“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төслийн дунд хугацааны үнэлгээний тайлангийн хурал боллоо

  Норвегийн тусламжийн байгууллага нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо, Баян-Өлгий, Ховд аймгийн Засаг даргын тамгын газартай байгуулсан ”Харилцан ойлголцлын санамж бичиг”-т үндэслэн 5 жилийн хугацаатай “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төслийг 2020 оноос эхлэн хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийг чадавхжуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн үйлчилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг төслийн хэрэгжүүлэгч болон хамтрагч байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулан ажиллаж байна.
Ховд, Баян-Өлгий аймгуудад хэрэгжиж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төслийн хэрэгжилтэд МУИС-ийн багш нарын баг хөндлөнгийн үнэлгээ хийснээр төслийн дунд хугацааны үнэлгээний тайлангийн хурлыг 2022.12.08-ний өдөр Баян-Өлгий аймагт зохион байгууллаа.




Монгол улсад 0-16 насны хөгжлийн бэрхшээлтэй 11 мянга гаруй хүүхэд байдаг бол Баян-Өлгий аймагт 630, Ховд аймагт 354 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа судалгаа байна.
Эдгээр хүүхдүүдийн эрхийг хангуулахын төлөө төрийн байгууллагууд тодорхой ажлуудыг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд хууль эрх зүйн орчин ч тодорхой хэмжээнд бүрдсэн гэж үздэг байна. 2018 оноос хойш хүүхэд бүрийг оршин байгаа орон нутагтаа хамтдаа хөгжих, оролцох, амьдрах, тэгш хамруулах бодлогыг засгийн газраас баримтлан ажиллаж байна.
Мөн аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байдаг. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд рүү чиглэгдсэн бодлого үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх явдал чухлаар тавигдаж, хэрэгжилтийг нь сайжруулах, тодорхой үр дүнд хүргэхээр зорьж байна.





“ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төсөл”-ийн дунд хугацааны тайлангийн үнэлгээгээр Төслийн үндсэн үзүүлэлт болох
1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоог чадавхжуулах
2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгмийн үйлчилгээнд тэгш хүртээмжтэй хамруулах
3. Орон нутгийн удирдлага, төрийн байгууллагуудын оролцоо дэмжлэг нэмэгдэж хамтын ажиллагаа хөгжих гэсэн 3 үзүүлэлтээр хэмжиж дүгнэсэн байна. Ингэснээр тухайн төсөл нь үндсэн зорилго зорилтынхоо хүрээнд амжилттай хэрэгжиж байна гэж үзжээ.






“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төслийг нэгэнт бий болсон чадавх, нөөц, боломжууд дээрээ тулгуурлаад цаашдынхаа ажлуудыг төлөвлөн тасралтгүй хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж байна. Түүнчлэн ковидоос шалтгаалан хугацаа алдсан төлөвлөгөөт ажлаа шахаж сумдад хүрч ажиллах шаардлагатайг онцоллоо.





Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)