ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ НЬ ДЭД ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

  Нийгмийн эгэх хариуцлагын механизм нь засаглах үйл ажиллагааг сайжруулах, төрийн бодлого, төрийн үйлчилгээг сайжруулах, иргэд / нэн ялангуяа ядуу иргэд, нийгмийн эмзэг бүлэг болон эмэгтэйчүүд, хүүхдүүд/  иргэний нийгмийн бүлгүүдийг хүчирхэгжүүлэхэд чухал үүрэгтэй байдаг. Тиймээс дэлхийн улс орнуудад төрийн үйлчилгээг иргэдийн амьдралын хэв маягт тохирсон хэлбэрээр хүргэх олон янзын аргыг ашиглаж байна. Үүнийг ардчилсан нийгмийн хамгийн чухал механизм хэмээн үзэж байгаа юм.
Төр хувийн хэвшил иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтран ажиллахад гүүр болгох үүднээс сүүлийн жилүүдэд нийгмийн эгэх хариуцлагад нийцүүлэн олон талт ажил зохион байгуулж эхлээд байна.

МУ-д нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь төслийн хүрээнд Ховд аймгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээг сайжруулах нь дэд төсөл 7 сарын хугацаанд хэрэгжихээр боллоо. Энэ ажлын хүрээнд Жаргалант сумын Жаргалан ӨЭМТ, Баатархайрхан өрхийн эрүүл мэндийн төв, Үенч сумын эрүүл мэндийн төв, Мөст сумын сум дундын хүн эмнэлэг гэсэн 4 өрхийн эрүүл мэндийн төвд энэ төсөл хэрэгжинэ.
Төсөл хэрэгжихтэй холбоотойгооор энэ өдөр аймгийн ЗДТГ-ын иргэний танхимд төр хувийн хэвшил, иргэд олон нийт, ИТХ-ын зарим төлөөлөгчид,  нийт 35 хүнийг хамруулсан төслийн анхны хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Дэлхийн банк, Швецарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа энэхүү төсөлд Японы хүүхдийг ивээх сан, Иргэний нийгмийн байгууллагын сүлжээ, Өөртөө туслахуй төрийн бус байгууллага орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Төслийн хүрээнд улсын хэмжээнд 10 аймаг 4 дүүргийг сонгож 2015-2019 оны хооронд энэ төслийг хэрэгжүүлж байгаа юм байна. Ховд аймгийн тухайд өмнөх жилүүдэд боловсролын салбарт нийгмийн эгэх хариуцлага төсөл хэрэгжсэн сайн туршлага бий.
Өмнөх төсөл амжилттай хэрэгжсэн учир энэ удаад эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудад төслийг дахин хэрэгжүүлэхээр болжээ.
Төслийн хүрээнд 4 өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдээс санамсаргүй түүврийн аргаар 510 иргэнийг сонгон санал асуулга авч төрийн үйлчилгээний нээлттэй ил тод хүртээмжтэй байдлыг үнэлэх, төрийн үйлчилгээг чанаржуулахыг зорьж байна. 

Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)