Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Хөшөөтийн уурхайд ажиллалаа

  Ховд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид өчигдөр буюу /2022.11.11-ний/ өдөр Хөшөөтийн уурхайд зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа ИХ-ын төлөөлөгчид орон нутгийн нүүрс олборлох үйл ажиллагаа, хуурай баяжуулах үйлдвэртэй танилцаж, МоЭнКо ХХК-ийн удирдлагууд болон инженерүүдтэй уулзалт хийж, тулгамцаж буй цаг үеийн асуудал болон цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцлоо.



Хөшөөтийн уурхайн экспорт болон үйл ажиллагааны цар хүрээ өсөж, аймаг орон нутагт оруулж буй хувь нэмэр бодитой нэмэгдэж байна.
МоЭнКо ХХК улс орон нутгийн төсөвт энэ оны эхний 10 сарын байдлаар 94.4 тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийн орлого төвлөрүүлж, сүүлийн таван жил дараалан ТОП 100 аж ахуй нэгжийн нэгээр шалгараад байна.
Ховд аймагт хэрэгжиж буй уул уурхайн хамгийн том төслийн бол Хөшөөт төсөл. Найман жилийн өмнө энэ төсөлд 1068 хүн ажиллаж байсан бол энэ оны тоогоор 2419 болж нэмэгджээ.
Нийт ажиллах хүчний 80-аас дээш хувь нь Ховд аймгийн иргэд байгаа нь улсын хэмжээнд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж буй тэргүүлэх үзүүлэлт болж байна.
Хөшөөтийн уурхайн зүгээс Ховд аймгийн иргэдэд 2022-2023 онд 35000 тонн бүхэл нүүрсийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байгаа. МоЭнКо ХХК аймагтай байгуулсан гэрээний дагуу энэ жил орон нутгийн гэр хорооллын айл өрхүүдэд 35 тонн нүүрс олгохоор болсон.
Өнөөдрийн байдлаар /2022.11.11-ний/17 суманд нүүр олголт 42%-тай байгааг МоЭнКо ХХК-с мэдээллээ. Хөшөөтийн нүүр татан авах дарааллаа хүлээж байгаа 30-аад машин байлаа.
Тэдгээр машин нүүрсээ авахаар уурхайд ирээд хамгийн багадаа 3 хоног хамгийн ихдээ 20-иод хонож байгаа гэнэ. Орон нутгийн нүүрс татан авахаар дугаарлаж байгаа тээвэрчдийн бухимдал төрүүлж байгаа асуудал нь хоногт ачиж байгаа нүүрсний машины тоо хангалтгүй, ачуулж байгаа нүүрсний чанар муу, оочир дарааллыг зохицуулах зохицуулалт байхгүй цаг хугацаа алдаж байгаа зэрэг асуудлуудыг хөндөж байлаа.




Ордын нөөц, геологийн тогтцоос шалтгаалан нүүрс, чулуулгийн холимог болон нунтаг их байгаа учраас ангилан ялгалт удаашралтайгаар уурхайн амны гадна дугаарлалт үүсээд байгааг үгүйсгэх аргагүй юм. Нөгөө талаар орон нутгийн тээвэрчдийн өмнөөс зохион байгуулалттай дараалал үүсгэн, оочир дамлах наймаа явагдаж байгаа нь ачаалал үүсгэх бас нэгэн нөхцөл болоод байгааг тээвэрчид дурдаж байлаа. Тодруулбал: Орон нутгийн нүүрс авахаар ирсэн машины оочрыг хиймлээр үүсгэн машин байршуулаад 500 мянган төгрөгөөр дамлан зардаг иргэд байна гэлээ.
Харин Хөшөөтийн уурхайд ажилласан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид уурхайн төлөөлөлтэй уулзсан уулзалтынхаа үеэр орон нутгийн нүүрс олголтын асуудлаар өөр өөрийн байр сууриа илэрхийлсэн бол гадаа дугаарлаж байгаа жолооч нар ойлголтын зөрүүгээс экспортолдог сайн нүүрсээ тусад нь гаргаж, бидэнд хогтой нүүрс өглөө гэсэн мэдээллийг үгүйсгэлээ.



Уурхайн инженерүүд нөхцөл байдлыг танилцуулж, аймгаас баталсан хуваарийн дагуу нийлүүлэлт хийж байгаагаа илэрхийлээд цаашид энэ хэмжээг нэмэгдүүлж, өдөрт 3 шалаанз, 3 дунд оврын машин нүүрс гаргахын зэрэгцээ, жижиг машинуудыг өнөөгийнх шигээ хүлээлгэлгүй гаргахаа мэдэгдлээ.
Цаашид гадаа дугаарлаж байгаа жолооч нарын төлөөллийг уурхайтай танилцуулж, олборлосон нүүрсийг харуулж, бодит нөхцөл байдлыг танилцуулахаа ч хэлсэн юм. Ховд аймгийн иргэдийн төлөөлөгч нар энэ удаа уурхай дээр өргөн бүрэлдэхүүнтэй цуглаж, компанитай хамтран үр бүтээлтэй ажиллах боломжуудыг санал болгон, ярилцлаа.
Уурхайн зүгээс аль болох нээлттэй мэдээлэл, бодит нөхцөл байдлыг харуулах зорилгоор энэ аяллыг дэмжин зохион байгуулсан бөгөөд иргэд, төлөөлөгч нар ч энэ үйл ажиллагааны үеэр нээлттэй санал бодлоо илэрхийлж байсан юм.



Нөхцөл байдалтай уялдуулан иргэдийг аль болох эртнээс нүүрсээ базааж, хадгалалт хамгаалалтаа өөрсдөө хийх боломжтойг уурхайн ажилтнууд зөвлөж байсан юм. Өмнө нь уурхайн зүгээс долдугаар сараас шигшүүр ажиллуулж, наймдугаар сард нүүрс бүхэл нүүрс нөөцөлж байсан туршлага байдаг ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нүүрс бороонд норж, бутарснаар хоёр жил дараалан 5000 тонн нүүрс хэрэгцээгүй болж байсан мэдээлэл байна.



Уурхайн зүгээс нүүрс олголтыг заавал 9-10 сар гэлтгүй 6 сараас эхлэн олгох боломж бий. Ингэхийн тулд ажлын төлөвлөгөөгөө шинэчлээд сум орон нутагтайгаа зөвшилцөн зохион байгуулалтаа хийж ажиллах бүрэн боломжтойг хэллээ.
Түүнчлэн орон нутгийн тээвэрчдийн оочир дарааллыг компанийн зүгээс биш орон нутаг өөрөө зохицуулалт хийн ажиллах шаардлага байна.
Харин энэ жилийн нүүрсний талон зохион байгуулалт муутай тараагдсан гэдгийг хаана хаанаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тиймээс цаашид нүүрсний талон олголтын асуудлыг судалгаатай, хариуцлагатай олгох тал дэр анхаарах шаардлагатай байна гэв.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)