Хорин таван жил хөлдөөж хадгалсан үр хөврөлийг суулгаад хүүхэд төрсөн түүх бий

  Улсын хэмжээнд гэр бүл төлөвлөлтөө зохиож, өрх тусгаарласан 10 хос тутмын нэг нь үргүйдлийн ямар нэг шалтгааны улмаас үр хүүхэдтэй болж чаддаггүй гэх албан ёсны мэдээлэл байдаг байна. Энэ нь гэр бүл салалтын гол шалтгаануудын нэг болсоор байна. Тэгвэл дээр дурдсан бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор 2015 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төвийн эмч мэргэжилтнүүд 6 жилийн хугацаанд 724 хүүхдийг энэ хорвоод эсэн мэнд төрүүлж, олон сайхан гэр бүлд аз жаргал бэлэглэжээ. Бид энэ удаагийн зочноор гэр бүлд аз жаргал бэлэглэгч “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төвийн эмэгтэйчүүдийн эмч, анагаах ухааны доктор Г. Гэрэлцэцэгтэй ярилцлаа.
Сайн байна уу? Сүүлийн үед үргүйдлийн асуудал нилээд хөндүүр сэвийн нэг боллоо. Тиймээс Үргүйдэл гэдэг ойлголтын талаар яриагаа эхлэе.
Сайн сайн байна уу? Тийм ээ ярих ёстой сэдвийн нэг бол үргүйдлийн асуудал мөн. Нэг жилээс дээш хугацаанд жирэмсэн болохгүй байвал яагаад жирэмсэн болж чадахгүй байгаа шалтгааныг нь тодруулж нарийвчилсан шинжилгээ хийлгэж, шалтгааныг нь тодруулах шаардлагатай. Үргүйдэл гэдэг нь Хос хоёр гэр бүл болоод тогтвортой бэлгийн харьцаанд байгаа хэдий ч нэг жилийн дотор жирэмсэн болж чадахгүй байвал үргүйдлийн ямар нэг шалтгаан байна гэж оношлогддог.
Гэр бүлийн хосуудад эрэгтэй шалтгаантай үргүйдэл дийлэнх байна уу? Эмэгтэй шалтгаант үргүйдэл дийлэх байна уу?
Эмэгтэйгээс шалтгаалсан үргүйдэл 30 орчим хувь,эрэгтэй шалтгаантай үргүйдэл 20-30 хувьтай байна. Мөн эрэгтэй эмэгтэй хавсарсан шалтгаант үргүйдэл үүсч болдог.
Үргүйдлийн шалтгааны талаар?
Үргүйдэл олон шалтгаанаас үүсдэг. Жишээлбэл: Эмэгтэй өндгөн эсийн боловсролт хэвийн сайн явагдаж байж үр тогтоох, өндгөн эсийн боловсруулалт явагддаг. Хүүхэд тээх умай, сав бүтцийн өөрчлөлт байхгүй, эрүүл бүтэцтэй байх ёстой, Эрэгтэй эмэгтэй үрийн хоолой буюу гуурс онгорхой, явах зам нь саадгүй байх ёстой. Эрэгтэй үр тогтоох үрийн шингэний тоо, чанар, бүтэц нь үр тогтоох хэмжээнд хангалттай байж чадвал эрэгтэй эмэгтэй эс уулзах ёстой. Тиймээс эмэгтэй үргүйдлээс эхлэн ярихад үрийн хоолой буюу гуурс ихэвчлэн битүүрчихсэн, үргүйдлийн шалтгаан их орж ирдэг. Үүнийг үүсгэж байгаа үндсэн хүчин зүйл нь бэлгийн замын халдварт өвчин, үрэвсэл зэргийг эмчлэхгүй удаан явах, эсвэл мэс засалд орж наалдац салгуулж байсан, хэвлийн хөндийн хагалгаа хийлгэж байсан бол үрийн хоолой гуурс наалдаж барьцалдаад битүүрэх эрсдэлүүд их өндөр байдаг. Түүнчлэн умай саванд хаван, хавдар үүсчихсэн, эс орж бэхлэгддэг умайг бүтцийн өөрчлөлтөнд оруулсан зэргээс үргүйдэл үүсэх эрсдэлүүд бий болдог.
