МЕК Транс 20 машин оруулж ирлээ гээд бусад жолооч нарыг шахаж гаргана гэдэг ойлголт байхгүй

  МоЭнКо-д гэрээгээр нүүрс тээвэрлэгчдийн ҮЭХ-ноос тээвэрчдийн эрх ашгийг хамгаалж 2021 оны 9 сарын 3-ны өдөр Ард аюушийн талбайд жагсаал цуглаан зохион байгуулж, мэдэгдэл хийсэнтэй холбогдуулан МоЭнКо ХХК-ийн Тээврийн асуудал хариуцсан менежер Г.Ариунболдоос дараахь тодруулгыг авлаа.
МоЭнКо-д гэрээгээр нүүрс тээвэрлэгчдийн ҮЭХ-ноос танайд мэдэгдэл шаардлага өгсөн үү? Ямар асуудлаар шаардлага тавиад байна вэ?
Тус ҮЭХ-ноос 2021 оны 08 сарын 20-ны өдөр манайд мэдэгдэл ирүүлсэн. Мэдэгдэлд 4 шаардлага тавьсан байсан. Эдгээр нь үндсэндээ хэрэгжээд явж байгаа асуудлууд байна. Тухайлбал: Тээврийн замын эвдрэл гэмтлийг засах талаар мэдэгдсэн байсан.
Манайх энэ оны 5,6 саруудад тээвэрлэлтийн нөхцөлийг сайжруулах зорилгоор Булган боомтын зурвас бүсийн 400м талбайг хатуу хучилттай болгож, 6,2 км замын эвдрэлийг нөхөн засварлуулсан, жил бүр хийгддэг зам засварын ажлын гэрээг байгуулаад бэлтгэл ажил эхлээд явж байна.
Хоёрдугаарт:  БНХАУ-ын эрх бүхий байгууллагын шаардлагаар хоёр талын хүмүүс хоорондоо харьцахгүй байх үүднээс хил дээр чиргүүл солих хэлбэрээр тээвэрлэлтийг зохион байгуулж байгаа. Үүнтэй холбоотой БНХАУ-ын нутаг дэвсгэрт чиргүүл гэмтсэн, дугуй хагарсан зэргээр хохирол учирсан тохиолдолд манай компани хохирлыг барагдуулахаар тээврийн гэрээнд заасан. Энэ үүргээ бид хэрэгжүүлээд компаниудаас нэхэмжлэхийг нь авч хохирлыг нь нэгдсэн журмаар барагдуулаад явж байгаа. Зарим компанийн тухайд нэхэмжлэхээ бидэнд ирүүлээгүй байна. Ирүүлэхээр нь төлнө.
Гуравдугаарт: Тээврийн хөлсийг цаг тухайд нь олгохгүй байна гэсэн. Гэтэл манай компани 6 сарын сүүлийн хагасын төлбөрийн 80% ыг гэрээнд заасан хугацаанд буюу 7-р сарын 28-нд төлж үлдсэн 20% ийг 8-р сарын 20-нд бүрэн төлж дуусгасан. Мөн 7-р сарын сүүлийн хагасын төлбөрийг 8-р сарын 30-нд буюу гэрээнд заасан хугацаандаа бүрэн төлсөн. Одоо төлбөрийн үлдэгдэлгүй байна. Эцэст нь тээврийн хөлсийг нэмэгдүүлэх тухай шаардлага тавьсан байсан.
Тээврийн хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар талууд Тээвэрлэлтийн гэрээнд тодорхой тусгаж оруулсан. Түлшний үнэ гэрээнд заасан тодорхой хувиар өсөх, эсвэл буурах тохиолдолд үнэ тохиролцох нөхцөлтэй. Өнөөдрийн байдлаар аль ч гэрээт компаниас энэ талаар ямар нэг санал хүсэлт ирээгүй байна.

