Сум хөгжүүлэх сангийн 4 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөх боломж муутай байна

  Д. ЭРДЭНЭДОРЖ
ХОВД АЙМГИЙН ХХААГ-ЫН ҮЙЛДВЭР ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ДАРГА
ЖДҮ, ХӨНГӨН ХОРШОО АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

 
Сум хөгжүүлэх сангаас 2010 оноос хойш зээл аваад одоо хүртэл зээлээ төлөөгүй иргэн, аж ахуйн нэгжүүдэд хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн гэсэн. Ажлын үр дүн гарсан уу?
2021 оны 02 дугаар сараас эхлэн сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлтийг сайжруулах, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Сум хөгжүүлэх сан”-аас зээл авсан иргэн, аж ахуй нэгж, муу зээлийн түүхтэй иргэдийг “Монгол банкны зээлийн мэдээллийн нэгдсэн санд оруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Үүний хүрээнд сумдын сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтнээр дамжуулан 2011-2019 онуудад зээл авсан хугацаа хэтрэлттэй хэвийн бус зээлдэгч иргэн, аж ахуй нэгжид мэдэгдэх хуудас хүргүүлэн, хугацаатай үүрэг чиглэл өгч ажилласан.
Зээл авсан иргэн, аж ахуй нэгжүүдээс хэд нь заасан хугацаанд зээлээ төлж барагдуулж чадсан бэ?
Олон нийтийн цахим сүлжээнд зар тавьсны дагуу зарим иргэд аж ахуй нэгж зээлийн иргэн төлөлтөө хийсэн.
Одоогоор зээлдэгч нарын тоон судалгааг нарийвчлан гаргах ажил үргэлжилж байгаа учир эцсийн дүн мэдээ хараахан гараагүй байна.
Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн эргэн төлөлтөө хамгийн өндөр дүнтэй хийсэн сум урьдчилсан байдлаар аль сум байна вэ? Булган сум гэхэд л 50-60 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн байна. Бусад сум 10-20 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн байна.
Зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй, хангалтгүй дүн мэдээтэй сумдаар ямар сумд нэрлэгдэж байна.
Ховд сум, Дуут сум, Дөргөн сум, Дарви, Мянгад, Чандмань зэрэг сумд багтаж байна 2011 оноос эхлэн сум хөгжүүлэх сангийн мөнгө сум орон нутагт олгогдож, хуваарилагдаж эхэлсэн байдаг.
Анх Ховд аймагт 4 тэрбум төгрөгийн санхүүжилт ирсэн. Одоо өссөн дүнгээрээ 9 тэрбум 500 сая төгрөг болоод явж байна.
Энэ санхүүжилт нь 1700 гаруй иргэн, аж ахуй нэгжид олгогдсон гэсэн үг.
Сум хөгжүүлэх сангийн зээлийн хүү болон хугацааны тухайд?
Жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай байдаг. Сум болгонд сум хөгжүүлэх сан гэж бий.
МУЗГ-ын 2016 оны 153 тоот тогтоолын дагуу сумын орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг удирдаж зээл олгох чиглэлээ тодорхойлон олгодог. Сум хөгжүүлэх сангийн зээл авсан иргэн аж ахуйн нэгжүүд хугацаанд нь зээлээ төлөөгүйгээс тус зээл нэг хэсэг тасарч олгогдох боломжгүй болж байсан.
Зээлдэгч нарын хариуцлагын асуудал үүнтэй холбоотой. Зарим сум зээлээ хугацаанд нь төлж 3-4 удаа сум хөгжүүлэх сангийн зээлээ эргэлдүүлчихсэн байхад зарим сумд 1-2 удаа эргэлтэд оруулсан байдаг.
Зээлийн эргэн төлөлт нь иргэн аж ахуй нэгжийн хариуцлагын асуудал ч гэлээ мөн тухайн сум орон нутгийг удирдаж байгаа хүмүүстэй ч мөн хамаатай.
Ямар ч газар Зээлдэгч нараа судалсны үндсэн дээр зээл олгодог. Сум хөгжүүлэх сангаас зээл авсан хүмүүс судлагдсан хүмүүс байтал хамгийн бага хүүтэй урт хугацааны зээлийн эргэн төлөлтийг хийхгүй төрийн ажил гацааж энгийн иргэдийг хохироогоод байгаа шалтгаан юу вэ?
