"ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ -ОРОЛЦОО" СЭДЭВТ ТЕЛЕ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

  Ховд аймгийн засаг даргын баталсан удирдамж төлөвлөгөөний дагуу ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн эрх оролцоо сэдэвт хэлэлцүүлгийг 2019.03.08-ны өдөр зохион байгууллаа. Аймгийн ЗДТГ, ХОВД ТЕЛЕВИЗ, NEWKHOVD.MN сайт хамтран зохион байгуулсан дээрх хэлэлцүүлгийн зорилго нь эмэгтэйчүүдийн зөрчигдөж буй эрх, түүнийг хамгаалахад төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулж эмэгтэйчүүдийн оролцоог хангахад нийгэм олон нийтэд чиглэгдсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулж хэвшүүлэх явдлыг хөндөх байлаа.Эмэйгтэйчүүдийн эрх оролцоо сэдэвт теле хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ЗДТГ, ГБХЗХГ, ХХҮГ, Аймгийн шүүх, ЦГ, ШШГГ, ХЭҮ-ний комисс, Эмэгтэйчүүдийн холбоо, ҮЭ-ийн холбоо, ХБХЭЭХ, Жаргалант сум гэх мэт 12 байгууллагыг төлөөлсөн эмэгтэйчүүд оролцож дуу хоолойгоо нийгэм олон нийтэд хүргэлээ.

Хэлэлцүүлгээр хөндөгдсөн эмэгтэйчүүдийн эрхийн асуудлын талаар оролцогчид ярихдаа:
Гэр бүлийн орчинд эмэгтэйчүүдийн эрх илүү ихээр зөрчигдөж байгааг онцолсон байна. Үүний шалтгаан нь ажилгүйдэл, архидалт, гэр бүл төлөвлөлт, зэрэг голлох шалтгаануудыг хэлж байлаа. Тухайлбал: Ховд аймаг дахь Цагдаагийн газарт 2019 оны 2-р сард иргэн хуулийн этгээдээс гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй 11 гомдол мэдээлэл ирсэн байна. Энэ гомдол мэдээллийн 10-д нь зөрчлийн хэрэг нээсэн бол 1 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бол Шүүхээр 2017 онд нийтдээ гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 91 хэрэг шийдвэрлэгджээ. Харин 2018 он гарснаар энэ төрлийн 16 хэрэг шийдвэрлэгдсэн байгаа юм. Энэ төрлийн хэрэг жилээс жилд өсөх хандлагатай байгаа талаар албаны эх сурвалж мэдэгдлээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг зөвхөн баяр болгож тэмдэглэдэг биш бодлогын түвшинд энэ өдрийг тэмдэглэх учиртай юм. Энэ өдрийг тэмдэглэхдээ эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахтай тэмцэх, эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлд олон нийтийн анхаарлыг хандуулах, мөн цаашид юун дээр анхааран ажиллах ёстой вэ? гэх асуудлаар хэлэлцүүлэг өрнөлөө.

 
ХАРИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НИЙГЭМ ДАХЬ ОРОЛЦООНЫ ТАЛААР : Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлье гэх юм бол эхний ээлжинд мэдээллийг хүргэх асуудал чухал юм. Ялангуяа нийгмийн эмзэг бүлэг, амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлогтой, эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс мэдээлэл авч тэр бүр чаддаггүй. Мэдээллийг сум багийн нийгмийн ажилтнууд маш сайн хүргэх хэрэгтэй байна. Эмэгтэйчүүдийн холбоод нь энэ тал дээр анхаарах шаардлагатай байна.Мөн оролцооны асуудал бол тухайн хүнээс шууд шалтгаалж байгаа асуудал юм. Ямар нэг арга хэмжээг зохион байгуулахад хоол цайтай гэвэл хүн бүр ирдэг харин оюуны мэдлэг мэдээлэл олгоё гэсэн зүйл дээр ирдэггүй гэх нийтлэг зүйл ажиглагддаг. Тиймээс энэ буруу бэлэнчлэх, ашиг сонирхолдоо хөтлөгдсөн сул дорхой хэвшмэл ойлголт хандлагыг өөрчлөх хэрэгтэй гэж хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Хоёр цаг гаран үргэлжилсэн хэлэлцүүлгийн төгсгөлд эмэгтэйчүүд тодорхой уриалга зөвлөмжийг гаргажээ. Тухайлбал: Төр хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулж, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудал, эрх оролцооны талаарх үзэл бодол, дуу хоолойг нь нийгэм олон нийтэд хүргэх явдал чухал гэж үзжээ. Мөн төр, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл хамтран эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлсэн, эрхийг хамгаалах чиглэлээр телевизийн цуврал контент бэлтгэн мэдлэг мэдээлэл олгох асуудлыг чухал гэж үзсэн байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)