МоЭнКо ХХК Ховд аймаг хамтран ажиллах гэрээ байгуулаагүй байхад Компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, нүүрсээ экспортлож байгаа нь хууль журамд хир нийцэж байна вэ ?
Энэ талаар өнөөдөр болсон цуглааны үеэр Ховд аймгийн Засаг дарга Хамтран ажиллах гэрээ бол нийгмийн хариуцлагын гэрээ гэж тодорхой хариулт өгч байсан. Өөрөөр хэлвэл, манай компани аж ахуйн нэгжийн хувьд үйл ажиллагаагаа явуулах эрхийг хуулиар хязгаарлаагүй. Ашигт малтмалын хуулиар уул уурхайн компани орон нутагтай хамтарч ажиллах гэрээ байгуулахаар заасан. Энэ хүрээнд хоёр тал гэрээнийхээ төслийг харилцан солилцоод хуульд нийцээгүй зарим асуудлаар саналын зөрүүтэй байгаа. Мөн Ковидийн нөхцөл байдал ч нөлөөлсөн. Ингээд манай компани хуучин гэрээгээ энэ жилдээ сунгаад явах хүсэлтийг Аймгийн ажлын хэсэгт 5 сарын эхээр хүргүүлсэн боловч хариу ирээгүй байна.
Одоогоор шинэчилсэн гэрээг эцэслэн байгуулаагүй хэдий ч манай компани Ховд аймгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, орон нутгийн хөгжлийн санд хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн хийж байна. 2021 оны эхний 2 улиралд Аймагт нийт 1,6 тэрбум төгрөгийн хандив өгснөөс Дарви, Цэцэг суманд тус бүр 350 сая төгрөгийг шилжүүлсэн. Үүний зэрэгцээ төсөвт төлөх татвар хураамжаа хугацаанд нь төлөөд явж байна.
  МоЭнКо шинээр 21 тээврийн машинуудыг оруулж ирэх замаар орон нутгийн тээвэрчдийг шахах гэж байна гэх асуудлаар тайлбар өгнө үү.
Хорин  машин оруулж ирж байгаа нь үнэн. Манай компани хууль зөрчсөн ямар ч үйлдэл хийгээгүй. Бид Аймгийн Онцгой Комисст хүсэлтээ тавиад Онцгой комисс нь хэлэлцээд оруулах зөвшөөрлөө бичгээр өгсөн. Цар тахлын нөхцөлд улсын хилээр импортлох барааг Аймгийн Онцгой Комиссийн зөвшөөрлөөр оруулж байгаа. Ямар ч аж ахуйн нэгж импортоор машин оруулж ирэх эрх нь нээлттэй бөгөөд үүнийг бид хууль бус гэж үзэхгүй байна. Үйлдвэрчний байгууллагын зүгээс Хөрөнгө оруулагчийн эрхийг хязгаарлах ородлого хийж байгаа нь харин өөрөө хууль бус үйлдэл юм. МЕК Транс компани нь Ховд аймагт бүртгэлтэй, Ховд аймагт татвараа төлдөг, 100 хувь орон нутгийн жолооч нар ажилладаг. Тэгэхээр бусад 26 компанитай яг ижил нөхцөлд үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн компани юм.
МЕК Транс 20 машин оруулж ирлээ гээд бусад жолооч нарыг шахаж гаргана гэдэг ойлголт байхгүй. Одоо манай компанийн тээвэрлэлтэнд оролцож байгаа бүх тээврийн компани, тээврийн хэрэгслэлүүд цаашид ч тээвэрлэлтэндээ оролцоод явна.
МоЭнКо компани жолооч нарт С зөвшөөрөл олгохгүй, С зөвшөөрлийн тоог хязгаарлаж байгаа нь жолооч нарын эрх ашгийг хохироож байна гэх асуудлаар?
Одоо манай тээвэрлэлтэнд 760 гаруй тээврийн хэрэгслэл оролцож байна. 100 хувь орон нутгийн тээвэрчид. Манайх уурхай эзэмшигчийн хувьд Авто тээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулж, олон чиглэлээр үүрэг хүлээдэг. Үүний нэг нь экспортын төлөвлөгөөндөө нийцүүлж С зөвшөөрөл олгох шаардлага тавигддаг ба уг шаардлагын дагуу бид тээвэр зохион байгуулалтыг дотоодын менежментийн хүрээнд эрэлт хэрэгцээндээ нийцүүлж явуулдаг. Саяхан хүртэл Авто тээврийн үндэсний төвөөс дээрх шаардлагыг тавьсан албан бичиг ирүүлсэн. Одоогоор манай тээвэрлэлтэнд оролцсон дээрх 760 жолооч бүгд С зөвшөөрлөө авсан. Харин өөр бусад боомтуудаар тээвэрлэлт хийж байгаад нэмэлтээр орж ирэх хүсэлтэй байгаа, эсвэл тээвэрлэлтэнд оролцоогүй жолооч нар нилээд байна. Гэхдээ С зөвшөөрлийг бүх хүнд олгоно гэвэл тээвэрлэлтийн ачаалал эрс нэмэгдэхээс гадна тээвэрлэлтэнд одоо оролцоод явж байгаа жолооч нарын рэйсийн тоо, орлого нь буурах сөрөг үр дагавар үүснэ. Зарим тээврийн компаниуд С зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэхийг дэмжихгүй байна гэдгээ ч илэрхийлээд байна.

