Ховд аймгийн “Түүх соёлын үл хөдлөх дурсгалын тооллого” 90,7 хувьтай хийгдэж дууслаа

  Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн А/ 487 дугаар захирамжаар Ховд аймгийн “Түүх соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг бүртгэн баримтжуулах” ажлыг хэрэгжүүлэхээр Соёл урлагийн газрын дарга М. Пүрэвхүүгээр ахлуулсан 7 хүнтэй ажлын хэсэг байгуулагджээ.
Тухайн ажлын хэсэг Ховд аймгийн 17 сумын нутаг дэвсгэрт байгаа “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллого”-ыг амжилттай зохион байгуулж, 716 ширхэг үл хөдлөх дурсгалаас 650 ширхэгийг нь бүртгэн баримтжуулж, улмаар 7800 орчим дурсгалуудыг нарийвчлан тоолж, шинээр 200 гаруй түүхийн үл хөдлөх дурсгал илрүүлэн ажиллажээ.





Тооллогын ажил 90,7 хувьтай дуусаад байна. Хугацааны тухайд 2022.08.24-10.10-ыг хүртэл 2 сар гаран хугацааг зарцуулжээ. Таван жилд нэг удаа хийгддэг “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллого”-оор дурсгалуудын хадгалалт, хамгаалалтын үнэлгээг хийх юм.







Ажлын хэсгийнхний ажиглаж, баримтжуулснаар нийтлэг гардаг зөрчил болох хиргисүүр ухаж тонох зөрчил багассан бол нар салхины нөлөөгөөр түүх, соёлын дурсгалууд элэгдэх, балрах явц илүүтэй ажиглагдсаныг онцолж байна.





Түүнчлэн зайлшгүй хамгаалалтад авах шаардлагатай хэд хэдэн түүх соёлын дурсгалууд байна. Тухайлбал: Гурван цэнхэрийн агуй, Үенч сумын Харганатын хадны бэлчрийн Хүннүгийн үед хамаарах тамганы дүрс бүхий сүг зураг гэх мэт.
Ажлын хэсэг дээрх дурсгалуудыг яаралтай хамгаалах асуудлыг тухайн сум, мэргэжлийн байгууллага, соёлын яаманд хүргүүлэн ажиллажээ.
Хоёр сар гаруй хугацаанд үргэлжилсэн “Түүх соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг бүртгэн баримтжуулах” ажил дууссанаар мэдээллээ нэгтгэн дүгнэж, баримтжуулан цахим программд шивэх ажил үргэлжлэн хийгдэж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)