Давсны хэрэглээг бууруулахад төр, хувийн хэвшлийн байгууллагын оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагаа сэдэвт уулзалт семинар болж б

  МУ-ын ЗГ-ын “Давсны хэрэглээг бууруулах” үндэсний стратеги, “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Дэлхийн хүнсий өдөр”-ийг тохиолдуулан НЭМҮТ, НҮБ-ын ДХХААБ, ДЭМБ хамтран “Баруун бүсийн хүн амын давсны хэрэглээг бууруулахад төр, хувийн хэвшлийн байгууллагын оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагаа” сэдэвт шийдвэр гаргагчдын уулзалт-семинарыг энэ сарын 19-ны өдөр Ховд аймагт зохион байгууллаа. Тус уулзалт семинарт Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд гэсэн баруун таван аймгийн ЗДТГ, ЭМГ, ХХААГ, МХГ, БСУГ, аймгуудын тогооч хоол үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл гэсэн 30 гаруй хүн оролцжээ. 



МУ-ын ЗГ-аас “Давсны хэрэглээг бууруулах” үндэсний стратегийг баталж улмаар “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнөөдөр насанд хүрсэн хүний давсны хоногийн хэрэглээ 5 гр байх ёстой бол баруун бүс нутгийн иргэдийн хувьд 2-3 дахин өндөр буюу 13,5-15,4 гр байна. Энэ нь баруун бүс нутгийн иргэд зүрх судас, цусны даралт ихсэх өвчнөөр өвчлөх тохиолдол улсдаа дээгүүрт бичигдэх хэмжээнд хүрээд байна.Увс аймгийн тухайд ИТ-ын хурлаараа Давсны хэрэглээг бууруулах хөтөлбөрийг батлан 8 жилийн хугацаатай үе шаттайгаар хэрэгжүүлж байгаагаа ярьж байлаа.

Харин Завхан аймгийн тухайд аймгийн хэмжээнд СӨБ-ын байгууллагын цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хоол хүнсний хэрэглээнд давсыг орлуулах хүнсий органик бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшжээ. Мөн Завхан аймгийн хэмжээнд Давсныг багасгая 1 жилийн аяныг зарлаж иргэн бүр хоол хүнсэндээ давс орлуулагч хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа талаар Завхан аймгийн төлөөлөл ярьж байлаа.
Давсыг хүн хоногт 5гр-ыг хэрэглэх ёстой хэмээн ЭМБ-аас тогтоосон байдаг. Гэтэл баруун аймгууд хоол хүнсэндээ 2-3 дахин их давс хэрэглэж байгаа нь олон өвчний суурь шалтгаан болоод байна. Өөрөөр хэлбэл давсны хэрэглээ өндөр байгаагаас болж зүрхний шигдээс, тархины цус харвалт, цусны даралт ихсэх өвчнөөр баруун бүс ялангуяа Увс, Ховд, Баян-Өлгий аймгууд улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байна гэлээ. Иймээс давсны хэрэглээг бууруулах энэ талаар иргэд олон нийтэд мэдээлэл хүргэх, мэргэжлийн байгууллагуудад энэ чиглэлд хамтран ажиллах мэргэжил арга зүйгээр хангах зэрэг олон талын ач холбогдолтойгоор бүсийн сургалт, уулзалтыг зохион байгуулж байна. 



Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 1)
zochin

2019 оны 10 сарын 22-нд

уулархаг газрын хүмүүс давсны хэрэглээгээ хориж багасгаж болохгүй шүү дээ.