Өндгөн эсийн тоо үргүйдлийн шалтгаан болох уу?
Тэгэлгүй яахав. Өндгөн эсийн нөөц гэж зүйл байдаг. Эмэгтэй хүн эхээс төрөхдөө тодорхой тооны өндгөн эсийн нөөцтэй төрдөг. Тухайлбал: Анх төрөхдөө 2 сая өндгөн эсийн нөөцтэй төрдөг. Энэ нь дахин үйлдвэрлэгдэхгүй, нөхөн төлжихгүй, сар болгон хорогдож явсаар байгаад өндгөн эс дуусдаг. Монгол эмэгтэйчүүд дунджаар 46-48 настайдаа өндгөн эсийн нөөц нь дуусаад цэвэршдэг байхад зарим эмэгтэйчүүд залуу байгаа хэрнээ өндгөн эсгүй болчихсон байдаг. Яагаад өндгөн эс дуусдаг вэ? Гэхлээр уйланхай авахуулах, өндгөвчөө тайруулсан бол өндгөн эс эрт дуусдаг. Мөн тамхи татдаг эмэгтэйчүүд болон рентген туяанд олон өртөж зураг авахуулж байсан, хотой нөхцөлд ажилладаг зэрэг олон нөхцөл байдлаас шалтгаалан эмэгтэй хүн эрт өндгөн эсгүй болох тохиолдлууд байдаг. Тиймээс үргүйдэлийн ямар шалтгаантай байна гэдгээ эртхэн илрүүлэх нь хүүхэдтэй болох, эмчилгээний үр дүнд нөлөөлөх, цаг хугацаа алдахгүй байхад чухал нөлөөтэй.
Эрэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгаануудад ямар хүчин зүйл нөлөөлөөд байна вэ?
Хөдөө орон нутгийн эрчүүд төмсгөө их гэмтээдэг, эсвэл бага байхдаа гахайн хавдар тусаад, эмчилгээгээ бүрэн сайн хийлгээгүйгээс төмсөг эрт хавдаж соривжин жижгэрч эдгэдгээс үүдэлтэйгээр нас биед хүрэхээр төмсөг ажиллахгүй болдог, үрийн шингэн дотор эрэгтэй эс тодорхойлогдохгүй болох эрсдэлүүд үүсдэг. Мөн төмсөгний судас бүдүүрэх өвчин байдаг. Үүнийг тоохгүй удаан хугацаагаар явснаас төмсөгний үйл ажиллагаа буурч эрэгтэй эс боловсрохгүй байх эрсдэлүүдийг нэмэгдүүлж байдаг. Сүүлийн үед эрэгтэйчүүд фитнессээр хичээллээд тестостерон агуулсан бэлдмэлүүд их ууж хэрэглэж байна.Үүнээс хамаараад төмсөгний үйл ажиллагаа буураад үр тогтоох чадваргүй болж байна. Эрэгтэй эсийн үүсэл хөгжилтөд муугаар нөлөөлдөг бусад хүчин зүйлүүд гэвэл доороосоо халдаг сандал дээр суух, дугуй унах, халуун ванн, саунд их суух, удаан хугацаагаар эм тариа антибиотик хэрэглэх, хорт зуршил архи тамхины хэрэглээ өндөр байх, хортой нөхцөлд буюу будгийн болон эмийн үйлдвэрт ажилладаг бол эсийн чанар их мууддаг. Түүнчлэн стресстэй нойр хоол дутуу яваг хүмүүсийн эрэгтэй эсийн чадвар мууддаг. Иймд эдгээр шалтгаануудаас үүдэн хүүхэдтэй болж чадахгүй байгаа бол эртхэн шалтгаанаа тодруулах нь эмчилгээний үр дүнд цаг алдахгүй хүрэх боломж ийг нэмэгдүүлдэг.
Үргүйдлийн шалтгаан нь гадаад болон дотоод хүчин зүйлүүдээс нөлөөлдөг юм байна. Эдгээр шалтгаануудыг орон нутагт оношлох боломжтой юу?