Зөвхөн 2020 болон 2021 онд үйлдвэрлэгдсэн машинуудад С зөвшөөрөл олгоно, харин хуучин машинууд тээвэрлэлтэнд оролцохгүй болж байна гэж ойлгосон. Гэтэл тээвэрчдийн ихэнх нь хуучин машинтай байгаа шүү дээ. Эдгээр хүмүүс хохироод үлдэнэ гэсэн үг үү?
Тийм шаардлагыг бид тавиагүй. С зөвшөөрлийг одоо явж байгаа бүх машиндаа олгодгоороо олгоно. Харин тээврийн компаниуд шинэ тутам машин оруулж ирэх бол бид бодлогоор дэмжинэ гэдэг санааг л бид журмандаа тусгаж өгсөн. Өөрөөр хэлвэл, одоо байгаа С зөвшөөрөл дээр нь нэмж зөвшөөрөл олгох замаар парк шинэчлэлтийг нь дэмжинэ гэсэн агуулгаар тусгасан. Учир нь хэт хуучин тээврийн хэрэгслэлүүд эвдэрч гэмтэх, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд саад учруулах явдал багагүй гардаг.
МоЭнКо компани тээвэрлэлтэнд давуу эрхтэй оролцож байгааг жолооч нарын зүгээс их эсэргүүцэж байна. Үүнийг зохицуулах боломж бий юу?
Төслийн үйл ажиллагааг, тэр дундаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах нь манай компанийн дотоод менежментийн асуудал юм. Үүнийг тээврийн компаниуд төдийлэн ойлгохгүй, дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого байнга гардаг. Тиймээс энэ асуудлыг тусгайлан гэрээндээ зааж өгч, МоЭнКо компани тээврийн менежмент зохион байгуулалтыг өөрөө шийдвэрлэх эрхтэй гэдэг заалтыг гэрээндээ зориуд тусгаж өгсөн. Үүнийг тээврийн компаниуд хүлээн зөвшөөрч гэрээгээ байгуулсан. Тэгэхээр цаашдаа гэрээний зохицуулалтаараа л явна гэж ойлгож байна.
Танайх Ховд аймагтай Хамтран ажиллах гэрээг хэзээ байгуулах вэ?
Үүнийг би мэдэхгүй байна. Компанийн удирдлагын түвшинд Аймгийн Ажлын хэсэгтэй тохиролцоод шийдэгдээд явах байхаа.

Ярилцлага өгсөнд баярлалаа.




Сэтгэгдэл ( 0)