ТОЛИНЫ ТУСГАЛ ЛУВСАНДОРЖИЙН ӨЛЗИЙТӨГС


  1990-ээд он Монголд ардчилсан хувьсгал өрнөж, нийгмийн бүтэц зохион байгуулалтыг халан өөрчлөх, залуус үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэргээр шинэ ардчилсан нийгмийг хүсэж байлаа. Энэ нь уран зохиолд нэлээд хүчтэй нөлөөлж БИШҮБИ, ГУНУ, Зүс бүгэг андууд, Хүрээ хөвгүүд, Үүлэн цэцэг, XXI зуун зэрэг залуусын бүлэг бүлгэмүүд өөр өөрийн тунхаг, үнэт зүйлс, үзэл баримтлалтайгаар орж ирэн Монголын нэн шинэ үеийн уран зохиолд ерээд оныхон гэх давалгааг бий болгосон. Энэ үед шүлэг, яруу найрагдаа хотожсон суурьшмал амьдралыг голлон дүрслэх болсон XXI зуун буюу Г.Аюурзана, Ц.Буянзаяа, Л. Өлзийтөгс нарын уран бүтээлчид уламжлалт яруу найрагт шинэ өнгө аяс, шинэ давалгааг бий болгожээ.
Энэхүү ХХI зуун бүлгэмийн гишүүн, 1995 онд “Зөн” цувралаар “Тэргүүн бүлэг” гэх яруу найргийн номоороо орж ирсэн яруу найрагч, зохиолч Л. Өлзийтөгс өнөөдөр монголын уран зохиолд эзлэх байр суурь өндөр, сэтгэлгээний цар хүрээний хувьд дэлхийн зохиолч, яруу найрагч гэгдэх эрхэм.
Багаасаа хотод өссөн гэх түүний уран бүтээлд хотын суурьшмал амьдрал дүрслэгдэх хийгээд гуниг, ганцаардал, гуниглалт өнгө аяс голлосон шүлгүүдтэй. 1990-ээд оноос уран бүтээлээ эхэлж яруу найргийн төрлөөр “Тэргүүн бүлэг”, “Тэнгэрт ургадаг модод”, “Эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ ном”, “Ганцаардлын дасгал”, “Миний гунигийн түүх”, “Төсөөллийн өрөөнд” зэрэг бүтээлүүд туурвисан ба намтар эсээ, дурсамжийн “Үзэхийн хязгаар”, хүүрнэл зохиолын төрлөөр “Нүдний шилэнд үлдсэн зургууд”, “Хотын үлгэрүүд” зэрэг номууд хэвлүүлжээ.
Бид түүний “Хотын үлгэрүүд” түүвэр дэх хотын уран зохиолын үнэт зүйлсийн өнгө төрх, хэв шинжийг ажиглахыг зорилоо. Түүний яруу найргуудад голлосон судлал шүүмжүүд байх бөгөөд бидний үзсэнээр утга зохиол судлаач Г. Батсуурийн “Төсөөллийн өрөөний ЭГО Лувсандоржийн Өлзийтөгс” гэх шүүмжид Л.Өлзийтөгсийн шүлэгтээ тодорхойлон бичилгүй орхисон шиг ирээдүй бол тодорхой биш боловч энэхүү яруу найрагчийн шүлгүүдийг заавал дурсахын шалтгаант мөн чанар түүний яруу найрагт бүрнээ оршин буй гэдгийг монголын яруу найргийн түүх санасаар л байх буй заа. (Батсуурь, Г., (2012), “Дөрвөн цаг”-аас “Цаг хугацаа амсхийх” хүртэл, 161-р тал.) гэж төгсгөсөн нь бий.
Мөн судлаач Ш.Туяа Аквариум өгүүллэгийг нийгэм соёлын антропологиийн үүднээс шинжлэн “Л.Өлзийтөгсийн “Аквариум” өгүүллэг дэх хувийн болон олон нийтийн орон зайн саармагжилт: Пост-Социалист монгол эмэгтэйн дүрийг шинжихүй” ( Туяа, Ш., 2018 Оюуны Хэлхээ XVII, 173- тал.) хэмээх эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн байна. Энэ нь хувь уран бүтээлчийн бүтээл туурвилын онцлог хийгээд тухайн текстэд ирэх тайлал, тайлбар зэрэг нь бүтээлийн чанар чансааг илтгэнэ. Мөн утга зохиол судлаач У. Бямбаням “Энэ миний Сапфо” (Бямбаням, У., 2018. Цаг хугацаа хэлнэ, 150-р тал.) гэх зөвхөн шүлгүүдэд нь тайлал тайлбар үйлдсэн уран зохиолын эсээ бичжээ.