Сум хөгжүүлэх сангийн зээл анх олгогдож эхэлсэн 2011-2013 оны хооронд харьцангуй зорилтот зээлдэгч нартаа хүрч очдог байсан бол сүүлийн жилүүдэд нам улс төр, хувийн ашиг сонирхол, танил талаа харж үзэмжээрээ олгогддог болчихсон.
Гэхдээ бүх сум зээлийн эргэн төлөлтөө огт хийдэггүй гэж ойлгож болохгүй.
Манхан, Зэрэг, Эрдэнэбүрэн сумын иргэд аж ахуй нэгжүүд зээлийн эргэн төлөлтөө сайн хийдэг, хариуцсан дарга мэргэжилтнүүд ч сайн ажилладаг гэж хэлж болно.
Сум хөгжүүлэх сангийн зээл зориулалтын дагуу зарцуулагдаж чадахгүй байгааг та яриандаа онцоллоо. Зээлдэгч нарынхаа тайлан мэдээллийг хэрхэн хүлээн авч дүгнэдэг вэ?
Тайлан мэдээ авах гэж нэлээн юм болдог, шахаж шаарддаг хэдий ч сум хариуцсан мэргэжилтнүүд 2 толгойтой болсноос шалтгаалан тайлан мэдээ он ондоо ирдэггүй. Мөн хариуцлага муугаас зээлдэгч нас барах, хариуцах эзэнгүй болох, хамтран зээлдэгч нарын гарын үсэг дутуу, нэг хүн дангаараа гарын үсэг зураад авчихсан ийм зүйлүүд их байдаг.
Төрийн сангийн төлөөлөгч, зээл хариуцсан орлогч дарга, зээлдэг 3 гарын үсэг зураад зээл авчихсан тохиолдлууд ч байдаг.
Сум хөгжүүлэх сангийн дүрэм журам, эрх зүйн зохицуулалтад тухайн зээлдэгч нас барсан төлбөрийн чадамжаа алдсан зэргээс үүдсэн хариуцлагыг хэрхэн шийдвэрлэхээр тусгасан байдаг юм бол?
Хамгийн чухал зүйл бол хариуцлага. Тиймээс сум хөгжүүлэх сангийн зээлийн журмыг өөрчлөх талаар яригдаад 2 жил болж байгаа хэдий ч өөрчлөлт алга л байна. Хэрэв журам өөрчлөгдөж сайжирвал тухайн зээлийн банкаар дамжуулан олгох эсвэл иргэд аж ахуйн нэгжид ЖДҮ-ийг дэмжих зорилгоор нь олгодог болох шаардлага байна.Бид энэ чиглэл дээр саналаа хүргүүлээд хүлээж байна.
Хамгийн гол нь 2022 оноос орон нутаг өөрөө төсвийнхөө зарцуулалтыг мэдэх эрх хэрэгжиж эхлэхээр сум хөгжүүлэх сангийн мөнгө яаж олгогдох юм. Тиймээс зохицуулалт л хэрэгтэй байна.
Хоёр толгойтой болсон гэдгийг юу гэж ойлгох вэ?
Сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэн нь төрийн сан, орон нутгийн хөгжлийн санг давхар хариуцдаг учир тайлан мэдээ бараг ирдэггүй гэж хэлж болно. Олон ажил давхар хийж зарим ажлаа орхигдуулж үнэн зөв мэдээлэл ирүүлэх тал дээр учир дутагдал гаргадаг.
Алдаа дутагдлыг засаж цэгцлэх тал дээр ямар ажил төлөвлөн хэрэгжүүлж байна. Сум хөгжүүлэх сангийн бүх мэдээллийг цахим программд оруулах ажил хийгдэж байгаа нь чухал ажлын нэг болж байна.
Ингэснээр:
- Сум хөгжүүлэх сангийн зээлэнд хамрагдаж байсан хүмүүсийн мэдээллийг хүссэн хүн бүр харж дүгнэх боломжтой
- Давхардаж зээл олгох асуудал цэгцэрнэ.
