөх модон бичин жил буюу 1644 онд Хар Эрчис мөрний хөвөөнд эхээс мэндэлжээ. Түүнийг эхийн тунамлаас мултрах ахуй үест Алтайн уулсын цалин цагаан оройгоор хурын солонго татан, шимийн хур бууж, лус савдаг баярлан тэнгэр газар зохирсон байдалтай байсан гэж түүхийн сурвалжуудад тэмдэглэсэн байна. Түвд болоод Дорно дахины мэргэдийн ажиглаж тогтоосон ухаанд хүн амьтны тусыг туйлаар бүтээх учиртай хутагт хувилгаад төрж мэндлэхүй дор тэнгэр газарт солонго татах, хур буух зэргээр илэрхий гайхамшиг болдог гэсэн байдаг.
Эрэлхэг Эрдэнэбаатар хунтайжын  олон хүүхэд дотор Юм Агас хатнаас төрсөн Галдан сэргэлэн цовоогоороо бусдаасаа ялгарч байжээ. Галдан хүүгийн өмнө хоёр зам зурайж байлаа. Нэг нь Бурхан багшийн номд суралцан Намхайжамц ариун хутагтын замаар замнах. Нөгөө нь цэргийн хэрэг эрхлэн эцэг шигээ гэр улсыг толгойлж явах зам байжээ. Галдан Түвдэд 20 орчим жил шавилан сууж, шарын шашны хутагт болсон бөгөөд Мэргэн гэгээн далай лам түүнд хожмоо тэнгэрийн зарлиг гэсэн утгатай “Бошигт” гэдэг цол хайрласан ажээ.
Бурханы шашны хутагт, цэргийн гарамгай жанжин, том улс төрчийн хувьд Галдан Бошигт хаан газар шинжих шашны ёсны мэдлэгтэйгээс гадна, цэрэг стратегийн газар зүйн мэдлэг, гадаад улс төрийн орон зайн талаархи геополитекийн өндөр мэдлэгтэй байсан нь гарцаагүй.Ойрад монголын түүхэнд анх удаа Зүүн  гарын хаант хүчирхэг нэгдсэн улсыг байгуулж, Манж Чин улс, Оросын хаант улстай мөр зэрэгцүүлж байв. Олон талын авъяастай энэ сүрлэг их хүн хувь заяаны ээдрээт зам туулж, хагас зууны түүхийг өөрийн амьдралаараа бичсэн байна. Тэр утгаараа Монголын угсаатны түүхэнд төдийгүй 17-р зууны Төв болон нийт Азийн улс түмний харилцааны түүхэнд гүн ул мөр үлдээсэн алдартай хаан билээ.

Ховд аймгийн Хамгийн Хамгийн номоос
 




Сэтгэгдэл ( 0)