Мал аж ахуйн зах зээлийн шинэ гарц

  Монгол малын мах дэлхийд гарах эхлэлийг загвар хоршоод эхлүүлж, малчид түүчээлж байна.

     Хоньчин баатруудын өлгий Ховд аймгийн Дарвийн намар дэлгэр сайхан болж, малчид өвлийн бэлтгэлдээ хэдийн оржээ.Зам дагуу нутгийн малчдад боломж их бий. Зах зээлд ойрхон, эрэлт нийлүүлэлт ихтэй учир малаас гарсан бүтээгдэхүүн бүрийг борлуулах боломжтой. Дарви сум Улаанбаатар хотоос 1220 км, Ховд аймгийн төвөөс 210 км-ийн зайд оршдог. Зах зээлд ойрхон, эрэлт нийлүүлэлт ихтэй учир малаас гарсан бүтээгдэхүүн бүрийг борлуулах боломжтой.
Нөгөө талаар орон нутаг нь бодлогоор малыг эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч 13 махны үйлдвэр, цехийг дэмжин хамтран ажиллаж байна. Энэ жилээс эхлэн махны экспортыг Ховд аймаг олон улсад гаргахаар Казахстан, Узбекистан, Иран улстай гэрээлэн ажиллаж байна. Харин цаг хугацаа, зардал чирэгдэл үүсгэхгүй байх тал дээр төрөөс анхаарч экспортод гаргах мал, махыг орон нутагтаа шинжилдэг лабораторитой болжээ. Ингэснээр зах зээлийн шинэ боломж, эдийн засгийн гарц бий болж байгаад малчид, хоршоологчид, аж ахуйн нэгжүүд баяртай байна.



Монгол Улсын Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлснээр Ховд аймагт хоршоодын тоо нэмэгдэж, 1000 гаруйд хүрээд байгаа талаар аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
Малчид хоршиж, хамтран ажиллах нь мал аж ахуй шинэ шатанд гарах эхлэл гэж үзэн төр засаг ч ийнхүү дэмжиж байна. Харин АДАПТ төслөөс Ховд аймгийн Дарви сумын “Баялаг сутайн хөгжил” , Эрдэнэбүрэн сумын “Тунгалаг уст шураг” хоршоодыг нэг цэгийн загвар хоршоо болоход дэмжлэг үзүүлжээ. Ийнхүү Нэг цэгийн загвар хоршоог бий болгосон туршлага нь төрийн бодлогод тусгагдаж, үндэсний хэмжээнд хэрэгжих суурь тавигдсан. Энэ бол загвар үйл ажиллагааны хамгийн том үр дүн юм.
Малын гаралтай түүхий эдийг хөдөө аж ахуйн биржээр арилжаалах, түүхий эд бэлтгэлийн нэг цэгийн зохион байгуулалтыг бий болгож, нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэхийг төрийн бодлогоор дэмжиж Цагаан алт хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон.
Өөрөөр хэлбэл төр мал аж ахуйг шинэ шатанд гаргахыг дэмжиж байна. Харин малчид нэг цэгийн загвар хоршооны туршлагаас суралцан, малчдыг дэмжиж олгосон зээлийг үр дүнтэйгээр зарцуулбал том боломж, эдийн засгийн шинэ гарц нээгдэх боломж байна. Хоршооны гишүүн малчдын малыг нэг цэгт төвлөрүүлэх зориулалтын хашаа, түүхий эдийг хадгалах хөргүүрийг төслөөс олгожээ.
Ингэснээр малчид нэг цэгийн загвар хоршоогоор дамжуулан дундын зуучлалгүйгээр худалдан авагчдад чанарын урамшуулалтай үнээр борлуулах боломж бий болжээ.
Малын мах, сүү, түүхий эдээс олох жилийн орлого тогтмолжин, өрхийн амьжиргаа дээшилж байгааг хоршоологчид онцолж байна. Тухайлбал: Ховд аймгийн Дарви, Эрдэнэбүрэн сумдын малчид нэг цэгийн загвар хоршоодоороо дамжуулан 2000 гаруй хургыг Баян-Өлгий аймгийн “АЗАТ” махны үйлдвэрт гэрээгээр борлуулан, үр шимийг нь хүртжээ. Дарви сумын хувьд Сутай үүлдрийн хониороо алдартай тул Ховдын төдийгүй зэргэлдээх аймаг сумдаас зорин ирж эндээс мал, мах худалдан авах нь их.
Махны гарц, амт чанар ч сайн гэдэгтэй худалдан авагчид маргахгүй. Сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт үзэгдлүүдээс зүрхшээх бус дасан зохицохыг эрмэлзэж яваа малчид нэмэгдэж, цөөн тооны чанартай малаас ашиг шим хүртэхийг илүүд үзэх болжээ. Дарви сумын малчид бүлэг, хоршоо байгуулан хамтрах сонирхолтойн дээр “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Хоршооны гишүүнчлэлгүй ихэнх малчид “Баялаг сутайн хөгжил” хоршооноос хэрэгжүүлж буй төслийн хүрээнд эхийг нь тордох замаар хурга махлуулж, борлуулах аж ахуйг ихээхэн сонирхох болжээ.

