Ховд аймаг 24,000 га талбайд тариалалт хийх боломжтой

  Хаврын тариалалт эхэлж байгаатай холбоотойгоор ХХААГ-аас хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээний талаар газар тариалангийн үйлдвэрлэл, техник технологи хариуцсан мэргэжилтэн Р. Тогтохбаяртай ярилцлаа.

  Хаврын тариалалтын бэлтгэл ажил эхлээд байна. Ховд аймаг энэ жил тариалалтынхаа хэмжээг нэмэгдүүлэх үү?
Ховд аймгийн хувьд өнгөрсөн онд 2852 га талбай тариалалт хийн 27000 тонн ургац хураан авсан. Энэ жил Засгийн газар ХХААХҮЯ-наас тариалалтын хэмжээг нэмэгдүүлж, дотооддоо хүнсний ногооныхоо хэрэгцээг 100% хангадаг болох зорилт тавьсан. Энэ зорилтынхоо хүрээнд Ховд аймаг энэ онд 3200 га газарт тариалалт хийхээр төлөвлөөд байна. Манай тариаланчдын хувьд бууц бордоо, талбайгаа бэлдээд эхэлж байна. Энэ жилийн хувьд цаг агаар тогтворгүй байгаа нь тариалалтыг эрт эхлүүлэхэд хүндрэл үүсгээд байна. Гэвч цаг агаарын байдал харьцангуй тогтвортой байгаа зарим сумдад тариалалтын ажил хийгдэж эхлээд байна. Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид навчит ногоо болон сонгинолог ургамлуудаа тариалаад эхэлчихсэн байна.
Үр тариаг тариаланчдад хөнгөлөлттэй үнээр олгож байгаа хэдий ч хүрэлцээ муу байна гэх шүүмжлэлийг тариаланчид хэлж байсан. Манай аймагт үр тарианы нөөц, хүрэлцээ хангамж ямар байна вэ?
Энэ жил ХХААХҮЯ-аас газар тариалан эрхлэгчидэд 80% хөнгөлөлттэй үр олгож байгаа, манай аймгийн хувьд 520 орчим кг үр нийлүүлэгдсэн. Үүнийг газар тариалан эрхлэгчид, ойжуулагчдын зөвлөгөөн дээр тариаланчиддаа хуваарилсан. Үрийн 20%-ийн үнийг аймгийн Засаг дарга бодлогоороо дэмжээд нөөц хөрөнгөнөөсөө шийдвэрлэж өгсөн. Манжин, лууван, хүрэн манжингийнхаа үрийг ногоочидод үнэгүй тараасан бол бусад нарийн ногооны үрийг сум орон нутгаас ирсэн захиалгынхаа дагуу урьдчилгаа 20%-ийнхан үнээр олгоод ерөнхийдөө дуусаж байна.
Одоо ХХААХҮЯ нь дээр хүлээгдэж байгаа нэг ажил нь төл сонгины тендер нь арай задраагүй байна. Тендер задраад нийлүүлэгдэх юм бол Ховд аймагт төл сонгино нийлүүлэх боломж байгаа. Мөн хөдөө аж ахуйн дэмжих сангаас тусдаа өөрийн гэсэн үрийн тендер зарласан. Энэ 4 сарын 29 -нд дахиад тендер нь зарлагдаж гүйцэтгэгч нь шалгарснаар тодорхой хэмжээний үр манай аймагт хуваарилагдах боломжтой гэж харж байгаа. Нийлүүлэгдэж байгаа үрийн хувьд 21 аймагт хувиарлахаар ногоочдын хэрэгцээний хаана ч хүрэхгүй байгаа. Иймд тариаланчидийн зүгээс өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан үрээ бэлдэж, тариалалтаа хийж байна.
Өмнө нь тариаланчдыг дэмжих чиглэлээр хөнгөлөлттэй зээлийг нэгдсэн байдлаар олгодог байсан бол энэ жилээс арай өөр зохицуулалт хийгдэх болсон гэсэн?
Энэ жил зөвхөн ногоочидод зориулаад 50 тэрбум төгрөгний зээлийг зарласан. Өмнө нь томоохон үр тарианы аж ахуй нэгжүүд гол төлөв хөнгөлөлттэй зээлэнд хамрагдаж байсан энэ жил үр тариа, төмс хүнсний ногоог тусад нь салгасанаараа онцлогтой. Үр тариан дээр 100 тэрбум, төмс хүнсний ногоон дээр 50 тэрбум төгрөгний зээлийг зарлачихсан.
Иймд манай байгууллагын зүгээс 17 сумынхаа газар тариалан эрхлэгчдийнхээ судалгааг аваад материалуудыг нь банкнуудад хүргүүлээд байна. Энэ дагуу Банкнуудын зүгээс жилийн 3% хүүтэй 2 жилийн хугацаатай зээлийг олгож эхлээд байна.
Хил гааль хаасантай холбоотойгоор бордооны нөөц, хангамжийн асуудал яригдаж байна. Чанартай бордоогоор тариаланчдаа хангах тал дээр салбарын зүгээс авч хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээ бий юу?