Үүнд энэхүү хувь уран бүтээлчийн шүлгүүд дэх цаг хугацааны дүрслэлийг нэг голын усанд хоёр орж болохгүй гэх эртний Грекийн философи лугаа, нөгөө нь агшин хором бүхэнд хувирч өөрчлөгдөн шинэ боломж олгож байдаг өөрчлөгч цаг хугацаа гэх мэтээр судлаач үзсэн нь бий. Харин судлаач Х. Чойдогжамц түүний шүлгүүдэд“Үүлний царай, усны царай түүний жинхэнэ төрх” (Чойдогжамц, Х., 2015. Гүн хэлмэр, 36-р тал.) гэсэн шүүмж бичсэн ба хүүрнэл зохиолуудад нь “Нүдний шилэнд үлдсэн хотын үлгэрүүд (Мөн тэнд) гэх шүүмж бичжээ. Энэхүү хүүрнэл зохиол дахь шүүмж нь бидний анхаарлыг татах ба судлаач Тиймээ, нүдний шилэнд үлдсэн зургууд үнэхээр ЖИНХЭНЭ ХОТЫН ҮЛГЭРҮҮДИЙН тухай ном байлаа... Л.Өлзийтөгсийг уншихад ийм, ийм, ийм байдаг байлаа... (Чойдогжамц, Х., (2015). 63- р тал.) хэмээн илэрхий магтсан өнгө голлосноо Гэтэл их тэсрэлтийн дараа юу болов? Их идсэний маргааш өнж гэдэг болов уу? ... “Хотын үлгэр” сэдэв дор зангидсан номд “Хулгайч”, “Тэр хэн бэ?” болон “Гар”, “Гэрээслэл” хэмээх өгүүллэгүүдийг эс тооцвол өмнөх номынхоо тоосыг ч гүйцэхгүй морьд уяжээ... гэж үргэлжлээд “Сонин юм”, “Эмэгтэй, эрэгтэй”, “Нүд”, “Жирэмслэлт”, “Зөн” өгүүллэгүүдэд хиймэл зөрчил, диалог, үйл явдал, өгүүлэмжээр урлах эрдмийнхээ ач холбогдлыг илтэд балархай бүрхэг болгосноос дүрүүд нь гадагшаа илэрхийлэлтэй, шинэ цагийн монгол кино болон солонгосын усан сериалууд шиг хөнгөн хэлбэрт шүтэж өмнөх бүтээлээсээ ухарсан гэх шүүмжлэлд хүргэлээ.
Дахин хэлэхэд зохиолч хэзээ ч мэдрэмж санаагаа тайлагнадаггүй, цаг нөхцөөдөггүй байлаа. Хотын үлгэрүүд нүдний шилэнд л ҮЛДЖЭЭ. (Чойдогжамц, Х., (2015). 63- р тал.) гэж төгсгөсөн нь бий. Судлаач Х.Чойдогжамцын саналаар бол эрдэмтэн Ч. Билигсайханы ангилсан дэлхий нийтээр уран зохиолыг үнэлэх түвшин буюу 1. Сонгодог /классик/ 2. Сонгомол /элит/ 3. Хээнцэр /беллетристик/ 4. Олон нийтийн /массовый/ (Билигсайхан, Ч., (2014). Ухаарахуй, 61-р тал.) гэдэгтэй дүйцүүлбэл Л. Өлзийтөгсийн “Хотын үлгэрүүд” хээнцэр /беллетристик/ гэх ангилалд дөхөж очих нь бололтой. Харин профессор С.Энхбаяр, доктор Г.Батсуурь нар Л. Өлзийтөгсийг сонгомол /элит/ гэж үнэлсэн, итгэл хүлээлгэсэн нь бий. Тэгээд ч ерээд оныхон гэх давалгаанд маш олон өнгө төрхийг илтгэн гарч ирсэн уран бүтээлчдээс улс төр, бизнес рүү орох нь орж, эрдэм судлалын салбар луу хэвийх нь хэвийж, ихэнх нь сэтгүүлч болох замаа хөөцгөөн модернист фронтын командлагч ч хүртэл яруу найргийн төлөөх 100 жилийн дайнаа