Энэ туршлага өнөө цагт малчдад хамгийн оновчтой. Бордож, махлуулсан хурга нь нас гүйцсэн эм хонины жинтэй дүйж, адил хэмжээний үнээр зарагдаж байгаа нь цаг хугацаа, эдийн засагт хэмнэлттэй гэв. Дарви сум хэзээнээс нааш илүү нугаламтай, шилмэл үүлдрийн хонины суурьтай. Тиймээс махны чиглэлийн хониор цөм сүрэг бий болговол ашигтай гэх малчид цөөнгүй. Бэлчээрт илүү халгаатай бог малын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр сумын малчид өөр аймгаас махны үүлдрийн эцэг мал хайсангүй.
Тэд өөрийн хонин сүргээ цөм болгохоор өөрийн сумаас дөрвөн шилмэл хуц тавьж, эх малыг бордох замаар хурга махлуулж, гарсан төлийг нь 7-9 сартайд нь заржээ. Зарим малчид хургыг эм хонь, сайн төлөгний үнээр зарж байгааг гайхсан хэмээн “Баялаг сутайн хөгжил” -хоршооны дарга Г.Алтанцэцэг онцлов.

Хоршооны дарга Г.Алтанцэцэг хэлэхдээ:
- “Малчдыг төрөөс дэмжиж байгаа нь сайн хэрэг. Энэ мэт сайн туршлагыг судлаад бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй. Нутгийн онцлогт тулгуурлан зөв шийдлээр бэлчээрийн мал аж ахуйг шинэ шатанд гаргаж, хөгжүүлэх нь чухал байна. Бидэнд хургыг эдийн засгийн эргэлтэд оруулсан сайн туршлага бий. Энэ туршлагыг малчид ихээр сонирхож байна.
Төсөл хөтөлбөрийн байгууллагад хандаж хоршооны гишүүн малчдынхаа малын мах, дайвар бүтээгдэхүүнийг хадгалах хөргүүртэй болсон. Үүнд урамшсан малчид хөргүүрээ түшиглэн махны жижиг цех байгуулах хүсэлтэй болсон. Иймд бусад малчид бүлэг хоршооны зохион байгуулалтад орж энэ туршлагаас суралцаасай"- хэмээв.
Ган зудад санаа чилээхгүйгээр хургаа зараад тогтмол ашиг хүртдэг болчихвол малчдад тустай.
 Тэнгэрийн хаяа алсад сааралтан дүнхийж, тал хөндийд жихүүн салхи хэдийн хуран өвөл ойртсоныг сануулах мэт. Ямаан улаан харганы нөмөрт малын хамар хатгах төдий өвс харагдах нь энэ нутагт зуншлага гандуу болсныг илтгэнэ. Тэнгэрийн муухайтай уралдан малчид өвөлжөөгөө зорих их нүүдлээ эхлүүлжээ. Эрдэнэбүрэнчүүд энэ жил малаа 50 хувиар цөөлж байгаа талаар малчид хэлж байна.
Зуднаар хотоо харлуулж байхаар цаг цаашлахаас өмнө эдийн засгийн эргэлтэд оруулахыг чухалчилж байгаа нь тэдний буруу биш болов уу.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин С.Нямдорж:
“Энэ зун бороо ороогүй болохоор өвс ургамлын гарц муу байна. Манай суманд бэлчээрийн даац хэд дахин хэтэрсэн. Ийм үед малаа цөөлөхөөс өөр арга алга. Сүүлийн үед цөөн тооны чанартай малтай болох санаа байна. Малыг богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал, бэлчээр доройтохгүй, малчид зүдрэхгүй байх” гэв.



Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд мөн л хурга махлуулах аргыг 2 жилийн хугацаанд туршжээ. Тус сумын “Тунгалаг уст шураг” хоршоо Барга үүлдрийн 4 хуцаар сүргийн бүтцээ сайжруулан цус сэлбэсэн байна. Ингэснээр, 200 гаруй шинэ төл хүлээн авч, зах зээлд нийлүүлжээ.

Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин У.Тогтохсүрэн:
“Хурганы мах хальслаг бүрхүүлгүй, зөөлөн, амт чанартай, холестерингүй, тарилга хийлгээгүй гээд олон давуу талтай. Эхийг нь тэжээн хургыг нь жилбэжүүлэх замаар махлуулахажлыг үе шаттай хийх хэрэгтэй. Хавар тэжээсэн эх болон төл мал зуны дэлгэр цагт тэнхэл авах нь хурдан байдгийг хоёр жилийн хугацаанд өөрөө туршиж баталлаа" гэв.

Ховд аймгийн Дарви, Эрдэнэбүрэн сумын зарим малчидтай уулзаж ярилцахад малын тоог бус чанарыг чухалчилдаг болсныг харж болохоор байлаа. Малчид уур амьсгалын өөрчлөлт, түүнийг даван туулах зөв зам руу хөтлөгджээ. Зуун зуунаас өвлөгдөн ирсэн уламжлалт мал маллагааг орчин үетэйгээ уялдуулан яаж хөгжүүлэх вэ? гэдэг сэтгэлгээний өөрчлөлт бий болжээ. Нэг малын ашиг шимийг хүртэх гэж олон жилийг зориулдаг хэвшмэл ойлголт ард үлдлээ.
Эдгээр үйл ажиллагаа нь хэд хэдэн олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн туршлагууд байдаг. Тухайлбал бидний өнөөдрийн түүхийн эзэд нь Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр МУ-ын Засгийн Газар болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийн хүрээнд өнгөрсөн онуудад Ховд, Завхан, Дорнод Сүхбаатар аймгийн 8 сумдын сонгогдсон малчдын хоршоонд хэрэгжсэн бөгөөд хурга махлуулж нэг цэгээр худалдан борлуулсан юм.
Цаашдаа дээр дурдагдсан 4 аймгийн бусад 24 сумдад сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажлыг хийхээр төлөвлөж байгаа аж. Ийнхүү, малчид, хоршоологчдын өмнө зах зээлийн шинэ гарц нээгдэж, монгол малын мах дэлхийд гарах эхлэлийг загвар хоршоод эхлүүлж, малчид түүчээлж байна. УУР АМЬСГАЛ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА, БИД Ч БАС...
 
Энэхүү нийтлэлийг Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр МУ-ын Засгийн Газар болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийн хүрээнд зохион байгуулж буй “БЭЛ+” аяны хүрээнд бэлтгэв.




Сэтгэгдэл ( 0)