Орон нутагт эмнэлгийн үйлчилгээ сайжирсан. Сумын эмнэлэг хүртэл эхотой болчихсон байгаа шүү дээ. Тиймээс эхний ээлжинд эход харуулаад умай саванд бүтцийн өөрчлөлт байна уу? хаван хавдар байна уу? өндгөвчинд эмгэг бүтэцтэй уйланхай, киста тодорхойлогдож байна уу? гэдгээ мэдэх хэрэгтэй. Түүнчлэн асуумжаар гэрлээд нэг жил болсон, тогтвортой бэлгийн харилцаанд байгаа хэрнээ хүүхэдтэй болж чадахгүй байвал нарийвчилсан шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Үрийн хоолой гуурсыг зарим эмнэлгүүд шалгачхаж байна. Үүнийг биений юм дөнгөж ирсний дараахан орон нутгийнхаа эмчтэй холбогдож байгаад үрийн хоолой гуурсаа шингэн шахуулаад онгорхой байна уу? битүү байна уу? Гэдгээ шалгуулчих хэрэгтэй. Харин эрэгтэй үргүйдлийг мөн асуумжаар хортой нөхцөлд ажиллаж байгаа эсэх, төмсөгний хэмжээ жижиг байна уу? том байна уу? Багадаа гахайн хавдар тусч байсан уу? гэмтэл бэртэл авч байсан уу? гэдэг байдлаар асуумжараар тодруулах шаардлагатай. Ингэснээр үргүйдлийн гол шалтгаан үндэслэл нь гараад ирэх болов уу гэж бодож байна.Гэхдээ хөдөө орон нутагт эрэгтэй эсийг тоолох шинжилгээ хийхгүй байна.
Залуу гэр бүлүүд маань 1 жилээс дээш хугацаанд хүүхэдтэй болж чадахгүй байвал дээр дурдсанаас өөрөөр ямар байдлаар цаг хугацаа алдахгүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой вэ?
Хэрэв эмэгтэй үрийн хоолой гуурс нь битүүрсэн, төмсөгний үйл ажиллагаа буурсан гэсэн шалтгаануудаас болоод үргүйдэлтэй гэдэг онош тавигдаад эмийн эмчилгээ, үр шилжүүлэн суулгах шаардлагатай гэж үзвэл 3 төрлийн эмчилгээ хийдэг.
1. Үрийн хоолой гуурс нь онгорхой, нөхрийн шинжилгээ хэвийн байхад хосууд өндгөн эс хэзээ боловсорч байгаагаа мэдэхгүй, эр эм эс уулзах хоногоо зөрүүлээд байдаг.Ийм хүмүүст энгийн арга зөвлөдөг. Гэр бүл болоод нэг жил болоод хүүхэдтэй болохгүй байгаа хос болгоныг үр шилжүүлэн суулгах эмчилгээг зөвлөдөггүй. Шалтгаанаас нь хамаараад Өндгөн эс хагарч байгаа өдрүүдэд харьцаатай байгаарай гэж зөвлөдөг. Энэ маягаар 6 сар юм уу нэг жил яваад үзээрэй гэж. Хэрэв үрийн хоолой гуурсаа шалгаад үзсэн чинь нэг үрийн хоолой гуурс нь битүү нөгөөх нь онгорхой байвал онгорхой талд нь өндгөн эс боловсорсон үед нь энэ хоногуудад бэлгийн харьцаатай байгаарай гэж мөн зөвлөдөг.
2. Эрэгтэй эсийн тоо чанар нь хангалтгүй байвал эрэгтэй эсийг угааж цэвэрлээд идэвхтэй эсийг нь шүүж аваад өндгөн эс хагарч байх үед умайн хөндийд цацлага эмчилгээг хийж өгдөг. Цацлага эмчилгээ нь жирэмсэн болох хувийг 10-15 хувиар нэмж өгдөг.