дуусгаагүй. Харин уран бүтээлдээ үнэнч үлдсэн нь Г. Аюурзана, Л. Өлзийтөгс, Ц. Буянзаяа, П. Батхуяг... гээд хуруу дарам цөөхөн уран бүтээлчид. “Хотын үлгэрүүд”-д дүрүүдийн диалог ихтэй, үйл явдлын сунжирсан хүүрнэлүүдтэй зэргээрээ урьдах номоо гүйцэхгүй мэт боловч энэхүү түүвэрт өөр өнцгөөс хандахыг зорилоо. Бидний амьдарч буй энэ цаг үеийг глобалчлалын эрин гэж тодорхойлох нь бий. Иймээс ч монголчуудын нүүдлийн соёл иргэншил сонгодог утгаа алдаж дэлхийн жишигт нийцэхээр хотын суурин амьдралд шилжсэн. Энэ нь ерээд оноос урлаг, уран зохиолд тусгалаа олж хотын уран зохиол (urban fiction) гэх шинэхэн чиг төлөвшсөн гэж болно.
Энэхүү хотын уран зохиолын тухай профессор Д. Галбаатар хотын уран зохиол нь хот суурины тухай өгүүлсэн зохиол бус хот суурины хүн зоны иргэншил, аж төрөх ёс, маяг, зан суртахуун, амьдралын хэв маягийг өөртөө гүн гүнзгий шингээсэн уран бүтээлийн ай хүрээг нийтэд нь илэрхийлнэ. (Галбаатар, Д., Уран зохиол онол, түүх, шүүмжлэл нэвтэрхий толь, 471-р тал.) гэснээс үзвэл Л. Өлзийтөгсийн “Хотын үлгэрүүд”-ээс суурин амьдралын буюу хотын байр сууц, хороолол, цардмал зам, гудамж... гэх мэт орон зайн хүрээ хязгаар харагдах агаад суурин амьдралд аж төрж буй хүмүүсийн ахуйн соёл, хүний оршин байхуйн мөн чанар нэвт харагдана. Зөвхөн хотод өрнөсөн үйл явдлаас л хотын уран зохиол гэж тодорхойлохгүй түүнд цаг хугацаа гэх зарчим бий. Хотын уран зохиолын үнэт зүйлсийн тухай профессор С. Энхбаяр Үнэмлэхүй цаг хугацаа, орчлон ертөнцийн түгээмэл жам ёсыг энгийн гурван хэмжээст /Эвклидийн геометр/ реалист дүр зураглалаар ухаарч, бичиж туурвидаг байсан бол орон зайн виртуаль хийсвэр чанарыг илүү их дүрсэлдэг, илэрхийлдэг болжээ. Энэ бол өнөөгийн хотын уран зохиолын нэг онцлог үнэт зүйлд хандаж буй нэг өвөрмөц баримт юм. (Энхбаяр, С., (2017). Уран зохиолын тухай яриа-II, 152-р тал.) Энэ нь цаашлаад түгээмэл үнэмлэхүй орон зайнаас хязгаарлагдмал давчуу өчүүхэн бага орон зай, түгээмэл үнэмлэхүй цаг хугацаанаас хязгаарлагдмал давчуу өчүүхэн бага цаг хугацаа /С.Э/ хэмээсэн тодорхойлолтод дүйж очих ба XXI зууны монголын уран зохиолын үнэт зүйлс эрхэм чанар юм. Угтаа хүүрнэл зохиолд ялангуяа богино өгүүллэгт уламжилсаар ирсэн шоблом маягийн цэлийх үүлс, цэнхэрлэн харагдах уул, урсгал тунгалаг ус, жил сар дамнан үргэлжлэх жин тээвэр гэх мэт нүүдэлчдийн реализмаас ангижран салж буй өнөөгийн уран зохиолын төлөв, өнгө төрх гэж ойлгож, цэгнэх ёстой.
