“Чансаатай унага-2019” адуучин тэмцээн боллоо

                                “Чансаатай унага-2019” 
Идэр есийн хүйтэн жавар хацар нүүргүй хайравч, эх орон түүх соёлын үнэ цэнэ мөнхөд орших Монгол хүний сэтгэлийн угт халуунаар төөнөн омогших адуу, адуучин гэх эр зориг эрэмгий хурдны билэгдэл болсон сайхан арга хэмжээг Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан баг дөрөв дэхь удаагаа амжилттай зохион байгууллаа. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд тус сумын удирдлагууд,  төрийн байгууллагуудын дарга эрхлэгчид, сум багийн засаг дарга нар, Ховд аймгийн Мянгад сумын Чонон саарал уяачдын холбооны тэргүүлэгчид,  Мянгад сум болон зэргэлдээх аймаг сумдын адуучид, малчид ард иргэд өргөн дэлгэр оролцсон юм.

Ховд аймгийн Мянгад сум нь зүүн бүсийн сумдын тоонд ордог бөгөөд хил залгаа орших Увс, Завхан аймгийн зарим сумдын адуучид  ч мөн энэ тэмцээнийг тэсэн ядан хүлээдэг гэдгийг онцолж байсан юм. Мянгад сумын тухайд 5 багтай, багийн залуучуудын санаачлагаар жил бүр зохион байгуулагддаг адуучин тэмцээний чанар чансаа, зохион байгуулалт, оролцогчдын тоо, ур чадвар жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь оролцогчид хийгээд зохион байгуулагчдын үйл ажиллагаанаас анзаарагдаж байлаа. Өмнөх жилүүдэд Чацаргант баг Хөхийн унага, Гайхтайт баг- Гахайтын унага нэрэн дор энэхүү тэмцээнийг зохион байгуулж байсан бол 2019 он гарч эхний сар эхэлмэгц Мянгад сумын Цагаан булан багийн залуус “Чансаатай унага-4” нэрийн дор адуучин тэмцээнээ зохион байгуулж байна. Тэмцээн Ташуур шүүрэх, явган бугуйлдах, Морьтой бугуйлдах, Эмнэг сургах гэсэн 4 төрлөөр явагддаг байна.
Мянгад сумын малчид мал сүргээ таван төрөл дээр нь тэгш сайхан өсгөж байна. Мянгад  сум эртнээс нааш адуун сүргээ ихэд дээдлэн шүтэж ирсэнтэй холбоотойгоор адуун сүргийнхээ тоо толгойгоор энэ онд аймагтаа тэргүүлээд байна. Тус сумын адуун сүрэг 12 мянган тоо толгойд хүрсэн бол Цагаанбулан баг бусад багуудаасаа хамгийн олон адуун сүрэг тоолуулсан буюу 5856 адуутайгаар тэргүүн байранд оржээ.  Мянгад сум нь баруун бүсдээ хурдан удмын адуугаараа алдартай. Алдарт Чонон саарал, Цэргийн хорооны шовгор Цэнхэр, Дамдиндоржийн Халтар, Энх-Амгалангийн Хүрэн, Мэндсайханы Хээр, Буянтогтохын Хээр, Оросоогийн хар, Цогтоогийн Хээр, Жамяънсүрэнгийн Саарал зэрэг алдарт 9 хурдан хүлгээрээ алдартай. Хүлэг морьдын хурд эзэн уяач, эрэмгий унаачаасаа шууд шалтгаалдаг. Тэр ч утгаараа алдар нэр нь улс бүсдээ данслагдсан шандаст хурдан хүлэг морьд, шавилхан унаач хүүхэд, арга билэгийг хослуулсан уяач гээд хамтын хөдөлмөр, хамтын ажиллагааны үр дүнд Мянгад угшил, үүлдэр омог Монголд албан ёсоор данслагдсан сайхан мэдээ байна. МУЗГ-ын гишүүн ХАА-н сайдын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны тушаалаар Хурдан омгоор Мянгад адууг нэрлэн бүртгэсэн нь Мянгадчууд төдийгүй Ховдоор овоглосон, моринд хайртай монгол хүн бүрийн омогшил төрүүлсэн  баярт мэдээ болж чадлаа.

 “Чансаатай унага-4” нэртэйгээр зохион байгулагдсан адуучин тэмцээнд 3 аймгийн 10 гаруй сумдын 40 гаруй адуучин залуус эр зориг, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэдний эхний тэмцээн нүдний хараа,  уран жолоодлого, авхаалж самбаа ур чадвараараа өрсөлдөх ташуур шүүрэх тэмцээнээр эхэлсэн юм.


