Х.Гэрэл: “Хашаандаа сайхан амьдарцгаая” төслийн ачаар орон сууцны айл шиг амьдарч байна

  Ховд хотын 8500 гаруй өрхийн 5200 орчим нь гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа бий. Тэр дундаа Ховд хотын гэр хорооллын 40 гаруй хувь нь Баатархайрхан, Бичигт, Тахилт багт амьдардаг. Агаар орчны бохирдлын эх үүсвэр нь дэд бүтэц хангалтгүй гэр хороолол. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачилсан "Шинэ Ховд" хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах Хашаандаа сайхан амьдарцгаая төсөл хэрэгжиж байна.
Баатархайрхан, Бичигт, Тахилт багийн нутаг дэвсгэрт 26 км инженерийн шугам сүлжээний ажил хийгдэхээс өнөөдрийн байдлаар 14.7 км нь тавигдаж, эхний 40 айл инженерийн шугам сүлжээнд холбогдоод байна. Төсөлд хамрагдаж үр шимийг нь хүртэж буй Баатархайрхан багийн иргэн Хандын Гэрэлийнд бид зочиллоо.



Х.Гэрэл: Төсөл хэрэгжсэнээр газрын үнэлгээ нэмэгдэж үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх хөрөнгөтэй болж, агаар, хөрсний бохирдол багассан гээд олон талын ач холбогдолтой байна. Ялангуяа залуучууд орон сууцанд орж, олон жил банкны зээл төлснөөс хашаандаа тохилог сууц барьж сайхан амьдрах боломжийг Хашаандаа сайхан амьдарцгаая төсөл олгож байна. Талын хашаанд ийм дэд бүтэц хийгдэнэ гэж төсөөлж байгаагүй. Гэртээ цэвэр, бохир устай орон сууцны айлуудын нэгэн адил сайхан амьдарч байна. Төслийг санаачилсан гишүүндээ, хэрэгжүүлж байгаа бүх хүнд талархаж байгаагаа илэрхийллээ.

 
Ю.Доржсүрэн: Хөгшин бид хоёр энэ төсөл хэд хэдэн чиглэлээр хэрэгжих тухай дуулаад бүгдэд нь хамрагдахаар төлөвлөсөн. Манайх байшингаа дулаалуулж, цэвэр бохирын шугамд холбогдон хашааныхаа гаднахыг төслийн хүрээнд хийлгэсэн. Ил жорлонгүй, худгаас ус зөөхгүй, орон сууцны айлын нэгэн адил амьдарч байгаадаа тэд сэтгэл хангалуун байна. Одоо хашаандаа цэцэг жимс, ногоо тарих, тохижуулахаар төлөвлөж байна.
  Тэд төсөлд зорьж хамрагдаж, хашаандаа сайхан амьдарч болдгийг өөрсдийн биеэр мэдэрч, гэр хороололд инженерийн шугам сүлжээ тавигдана чинээ төсөөлж байгаагүй гэдгээ хэлж байсан юм. Тохь тухтай амьдралын эхлэл өөрийнх нь хашаанаас эхлэх учраас хашаандаа мод, цэцэг, жимс тарьж, тохижуулж эхэлжээ. 
  Гагцхүү иргэд өөрсдөөс нь шалтгаалах ажилд илүү санаачлагатай байж чадвал төсөл амжилттай хэрэгжих юм. Цаашид ХСА төслийн хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн дэд бүтцэд холбохоос гадна авто зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, камержуулалт, нийгмийн дэд бүтэц, ажлын байрыг нэмэгдүүлэх зэргээр цогц төлөвлөлтийг хийж хэрэгжүүлэх зорьж байна.
Бэлтгэсэн: Г. Энхжаргал




Сэтгэгдэл ( 0)