Ховд аймгийн төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй, зогсож болзошгүй байдалд хүрээд байна.

Ховд хотын цэвэрлэх байгууламж нь 1987 онд 2800 метр куб хоног усыг татан, цэвэршүүлэх хүчин чадалтайгаар баригдаж байжээ. Өдгөө 40-өөд жил болж байгаа цэвэрлэх байгууламжид хоёр ч удаа урсгал болон их засвар хийж хүчин чадлыг нь нэг дахин нэмэгдүүлсэн хэдий ч насжилт өндөртэй учир шинэ цэвэрлэх байгууламж барихаас өөр аргаггүйд хүрээд байна. Мэргэжлийн байгууллага болон орон нутгаас удаа дараа цэвэрлэх байгууламжийг шинэчлэх хүсэлт явуулсан ч шалтгаангүйгээр буцаагдсаар өдий хүрчээ.


Буянт голоо түшиглэсэн газар тариалангийн бүс нутагтайгаа цэвэрлэх байгууламж нь зэрэгцэн оршдог. Мэргэжлийн байгууллагуудаас хийсэн шинжилгээний дүгнэлтээр хөрс болон усаар дамжиж, иргэний хүнсний аюулгүй байдалд нөлөө үзүүлэхүйц нөхцөл байдал үүсэж болзошгүйг анхааруулсаар байна. Цэвэрлэх байгууламжийн одоогийн горим нь нь механик болон биологийн аргыг хослуулдаг.
Механик цэвэрлэх байгууламжийн тусгаарлах хана хооронд цоорсон, нэвчилт үүссэн зэрэг нь бохирыг стандартын дагуу цэвэрлэх боломжгүй болгожээ.Түүнчлэн биологийн цэвэрлэгээний бичил биетүүд нь устсан учир стандартаар ажиллах нөхцөл нь хэдийн алдагджээ.



Цэвэршүүлсэн саарал ус нь 90-ээс дээш хувьтай бол хэвийн гэж үздэг. Тэгвэл Ховд хотын цэвэрлэх байгууламж дөнгөж 54 хувиар бохирыг цэвэршүүлж байна. Ингэж дутуу цэвэршүүлсэн саарал ус Ховд хотын газар тариалангийн бүс, буянт голын ай савд нэвчиж байгаа нь тухайн бүс нутгийн иргэдийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд өндөр эрсдэл үүсгэж болзошгүй нөхцөлд хүрээд байна.
Эх сурвалж: Эссэ
Сэтгэгдэл ( 0)