Идэр есийн хүйтэнд тэсвэр тэвчээр гарган наадамлаж байгаа малчид, ард иргэд, адуучдын халуун дулаан уур амьсгал дор өвлийн тэсгэм жавар ч тэсэлгүй уярах мэт...
Хүйтнийг ажрахгүйгээр, уур савсуулан хурдлах Монгол морьд, салхи жаврыг үл тоон урагшлах Монгол эрсийн цусанд түүх уламжлал, соёлын үнэт зүйлс цугтаа лугшиж, дэлийд хаана ч хэн ч дахин үл зүрхлэн хийх гайхалтай үзүүлбэрийг энэ л үеэр азтай нэгэн  олж харах алтан боломж байсан гэдгийг хэлэх нь зүйтэй биз.

Байгалийн хүнд бэрх шалгарлалыг даах чадвараараа Мянгад омгийн адуу тэргүүнд нэрлэгддэг. Хурд хүч, уналага эдэлгээ, үүлдэр омог, угшил гээд эрс тэс уур амьсгалтай Монгол орны хад асага, элс шорооны ширхэг бүрийг Мянгад адуу л мэдэрч зохицон оршсоор ирсэн нь өнөөдөр Мянгад омог хэмээх нэршлийг түүхийн хуудсанд шинээр тэрлэн үлдээхэд нөлөөлсөн биз.  Адуу адуучин хоёрын төгс зохицол хээр талын аниргүйг эвдэж талын жаврыг үргээсэн энэхүү үйл ажиллагаа явган бугуйлдах, морьтой бугуйлдах тэмцээнээр үргэлжиллээ.


Морин дэлэн дээрээс ертөнцийг харах ховорхон боломж гагцхүү адуучин хүнд заяагдсан гэмээр... 

Адуун сүргийнхээ сор болсон шандаст хурдан хүлгүүдээсээ сорлон барьж, сургаж номхоруулна гэдэг  хүн бүрийн хийж чадах ажил биш.  Хээрийн салхинаас өөрийг нуруундаа хүргээгүй,  хангал догшин хүлэг морьдын нуруунд зориглон мордож, эзэн чинь би байна. Одоо чиний надад зүтгэх цаг болсон гэдгийг мэдрүүлэх ташуур хийгээд, хүлэг морьныхоо нуруунд тогтон үлдэх авхаалж адуучинд заяагдсаныг гагцхүү гэрчлэх эмгэг сургах тэмцээн тийнхүү эхэллээ.


Чансаатай унага 4 тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, газар газрын шандаст хурдан хүлэг морьд, газар газрын эрэмгий адуучдын чансаа, ур чадварыг сорьсон адуучин тэмцээн бүхэл өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа.  Уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн энэхүү тэмцээний үеэр тэмцээнийг санаачлагч залуус, ивээн тэтгэн, дэмжин оролцогчдын зүгээс үндэсний бөхийн барилдаан жороо морьдын уралдаан, хатираа морьдын уралдааныг зохион байгуулж шилдэг оролцогчидоо шагнаж урамшуулсан юм.
Нүүдэлчин Монголын соёлын үнэт өв,  аж уламжлалын салшгүй хэсэг болсон мал малчин, адуу, адуучдын сорилго их наадам болсон Адуучин тэмцээнийг ийнхүү тус баг дөрөв дэхь удаагаа амжилттай зохион байгууллаа.  Гурван аймгийн 10 гаруй сумдын 40 гаруй адуучдыг нэгтгэн зохион байгуулагдсан “Чансаатай унага-4 тэмцээн” шилдгүүдээ алдаршуулан тодруулахын зэрэгцээгээр ирээдүйн адуучдад үлгэр дууриалал болсон чансаа өндөртэй уралдаан тэмцээн болж чадлаа.  Аймагтаа адуун сүргийнхээ тоо толгойгоор тэргүүнд нэрлэгдэж, Мянгад омгийн хурдан хүлгээ түүхийн хуудаснаа мөнхжүүлж чадсан Мянгадчуудын хувьд  өнгөрсөн жил амжилт бүтээл арвин байсаныг онцлож байсан. Харин 2019 онд хийж бүтээх урам зоригоор хөглөгдсөн Мянгадчууд 2019 ондоо “ Мянгад адууны баяр”-аа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, түүх соёл, өв уламжлалаа түмэн олонд түгээн суртачилах их ажлыг эхлүүлэх ирмүүн их хүслээр шинэ онотойгоо учиран золгоод байна. Монгол хүн, монгол морьдын босоо цагаан хийморь үргэлж ивээг.






Сэтгэгдэл ( 0)