Энэхүү пост цаг хугацаан дахь урбанист уран бүтээлчийн нэг бол Л. Өлзийтөгс юм. Түүний “Хотын үлгэрүүд” түүвэр нь “Хулгайч”, “Эмэгтэй, Эрэгтэй”, “Гар”, “Өлсөхүй”, “Нүд”, “Гэрээслэл”, “Сонин юм” “Нохойн үүр”, “Жирэмслэлт”, “Хоёрхон алдаа”, “Зөн”, “Тэр хэн бэ?” гэх тууж, өгүүллэгүүдээс бүрдэх бөгөөд “Хулгайч, “Өлсөхүй”, өгүүллэг, тууж нь урбан уран зохиолын прагматик шинжтэй дүйх мэт. Хотын уран зохиолын прагматик шинж гэж юу вэ? Утга зохиол судлал болон прагматик философийн гибрид үзэл санааны үүднээс профессор С.Энхбаяр Хот суурин иргэншлийн амьдрал оюун санааны хамгийн гол үндсэн шаардлага бол ашиг буюу хэрэгцээ мөн. Тиймээс ашигч үзэл буюу прагматик үзэл хотын уран зохиолын үндсэн сэвдийн нэг мөн. (Энхбаяр, С., (2017), 163-р тал.) хэмээн тодорхойлсон байдаг. Мөнхүү хотын уран зохиолын утга агуулгын нэг онцлог нь маш их гутранги /пессимист/ шинжтэй.
Тэгвэл Л.Өзийтөгсийн “Хулгайч” өгүүллэгийг дээрх тодорхойлолтонд хамааруулан үзвэл: “Одоо түүний гэр урьдын хэвэндээ оржээ. Илүү юм үгүй ч дутуу юм бас үгүй. Сам, үсний саван, гэрийн шаахай, толь, аяга, таваг бас зөөврийн компьютер шинээр худалдан авлаа. Худалдаад авчихад л болдог зүйл хойно ядах юм байсангүй. Бүгдийг авч.” (Өлзийтөгс, Л., (2013). Хотын үлгэрүүд, 14-р тал.) гэсэн хэсгээс өөрийн амьдралын оршин байх үндэс буюу алдагдсан, хулгайлагдсан бүхэн эргэн нөхөгдөж буй ашигч үзэл, амин хэрэгцээ хангагдаж байгааг харж болно. Түүнчлэн зохиолын гол дүрийн эмэгтэйн гутранги шинж хуудас бүрээс нь үнэртэнэ. Мөн “Бүсгүй өглөө гараад шөнө л орж ирнэ.
Хэдий ихэд ядравч хараал хэлэхээ больжээ Нутаг орноо санах нь багасч, нэг нь нөгөөгөөөө гойд ялгарахгүй их ажлын өдөр хоногуудад үг дуугүй захирагдах боллоо.” (Өлзийтөгс, Л., (2013). Хотын үлгэрүүд, 14-р тал. ) гэсэн нь их хотын буюу суурин иргэншлийн цаг хугацаа- орон зай хэмнэл тэргүүтэн нь хүнд сэтгэлзүйн дарамт үзүүлдэг болсон хотын ритмийг харахаас гадна уг өгүүллэг бүхэлдээ хотын амьдралд шилжин суурьшиж буй эмэгтэйн дүрээр ашигч аминч үзлийг товойлгон гутранги шинжийг дүрсэлжээ. Эдгээр нь хотын уран зохиолын үнэт зүйлс бөгөөд “Хотын үлгэрүүд”-д ч тодорхой тусжээ. “Сонин юм” гэх их хотын амьдралаас эрс тасарсан, зөвхөн дөрвөлжин хана, дөрвөн дугуйт машин, албан тасалгаа хооронд л амьдрах амьдралын боломж бололцоотой, нэлээд харамч эхнэр, болоод үнэтэй нүдний шилээ алга хийчихсэн нөхөр хоёрын амьдралын тухай харуулах өгүүллэг, “Зөн” хэмээх ослоос болж бэртсэн, гудамжаар алхах, олон нийтийн харилцаанд орох зэрэгт хэтэвчтэй мөнгө л олох битүүхэн горьдлого, найдвар тээсэн бэртэнги залуугийн тухай өгүүллэг нь ч амьдралын наад захын хэрэгцээг хангах, ашигч үзлийг илэрхийлсэн байна.