Хөдөө аж ахуйг дэмжих сангаас бордоог 50% урьдчилгаа төлбөртэйгээр, лизингээр олгож байгаа. Үүнд бүх тариаланчид хамрагдаж бордоогоор хангагдах боломжтой. Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлд тариаланчид анхаарах болсон байна.
Салбар яамны зүгээс бодлогоор хөнгөлөлттэй үнээр хүлэмжийг аймгуудад олгох шийдвэрийг гаргаад байсан.Энэ жил манай аймагт хүлэмж олгогдох уу?
Сүүлийн 2 жил коронагаас болоод Ховд аймгийн ХХААГ-т хүлэмж ирээгүй. ХХААХҮЯ дээр ч олгогдоогүй . Сүүлд авсан мэдээллээр Хөдөө аж ахуйг дэмжих сан дээр хүлэмжийг хөнгөлөлттэй үнээр олгох төсөл зарлагдчихсан байгаа. Гэхдээ аймгууддаа хуваарилаад ирхээр хүртээмж нь хангалтгүй байдаг. Харин манай аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, төсөв дээр 100 сая төгрөгний өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах гээд тусгачихсан байгаа. Мөн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулахаар малчны хороололд 5 га газрыг шийдүүлээд байна.
Ингэснээр тариаланчид нэгдэн бүлэг, хоршоо болоод зохион байгуулалтад орж хамтран ажиллавал хүрэх үр дүн өндөр гэж харж байна.
Шинэ Ховд хөтөлбөрийн хүрээнд газар тариаланг дэмжих бодлогын чанартай хөрөнгө оруулалт хийгдэхээр болсон гэсэн. Ямар ажлууд ойрын хугацаанд хийгдэх вэ?
Өнгөрсөн жил хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 40 сая төгрөг тавигдаж, Шинэ Ховд төслийн хүрээнд тендер нь зарлагдаад хүлэмжийнхээ өргөдөл, хүсэлт өгсөн хүмүүст 6 хүлэмж олгосон байдаг. Шинэ Ховд хөтөлбөрийн хүрээнд хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах зураг төслийн ажил хийгдээд дуусаж байгаа.
Хүнсний ногоо хадгалах механикжуулсан зоорийг яагаад ашиглалтад авахгүй байна вэ? Уг нь үр ашгийг нь тариаланчид хэдийн хүртээд эхэлчихсэн байх ёстой биз дээ.
2019, 2020 оны үед Ховд аймагт Хүнсний ногооны механикжсан 1000 тонны багтаамжтай зоорь барих тендер ХХААХҮЯ дээр зарлагдаад баригдаж дууссан боловч тендерийнхээ бичиг баримтанд зааснаар доторх хөрөнгө оруулалт нь огт хийгдээгүй учраас Аймгийн Засаг даргын тамгын газар, ХХААГ хүлээж аваагүй байгаа. Гүйцэтгэгч компанийн зүгээс энэ оны гуравдугаар сард 2 -3 төрлийн төмс хүнсний ногоо ялгагч, жин, түрдэг зэргийг хүлээлгэж өгсөн. Аймаг орон нутгийн зүгээс гүйцэтгэгч компанид хандан ирэх 6 дугаар сарын 1 гэхэд ашиглалтад хүлээлгэж өгөх шаардлагыг тавиад байна.
Тариалалтын хэмжээ, га талбайг нэмэгдүүлэхэд усалгаатай газар тариаланг хөгжүүлэх явдал чухал гэж үздэг. Ховд аймаг усалгаатай газар тариаланг хөгжүүлэхэд ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?
Ховд аймгийн хэмжээнд газар тариалан эрхлэх боломжтой 24,000 га талбай байна. Тиймээс томоохон услалтын системүүдийг сэргээн засварлаж ашиглах асуудал чухал байна. Энэ жил Үенч сумын Цагаан эргийн услалтын систем ашиглалтад орно. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Эрдэнэбүрэнгийн услалтын систем, Алтай сумын Боомын услалтын системүүдийн тендер зарлагдаад явж байна. Дээрх услалтын системүүдийг ашиглалтанд оруулснаар усалгаатай газар тариалангийн талбай нэмэгдэх бүрэн боломжтой гэж харж байгаа. Түүнчлэн Мянгад сумын услалтын системийг сэргээн засварлах санхүүжилт шийдэгдчих юм бол тариалалтын га талбайн хэмжээ нэмэгдэх боломжтой.
Ярилцсанд баярлалаа.




Сэтгэгдэл ( 0)