3. Хэрэв цацлага эмчилгээгээр жирэмсэн болж чадахгүй, оношлогоон дээр үрийн хоолой гуурс нь хоёр талдаа битүүрчихсэн, эсвэл нөхрийн эрэгтэй эс үр тогтоох чадваргүй гарвал үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Үр шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүн эмэгтэй хүний нас өндгөн эсийн нөөцөөс хамаардаг учраас энэ эмчилгээг аль болох эрт эхлэх хэрэгтэй.
Эмэгтэй хүний өндгөн эсийн үр тогтоох чадвар наснаас яаж хамаардаг вэ?
Эрэгтэй хүний нас нэмэгдсэн ч гэсэн үр тогтоох чадвараа харьцангуй хадгалж байдаг. Төмсгөнд эрэгтэй эс үйлдвэрлэгдэж байдаг.Харин Эмэгтэй хүний тухайд ээжээсээ авч төрсөн өндгөн эс нь дахин үйлдвэрлэгдэхгүй, насан туршид нь зарцуулагдсаар байгаад чанарын хувьд муудаж, хөгширдөг учраас эртхэн эмнэлэг эмчид хандах хэрэгтэй л гэж зөвлөх байна.
Та гурван төрлийн эмчилгээг санал болголоо. Эдгээр эмчилгээний аргаас хамгийн үр дүнтэй арга аль нь вэ?
Хүмүүс аль болох энгийн зардал багатай эмчилгээ хийлгэхийг хүсдэг. Эхлээд зөвхөн үнэлгээ яваад тайлбарлаад өгөхөөр нэг сарын дараа ч жирэмсэлчихэж байгаа хүмүүс бий. Харин 6 сараас 1 жилийн хугацаанд жирэмслээгүй тохиолдолд дахин хойшлуулах хэрэггүй. Дараагийн эмчилгээг цаг алдахгүй хийлгэх шаардлагатай. Цацлага эмчилгээ тохирсон хүндээ үр дүнгээ өгдөг. Цацлага эмчилгээг 3-6 сар хийлгээд жирэмсэн болчихдог хосууд байдаг. Эмэгтэй хүний нас залуу байх тусмаа эс нь чанартай. Нэг хоёр удаа цацлага эмчилгээ хийлгээд жирэмсэн болчихдог хүн байхад 3 сар дараалан хийгээд ч жирэмсэн болохгүй байгаа хүмүүс байдаг. Тиймээс жирэмсэн болохгүй байвал үр шилжүүлэн суулгах эмчилгээг зөвлөнө. Цацлага эмчилгээ жирэмсэн болох хувийг нэг сард 10-15 хувиар нэмэгдүүлдэг. Байгалиараа жирэмсэлчихдэг хүмүүс нэг сард жирэмсэн болох боломж нь 30 хувь хүртэл байдаг. Энэ гучин хувь дээр цацлага эмчилгээ хийлгэвэл жирэмслэх магадлалыг 40 хувь хүртэл дээшлүүлэх боломжтой. Хэрэв үргүйдлийн шалтгаанаар эхнэр нөхөрт ямар нэг асуудал байхгүй хэрнээ хүүхэдтэй болж чадахгүй байгаа 10 хос тутмын нэг нь шалтгаан нь тодорхойгүй үргүйдэлтэй байдаг. Үр шилжүүлэн суулгах эмчилгээний боломж хувь нь эмэгтэй, эрэгтэй эсийг аваад үр хөврөл болгон хөлдөөж хадгалаад үр хөврөлийг чанараар нь үнэлдэг. А,B,C,D,I хүртэл. А зэргийн эстэй бол саванд нь суулгахад 55-70 хувийн магадлалтай жирэмсэлчихдэг. В зэргийн эс 40-50, С 30-40, D 20-30 хувь гэж үнэлэгддэг. Тиймээс арай залуу байх тусам А, В зэрэглэлийн эс өндөр гардаг. Нас нэмэгдэхийн хэрээр С, D зэргийн эс эсвэл үр хөврөлтэй болохгүй байх хүмүүс ч байдаг. Тиймээс нас хамгийн чухал хамаарлыг бий болгодог гэж ойлгож болно.