Мөн “Өлсөхүй” туужид гол дүрийн Цоож гэх залуу эхээ алдсанаас болж өөрийгөө тэжээх ашиг хэрэгцээний үүднээс номын санд ажиллан цаашлаад алс хол Америкийг зорьж буй нь, харь оронд өөрийгөө тэжээх гэх зовж хөдөлмөрлөж буй нь прагматик шинжтэйг илтгэх агаад хувьсалт бодит байдалд шилжсэн өнөөх залуу амьдралын хэвшил, анхдагч дүр төрхөө санагалзах сентименталь хэв шинжтэйг ч дараах өгүүлбэрээс харж болно. “Маргааш өглөө нь босонгуутаа тэр Цоожийн аав руу цалингаас нь илүү гарсан цөөн хэдэн долларыг гуйвууллаа. Банкинд очоод “Монгол Монгол” гэж догдлон байж хоёронтаа хашхиран хэлээд хэдэн доллараа явуулжээ.
” (Өлзийтөгс, Л., (2013). 88-р тал.) гэх мэтээр үзэж болох юм. Энэ мэтчилэн хотын уран зохиолын үнэт зүйлсийн нэг прагматик шинж түүний бүтээлд үй олноор тохиолдох бөгөөд мэдээж хотожсон, глобалчлалын нийгэмд постмодерн сэтгэлгээний хэв шинж илрэх нь дамжиггүй. Постмодернистууд өмнөх үеийнхний урлагийн бүтээлүүдээ их эш татдаг. Иймээс постмодернист философидолтонд “эшлэлийн сэтгэхүй” гэдэг ойлголт хэрэглэгддэг болсон байна. (Энхбаяр, С., (2011). Утга зохиолын онол. 46-р тал.) гэдгээс үзвэл урьд үеийнхний урлагийн сор болсон бүтээлүүдтэй ижилсэх зүйл зарим талаар ажиглагдана. “Өлсөхүй” тууж дахь Цоож гэх залуу өөрийн найз Цэнгүүний ар гэрт мөнгө шилжүүлэн амьдрал ахуйд нь тусалж байгаа нь Германы зохиолч Кафкагийн “Хувирал” туужтай ижилсэх мэт санагдана. Грегор цох болон хувирахад өөрөөс нь санхүүгийн хараат амьдардаг гэрийнхэн нь /охин дүү нь төлбөр багатай сургуульд ордог, гэрийн үйлчлэгчээ явуулдаг, өөрийн гэрээ түрээслүүлдэг гэх мэт/ амьдралын нөхцөл байдалдаа дасан зохицдог гэсэн санааг гаргаж болох ба “Өлсөхүй” туужид нас барсан хүүгийнхээ найзаас хараат амьдарч байгаа Доржийн гэр бүлийнхэн хүнээс хараат амьдралаар амьдардгаараа Грегорийн гэр бүлийн Замза цох болон хувирахаас өмнөх хэсэгхэн үеийг эрхгүй санагдуулна. Мөн түүний “Эмэгтэй, эрэгтэй” тууж нь харь газар ажил хэргийн томилолтоор очсон, бие өвчтэй түүнээсээ үүдсэн сэтгэл санааны цочролтой монгол бүсгүй, шар үст залуу хоёрын үйл явдлыг өгүүлэх ба П. Баярсайханы “Тавиул” өгүүллэгт дүрслэгдсэн хувьсгалын тавиул багш эмэгтэй, хэрэн тэнүүчлэх тугалтай үнээ хоёртой төстэй.
