ДӨРВӨН ЖИЛД НЭГ УДАА ЯВАГДДАГ ЦАГ АШИГЛАЛТЫН СУДАЛГАА ЭНЭ ОНД ХОВД АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

  Үндэсний статистикийн хорооноос дөрвөн жилд нэг удаа цаг ашиглалтын судалгааг хийдэг. Ховд аймагт энэ судалгаа 2004, 2008 онуудад тус тус явагдаж байсан бөгөөд энэ хугацаанд нийт 8 сумын 2000 гаруй айл өрхүүд хамрагджээ.Цаг ашиглалтын судалгааг хэрхэн яаж үр дүнтэйгээр явуулж, үнэн зөв мэдээллийг авах эсэх нь хамгийн чухал байдаг.
Дээрх судалгаа энэ жил Ховд аймагт явагдах юм. Үүнтэй холбогдуулан Үндсэний статистикийн хорооноос аймгийн статистикийн хэлтсийн ажилчин албан хаагчдад дээрх судалгааг явуулах аргачлалын талаар заавар зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгуулж байна.
Энэ судалгааг явуулснаар ажил хөдөлмөрийн үнэлэмжийг тодорхойлох, тухайн иргэн ямар ажил үйлчилгээнд хэдий хэмжээний цаг зарцуулдаг болох, ажилгүйдэл, ядуурлын түвшинг тогтоох зэрэг ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцоллоо.

Цаг ашиглалтын судалгаа нь эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн нийгэм, эдийн засаг, өрх гэрт оруулж байгаа хувь нэмрийг тодорхойлохоос гадна тухйан өрхөд үйлдвэрлэгдсэн нэмэгдэл өртгийг үндэсний тооцооны системд оруулахад ашиглагддаг мэдээллийн чухал эх үүсвэрүүдийн нэг юм.
Манай улсын хувьд цаг ашиглалтын туршилтын судалгааг анх 2000 онд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн санхүү техникийн тусламжтайгаар 1086 өрхийг хамруулан олон улсын жишиг аргачлалын дагуу явуулсан байдаг.
Энэ судалгаагаар хөлстэй болон хөлсгүй хөдөлмөр эрхлэлт, албан бус секторын ажил эрхлэлт, хүн амын өдөр тутмын үйл ажиллагаа тэдгээрт зарцуулж буй дундаж хугацааг тодорхойлон гаргаснаараа ач холбогдолтой судалгаа болсон байна. Энэхүү туршилтын судалгаа жил ирэх тусам улам боловсронгуй болж судалгааны цар хүрээ ч нэмэгдэж эхэлжээ.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)