Нэгдүгээр ангийн 120 хүүхэд кальцийн хэмжээ тодорхойлох шинжилгээнд хамрагдлаа

  Жил бүрийн 9 дүгээр сарын сүүлийн 7 хоногийн 3 дахь өдрийг дэлхий нийтээр сурагчдын сүүний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. НҮБ-ын ХХААБ, SECAM C-2 төслөөс өнгөрсөн жилээс эхлэн Монгол улсад дэлхийн сурагчдын сүүний өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн бол 2019 оноос эхлэн Ховд аймгийн хэмжээнд анх удаагаа дэлхийн сурагчийн сүүний өдрийг зохион байгуулаад байна. Дээрх арга хэмжээг Ховд аймгийн ЗДТГ, ЭМГ, ХХААГ, БСУГ, Жаргалант сумын ЕБ-ын 12 жилийн 3 дугаар сургуулийг түшиглэн SECIM C-2 төсөлтэй хамтран хэрэгжүүлж байна. Тус өдрийг угтан 1-5 дугаар ангийн сурагчдын дунд “Сүү миний амьдрал” бүтээлийн уралдаан, 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд “Миний гэр бүлийн сүүн бүтээгдэхүүний хэрэглээ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаад байгаа бол төслийн зүгээс санаачлан тус сургуулийн 1 дүгээр ангийн 5 бүлгийн 120 хүүхдийг кальцийн хэмжээ тодорхойлох шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх нэгдсэн арга хэмжээг БОЭТ, ЭМГ, сурагчдын эцэг эхчүүдтэй хамтран зохион байгууллаа.



Монгол улс 60 гаруй сая малтай хэдий ч сүүний хэрэглээ жилээс жилд багасаж байгааг мэргэжлийн байгууллагаас мэдэгдээд байгаа. Энэ ч утгаараа бид хүнс хоол тэжээлээр дамжуулан хангалттай кальци авч чадахгүй байна гэсэн үг. Ялангуяа экспортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүн нь хүүхдийн өсөлт, эрүүл мэндэд төдийлөн ач тус багатай бүтээгдэхүүн голлож байгаагаас бага насны хүүхдүүдийн шүд, яс булчин, эсийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөллийг үзүүлж байгааг эмч мэргэжилтнүүд сануулсаар байна. Тиймээс хоол хүнсэнд заавал агуулагдах ёстой чухал элементийн нэг кальцийн хэрэглээг нэмэгдүүлэх шаардлага байна хэмээн үзэж төслийн зүгээс сурагчдын сүүний хэрэглээг нэмэгдүүлэхэд нөлөөлөх нөлөөллийн ажлыг ийнхүү аймаг орон нутагтай хамтран зохион байгуулж байгаа нь тодорхой үр дүнг үзүүлнэ хэмээх хүлээлтийг үүсгээд байна. 



 Цаашид төслийн зүгээс ЕБ-ын сургуулиудад үдийн цай нийлүүлэгч аж ахуй нэгж байгууллагуудын бэлтгэн нийлүүлэлтэд зохих нөлөөг үзүүлж, сүүний хэрэглээг зохих төвшинд нэмэгдүүлэх зорилтыг тавьж байна. Өнөөдөр сурагчдын үдийн цайнд зарцуулагдах төсөв мөнгө хангалтгүйгээс шим тэжээлтэй хүнсээр сурагчид хангагдаж чадахгүй байна. Гэвч 2020 оноос эхлэн үдийн цайны зардлыг 50 хувиар нэмэгдүүлэн 900 төгрөг болгох шийдвэрийг гаргасан гэдгийг салбарын сайд мэдэгдсэн. Тиймээс цаашид хүүхдийн хоол тэжээлд нэн ашиг тустай бүтээгдэхүүнээр хангагдах боломж байгаа учир эртнээс анхаарч хамтран ажиллахыг илүүд үзэж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)