Сэтгэлийн шаналал тээсэн багш бол Л. Өлзийтөгсийнхөөр эмэгтэй, харин тугалдаа ирэхгүй тэнэх үнээ бол эрэгтэйн зан араншинтай төстэй. Л. Өлзийтөгс Аквариум өгүүллэгтээ Замзагаас ялгаатай өөр нэг юм бас бий. Манай гэрийнхэн намайг загас болныг мэдэхгүй байгаа юм. (Өлзийтөгс, Л., (2004). Нүдний шилэнд үлдсэн зургууд, 6-р тал.) хэмээн санаа авснаа нуугаагүй нь ч эшлэлийн сэтгэхүй ажээ. “Нохойн үүр” тууж нь өөрийнх нь Аквариум өгүүллэгтээ төстэй бөгөөд эцэст нь нохойгоо санагалзан бэтгэрч нохойныхоо үүрэнд орж үнэрийг нь үнэрлэн, түлхүүрээ өөрийн гар хүрэхгүй холын хол шидчихэж буй нь орон зайн хувьд харьцангуй хязгаарлагдмал, давчуу, өчүүхэн бага орон зайд шигдэн орж буйг харуулснаараа урбан уран зохиол мөнөөс мөн. Түгээмэл үнэмлэхүй орон зайнаас хязгаарлагдмал давчуу өчүүхэн бага орон зай, түгээмэл үнэмлэхүй цаг хугацаанаас хязгаарлагдмал давчуу өчүүхэн бага цаг хугацааг үнэт зүйлээ болгосон урбан уран зохиолын баримтууд “Хотын үлгэрүүд”-ийн тууж, өгүүллэг бүхэнд анзаарагдана. Зохиолын дүрүүд мэдээж E хүн буюу хотын хүн. Орон зайн хувьд их хотын байшин барилга, гудамж талбайнаас холдохгүй, холдлоо ч аль нэг улсын хотод үйл явдал өрнөнө. Харин цаг хугацааны хувьд харьцангуй хязгаарлагдмал, өчүүхэн бага хугацааг илтгэх нь “Гар” хэмээх үйл явдал маш хурдацтай өрнөсөн гар болон эмэгтэйн нэг өдрийн үйл явдлыг харуулах өгүүллэг.
Харин “Хоёрхон алдаа” гэх тууж нь Москва орох таван өдрийн турш 17, 25 насныхаа алдааг дурсамж хэлбэрээр хүүрнэж буй Наранжаргал гэх эмэгтэй, түүний сонсогч нарын хооронд л өрнөх үйл явдлын цаг хугацаа юм. Энэ мэтчилэн орон зайн хувьд хязгаарлагдмал давчуу орон зайг харуулах ч цаг хугацааны хувьд Нүд, Тэр хэн бэ? зэрэг өгүүллэгүүд нь хязгаарлагдмал бус цаг хугацаанд хамаарна.
Ер нь хотын уран зохиолын үнэт зүйлсийн нэг хязгаарлагдмал цаг хугацаа нь яруу найргийн сэрэл сэрэхүй, мэдрэмжид түлхүү анзаарагдах зүйл юм. “Хотын үлгэрүүд” түүврийн тухай судлаач Х. Чойдогжамцын дурдсанчлан Сонин юм”, “Эмэгтэй, эрэгтэй”, “Нүд”, “Жирэмслэлт”, “Зөн” өгүүллэгүүдэд хиймэл зөрчил, диалог, үйл явдал, өгүүлэмжээр урлах эрдмийнхээ ач холбогдлыг илтэд балархай бүрхэг болгосноос дүрүүд нь гадагшаа илэрхийлэлтэй, шинэ цагийн монгол кино болон солонгосын усан сериалууд шиг хөнгөн хэлбэрт шүтэж өмнөх бүтээлээсээ ухарсан гэх шүүмжлэлд хүргэлээ. гэсэн нь “Хоёрхон алдаа”, “Нүд”, “Зөн” гэх мэт зарим бүтээлүүдээс харагдах агаад энэ нь эрдэмтэн Ч. Билигсайханы тодорхойлсончлон dramatized mind буюу баатрууд хэрэг явдалд өөрсдөө шууд ороод тэр явцад нь тэдний ухамсрын ертөнц илрээд тодроод ирэх маягт шууд хамаарна. Энэ маягийг хэрэглэх нь сонгодог беллетристик зохиолуудад шалгарсан арга барил байдаг. (Билигсайхан, Ч., (2014). Ухаарахуй, 44-р тал.) гэдэгтэй дүйх мэт.
