ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ИРГЭД БУСДЫН НЭГЭН АДИЛ НИЙГМИЙН ОЛОН ТАЛТ ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРТЭЭМЖТЭЙ ТЭГШ АВАХ ЭРХТЭЙ

  Ховд аймгийн хэмжээгээр 3000 гаран хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг гэсэн судалгаа бий. Эдгээр иргэдийн дийлэнх хувийг байнгын асаргаанд байдаг иргэд эзэлдэг бол сонсгол хэл ярианы бэрхшээлтэй 276, харааны бэрхшээлтэй 218 иргэн байдаг байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд нийгмийн харилцаанд оролцоход тулгардаг нийтлэг бэрхшээлүүд олон байдаг байна. Тухайлбал: дуут дохио, стандартын шаардлага хангасан шат, орох гарах гарц, хаалга, ариун цэврийн өрөө мэдээ мэдээлэл авах үйлчилгээ, гээд тусгай хэрэгцээг хангаж болохуйц наад захын хэрэгцээ шаардлага дутагдаж байна.
Ухаан санаа саруул, бусдын адил хүсэл мөрөөдөлтэй хэрнээ үйл хөдлөл, хэрэгцээ шаардлага харьцангуй өөр хүнийг Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж энгийнээр ойлгож болно. Ийм хүмүүс маш олон. Манай улсын хэмжээгээр 10 мянган хөгжлийн бэрхшээлтэй, ижил төрлийн тулгамдсан асуудалтай хүмүүс бий. Эдгээр хүмүүсийн ажиллаж амьдрах, нийгэмших орчинг сайжруулахад ээлтэй орчинг бүрдүүлэх асуудал ус агаар мэт үгүйлэгдэж байна. Төр засаг, аймаг орон нутгаас баримтлаж байгаа бодлого үйл ажиллагааны чиглэлд хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү хандсан ээлтэй орчинг бий болгох асуудлыг илүү тусган ажил хэрэг болгож чадвал хүнээ дээдэлсэн төр, төрөө дээдэлсэн иргэн бий болж хөгжил өөд хамт урагшлах боломж бүрдэх юм. Үүний тулд төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага бүр тусгай хэрэгцээт иргэддээ хүрч ажиллах, тэдэнд ээлтэй орчинг бүрдүүлэх асуудал чухал байна.
Аймгийн хэмжээгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо 3000 гэдгийг дээр дурьдсан. Харин тусгай хэрэгцээт хүүхдийн тоо 620-д хүрчээ. Эдгээр хүүхдүүд бусад хүүхдүүдийн адил сурч боловсрох эрхтэй хэдий ч сургуулийн орчин, тусгай хэрэгцээ шаардлагаас үүдэн сургуулиас завсарддаг байна. Наандаж тусгай хэрэгцээт хүүхдүүдийн суух хичээлийн ширээний тавцангийн өндөр, бие засах газрын өрөөний хэмжээ, бариул, хаалганы босгоны стандарт хэмжээ, налуу зам зэрэг байдаггүй нь гол бэрхшээл болдог байна.
Манай нийгэмд тогтсон буруу хандлага ойлголтын нэг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бусдын адил хөгжих, ажиллаж амьдрах чадамжтай хувь хүн гэдэг талаас нь бус харин нийгмийн эмзэг бүлэг мэтээр өрөвдсөн, тэдний өмнөөс харамссан, хөөрхийлөлттэй нэгэн болгож хардагт учир байна. Харин бодит нөхцөл байдал тэдний төсөөллөөс тэс өөр гэж ойлгож болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж нэрлэсэн эдгээр хүмүүс үнэн хэрэгтээ тэдэнд хандсан төрийн бодлого зохицуулалт байхгүйгээс болж тодорхой хэмжээгээр нийгмээс тусгаарлагдаж байгаа ч бусдын адил хөгжих, ажиллаж амьдрах бүрэн чадамжтай гэдгийг онцлох хэрэгтэй.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)