ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлээр Ховд аймагт 1 тэрбум төгрөг төсөвлөгджээ

  Монгол улсын эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой, үр ашигтай ЖДҮ-үүдийг бий болгох, тэдгээрийг хөгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бодлогоор зохицуулан олгох зорилгоор 2009 онд улсын төсвөөс ЖДҮ эрхлэгчдийг дэмжих чиглэлээр 30,8 тэрбум төгрөгийн эх үүсвэр баталсныг хуваарийн дагуу аймаг нийслэлийн “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-д байршуулан бага хүүтэй, хугацаа урт зээлийг арилжааны банкнуудаар дамжуулан олгож эхэлсэн байдаг. Ингэснээр аймаг нийслэлд ажлын байр нэмэгдэж ЖДҮ- эрхлэгчдийг хөл дээрээ босоход дэмжлэг болсон гэж үздэг. ЖДҮ-ийг дэмжих төсөл аймаг орон нутагт сүүлийн 4 жил хэрэгжилгүй тасраад байсан бол энэ жилээс дахин ЖДҮ-ийг дэмжих төсөл орон нутагт хэрэгжиж эхэллээ. Энэ жилийн тухайд ЖДҮ-ийн сангаас нэг тэрбум төгрөгийг аймгуудад хуваарлисан байна. Төсөл хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан аймгийн ХХАА-т 59 аж ахуй нэгж, иргэнээс төсөл ирсэн байна. ЖДҮ –ийн хөнгөлөлттэй зээлд төслөө ирүүлсэн аж ахуй нэгж байгууллагуудыг 3 үе шаттайгаар шалгаруулж байна. Аж ахуй нэгжийг 14 үзүүлэлтээр, Иргэнийг 12 үзүүлэлтээр шалгаруулж байгаа юм. Шалгарсан төслүүдийг төсөл сонгон шалгаруулах дэд хорооны хурлаар оруулж төслийн талаар нээлттэй танилцуулга хийж, төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүд тухайн төсөлд оноогоо тавьж байна. Онооны нэгдсэн хурал ирэх долоо хоногт болохоор төлөвлөгдөөд байна.



Энэ жилийн тухайд ирүүлсэн төсөл бүр ЖДҮ-ийн сантай холбогдсон тусгайлсан программ дээр шивэгдэж, онлайн систем дээр хянагдаж байна. Энэ программыг шинээр энэ жилээс эхлэн нэвтрүүлэн хэрэглэж байгаагаараа онцлог юм. 2019 онд ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар 59 аж ахуй нэгж төслөө ирүүлэн өрсөлдөж байгаагаас эхний шатанд 37 аж ахуй нэгжийн төсөл зээлийн шалгуурыг хангасан гэж дүгнэгдээд байна. Эргэн төлөлтийн хувьд 5 жилийн хугацаатай, эхний жил үндсэн зээлээсээ чөлөөлөгдөөд хүүгүй зээл хийгээд явах бол 2 дахь жилээс нь зээлээ хуваарийн дагуу төлөөд явах юм. Төсөлд хамрагдсанаар 20 сая төгрөгөөс 200 сая хүртэлх төгрөгийн зээл авах боломжтой. Харин зээлийн үндсэн хүү нь 3 хувь бөгөөд банкаар дамжиж байгаа гэдэг утгаараа банк эрсдэлээ тооцоод 8 хувийн хүүтэйгээр олгогдох юм байна. ЖДҮ-ийн зээлийг Төрийн банк, Хаан банк, Хас банк гэсэн 3 банкаар дамжиж олгогдохоор гэрээ хийгджээ.

Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)