Дүрүүдийн харилцан яриа ихтэй, сэтгэл мэдрэмжээрээ хэд хэдэн хуудас давуулсан хүүрнэлүүдтэй гэдгээр Л.Өлзийтөгсийг хээнцэр зохиолч гэж дүгнэх нь хэтийдсэн асуудал бөгөөд гагцхүү цаг хугацаа л түүнийг шалгана. Харин дүрүүдийн дотогшоо эготой ярилцах, цэвэр уран сэтгэмжээр ургуулан бодох зэрэг нь “Тэр хэн бэ?, Гэрээслэл, Гар, Жирэмслэлт” зэрэгт тод анзаарагдана. Энэ нь сайн зохиол, муу зохиол гэсэн үнэлэлт дүгнэлтдээ бус урбан уран зохиолын үнэт зүйлсийн хэв шинжийг хадгалсан онцлог л гэж ойлгож ухаарах ёстой. XXI зуунд хотожсон суурин амьдралын хэв шинж дэлхий дахинд ноёлох болсон бөгөөд монголчууд ч мегаполис хотод амьдарч байна. Энэхүү суурин амьдралын хэв шинж урлаг, уран зохиолын үнэт зүйлс болж хотын уран зохиол (urban fiction ) гэх ойлголт бидэнд даруй төлөвшсөн гэж болно. Гэхдээ энэ нь суурингийн тухай зохиол бус, хот суурин газар амьдрах хүмүүсийн аж ахуй, хэвшил, амьдралын соёл, хотын өнгө төрх зэргийг илтгэдэг.
Монголын нэн шинэ үеийн уран зохиолд богино өгүүллэг, тууж зэрэг хүүрнэл зохиолын төрлөөр нэлээд цэгцэрсэн, уяа нь ханасан уран бүтээлч бол Л. Өлзийтөгс. Иймд бид түүний уран бүтээлийг хотын уран зохиолын үнэт зүйлс, хэв шинжийн үүднээс ажиглахад ашигч үзэл буюу амин хэрэгцээг “Сонин юм”, “Өлсөхүй”, “Зөн” зэрэг тууж, өгүүллэгүүдээс харж болох ба амьдралын төрхөө санагалзах сентименталь хэв шинж “Өлсөхүй” туужид ч мөн ажиглагдана. Энэ нь хотын уран зохиолын прагматик шинжтэй тохирно. Харин орон зайн хувьд түгээмэл, үнэмлэхүй орон зайнаас хязгаарлагдмал давчуу орон зайд шилжсэн буюу зөвхөн сууринд тухайлбал ямар нэг хороолол, барилга байшин дөрвөн хана, тэгээд галт тэрэг, автомашин гэх мэт орон зайн виртуаль шинж ажиглагдана. Энэ нь түүний уран бүтээл “Эмэгтэй, Эрэгтэй”, “Гар”, “Өлсөхүй”, “Нүд”, “Гэрээслэл”, “Сонин юм” “Жирэмслэлт”, “Зөн”, “Тэр хэн бэ?”... бүхэнд анзаарагдах агаад “Нохойн үүр”,“Хоёрхон алдаа”, зэрэгт нохойн үүрэндээ орж байгаагаар зөвхөн гал тэрэгний өрөөнд өрнөж буйгаар харьцангуй хяязгаарлагдмал, давчуу орон зайг илтгэх юм.
Түүнчлэн хотын уран зохиолын амин сүнс болсон постмодерн сэтгэлгээний хэв шинж болох эшлэлийн сэтгэхүй ч түүний уран бүтээлүүдээс тодорхой анзаарагдана. Зарим судлаачдын дүгнэж буйгаар “Нохойн үүр” тууж нь өөрийнх нь аквариум өгүүллэгтэй, П.Баярсайханы “Нохойн хэвтэр” туужтай адилхан буюу өөрийгөө давтсан гэж байгаа нь өмнөх үеийнхээ урлагийн бүтээлээс эш татдаг эшлэлийн сэтгэхүйтэй холбоотой гэж болох юм. Юутай ч монголын нэн шинэ үеийн уран зохиолд хөшиглөсөн манан, нэвсгэр үүлс, алсаас дүнсийх уул, униартах тал нутаг гэх мэтээр хүүрнэдэг хүүрнэлүүдээс тэс өөр шинэ юм бичсэн, шинэ шатанд гаргасан уран бүтээлч бол Л.Өлзийтөгс. Дүрүүд нь мэдээж Е хүн буюу хотын хүн. Хотын уран зохиол нь XXI зууны монголын уран зохиолын үнэт зүйлсийн өөрчлөлтийн нэг толь мөн. Толины тусгал нь Лувсандоржийн Өлзийтөгс.
2019 он. Хөөдөө Гэндэнпил




Сэтгэгдэл ( 0)