Зарим хос гэр бүл болсон үедээ хүүхэдтэй болж чадахгүй байснаа тус тусдаа өөр өөр хүнтэй гэр бүл болоод хүүхэдтэй болчихдог тохиолдлууд их байдаг. Үүнийг шинжлэх ухааны үүднээс яаж тайлбарлах вэ?
Жирэмслэхэд сэтгэл санааны байдал чухал нөлөөтэй. Эрэгтэй эмэгтэй хүн харьцаанд ороход зарим тохиолдолд эрэгтэй эс үтрээнд оронгуут орчноо дийлж чадалгүй үхчхээд байдаг. Үүнийг умайн хүзүүний шалтгаан гэж хэлдэг. Хэрэв тогтмол бэлгийн харилцаанд ороод хоног өдрөө товлоод болохгүй бол илрүүлэх шинжилгээ хийдэг. Эрэгтэй эс умайн хүзүүг давж чадах байна уу? Үгүй юу гэж тест үздэг. Өөр хүнтэй харьцаанд ороход эрэгтэй эс умайн хүзүүг давчихдаг тохиолдол байдаг.
Өндгөн эс хөлдөөх боломжтой гэж дуулсан ямар тохиолдолд өндгөн эсийг хөлдөөх вэ?
Эмэгтэй хүн өндгөн эсийнхээ нөөцийг мэдэж байх хэрэгтэй. Эмэгтэйчүүд ажил амьдралаа зохицуулаад сургууль соёлоо төгсөж байгаад хүүхэдтэй болно гэж төлөвлөөд явж байсан чинь нэг мэдэхэд нөхөн үржихүйн хувьд цаг алдчихсан байдаг.Тиймээс өндгөн эсийн нөөц буюу дааврын шинжилгээг цусаар өгөөд үүнийгээ харж байж гэр бүл төлөвлөлтөө зохицуулах нь илүү үр дүнтэй. Орчин үед охидууд хүнтэй суугаагүй, хүүхэд гаргах ойрын төлөвлөгөө байхгүй бол өөрийнхөө өндгөн эсүүдийг хөлдөөлгөж хадгалдаг болчихсон. Нөхөртэй болоод хөлдөөсөн эсээ ашиглана, үр тогтоолтонд оруулна гээд нөөцөлж үлдээж байна. Мөн өндгөн эсийн нөөц нь дуусах гээд байвал өндгөн эсээ дуусахаас өмнө эрэгтэй эстэй нийлүүлээд үр хөврөл болгоод хөлдөөгөөд хадгалчихъя гэдэг сонголт хийж байгаа хүмүүс ч байна. Мөн өндгөвчний хавдар, бусад эрхтний системийн хавдар авахуулах гэж байгаа хүмүүс хими эмчилгээ туяа эмчилгээнд өндгөн эс эрт үгүй болдог учир хими болон туяа эмчилгээ хийлгэхээсээ өмнө өндгөн эсээ нөөцөлж хадгалуулъя, эрүүл болсныхоо дараа энэ эсийг ашиглана гэдэг байдлаар нөөцөлж хадгалж байна.
Өндгөн эсийг дангаар нь хөлдөөж хадгалах өндгөн эсийг эр эстэй үр хөврөлд оруулж хадгалах хоёр ялгаатай юу?
Эрэгтэй эмэгтэй эсийг уулзуулаад үр хөврөл болгон хөлдөөгөөд хадгалбал эргэж сэргэх нь 98-99 хувьтай их өндөр байдаг. Эсийг хөлдөөж хадгалснаараа чанарын алдагдал байхгүй, хэчнээн ч жил хадгалж болдог. Дэлхийн түүхэнд 25 жил хөлдөөж хадгалсан үр хөврөлийг суулгаад хүүхэд төрсөн түүх бий. Мөн эмэгтэй эрэгтэй эсийг дангаар нь хөлдөөж хадгалж болно. Эмэгтэй эсийг дангаар нь хөлдөөж хадгалахад эргэж сэргэх хувь жаахан буурдаг учраас аль болох эрэгтэй эмэгтэй эсийг үр хөврөл болгон хөлдөөж хадгалахыг санал болгодог.
Ярилцсанд баярлалаа.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)