-Зээлийн мэдээллийн санд муу зээлийн түүхтэй иргэн, ААН-д банк, төсөл, хөтөлбөрүүд зээл олгох боломжгүй гэж үздэг зээл нь төлөгдөж дууссан ч мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэнээс хойш 5 жилийн дараа эерэг болон сөрөг бүх мэдээлэл устана.
Сүүлийн үед олгогдсон зээлүүд үр дүн муутай, сонгууль улс төртэй холбож хавтгайруулах байдлаар олгодог болсон. Сум хөгжүүлэх сангийн зээл олголтыг дүрэм журмаар нь зориулалтын дагуу олгодог болохгүй бол энэ зээл урсгал байдлаар олгогдож, ажлын байр бий болгох биш харин нэг өрийг нөгөөгөөр хаадаг чанаргүй зээл болж хувиран эргэн төлөлт муудаж байна.
Иймд өнөөдөр 4 тэрбум төгрөгийн зээл үндсэндээ эргэн төлөгдөх боломж бололцоо муутай байна.
Сум хөгжүүлэх сангийн зээлийн дээд доод хэмжээний тухайд?
Доод тал нь 500 мянга, дээд хэмжээ нь 20 сая хүртэлх төгрөгийн зээл олгогддог.
2011 оноос эхлэн олгогдсон сум хөгжүүлэх сангийн зээлийн үр дүнд Ховд аймгийн хэмжээгээр хэдэн шинэ ажлын байр бий болж , хэчнээн үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
Байнаа байна. Шинэ ажлын байр 1904 болсон бол, хадгалсан ажлын байр 1014 болсон гэх цаасан дээр бичигдсэн тайлан мэдээг хариуцсан мэргэжилтнүүд ирүүлсэн байдаг.
Зээлийг ямар шалгуураар олгоод байна вэ?
Төсөл сонгон шалгаруулах зөвлөл гээд 7-9 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл байдаг. Уг нь бол МУЗГ-ын 153 тоот тогтоолд зааснаар зээлэнд хамрагдах гэж буй иргэн, аж ахуй нэгж нь 10 гаруй материал бүрдүүлж түүнийгээ шалгуулж хянуулж байж зээлд хамрагдах ёстой.
Сум хөгжүүлэх сангийн зээлийг тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, ажлын байр бий болгосон, түүхий эд материалаа татдаг, тогтмол эргэлтийн хөрөнгөтэй иргэн аж ахуй нэгжид олгогдох ёстой гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр манай аймагт сум хөгжүүлэх сангийн зээл, эргэн төлөлтийн хяналт муугаас хангалтгүй төвшинд хэрэгжиж байна гэж дүгнэгдэхэд хүрч байна.
Сум хөгжүүлэх сангийн мөнгө банкаар биш төрийн сангаар дамжиж олгогддог учир хяналт муутай байгаа.
2011 оноос эхлэн олгогдсон сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт муу байгаагаас шалтгаалан дараа дараагийн иргэдэд зээлэх мөнгө багасна гэсэн үг биз дээ?
Тийм ээ. 2020 онд 136 иргэн аж ахуй нэгжид 540 сая төгрөгийн зээл олгосон байгаа. Хэрэв зээл авсан иргэн, аж ахуй нэгж бүр зээлээ үр ашигтай зарцуулаад, хугацаандаа төлчихдөг байсан бол 4 тэрбум 540 сая төгрөгийн зээл илүү олон иргэн аж ахуй нэгжид очих боломжтой болж илүү олон ажлын байр, үйлдвэрлэл үйлчилгээ хөл дээрээ зогсох боломжтой болох байсан.
Сүүлийн жилүүдийн эргэн төлөлт ямар байна?
Тааруухан байна. Дөнгөж 50 гаруй хувьтай л байна. Зээлийн эргэн төлөлтийг шахаж шаардах, хянах, үр дүнг тооцох эрх танай байгууллагад байдаг уу? Төрийн сангийн хариуцсан мэргэжилтэн л мэддэг. Манай ХХААГ нь сум хөгжүүлэх санд хамааралгүй шахуу байдаг.
Ямар ч эрх мэдэл байхгүй, зөвхөн сум хөгжүүлэх сангийн хэдэн цаасан тайлан мэдээг алдаг хоног хүлээж авч цэгцлэхээс өөр хэтэрдэггүй. Ярилцсанд баярлалаа.




Сэтгэгдэл ( 0)