ИШГЭН ТОЛГОЙН ХАДНЫ ЗУРАГ

Манхан сумын төвөөс зүүн хойш 6 км орчимд Сэнхэрийн голын хойд эрэгт 2 хадан толгой орших бөгөөд нутгийнхан Ишгэн толгой хэмээн нэрлэдэг. Ишгэн толгойн хадны зургийг 1979 онд Монгол Зөвлөлтийн түүх соёлын хамтарсан экспедицийн чулуун зэвсэг судлах анги анх илрүүлжээ. Тус хаданд нийт 150 гаруй зураг дүрс сийлсэнээс хүн 1, адуу 18, үхэр 13, буга хандгай, гөрөөс 19, тэмээ 1, янгир 17, аргал 11, могой 5, бар 3, тэмдэг дүрс 53 байдаг ажээ.Ишгэн толгойн хаданд амьтдын дүрсийг сийлэхдээ


 
1. Амьтдын биеийн ерөнхий тэгийг хөвөөлөн цохих 2. Бүх талбайгаар нь хонхойлгон цохих 3. Биеийн ерөнхий тэгийг хөвөөлөн цохиод, толгойн хэсгийг хонхойлгон цохих зэрэг 3 аргыг хэргэлсэнээрээ онцлогтой юм. Мөн аль ч үед зургийг сийлэхдээ гол төлөв наран талыг сонгон авдаг бол Ишгэн толгойн хадны зураг нь салхин талд зурагдсан нь сонирхолтой юм.


 
Ишгэн толгойн хаданд Монголын чулуун зэвсэгийн үеийн хадны зургуудад урьд өмнө огт дүрслэгдэж байгаагүй барын зураг 3 удаа тохиолдож байгаа нь ихээхэн сонирхолтой бөгөөд эдгээр зураг нь Монголын алтайд палеомитын үед бар нутаглаж байсаныг нотолж байна.



 
НҮХЭН ӨТГИЙН ХАДНЫ ЗУРАГ
  Хойд сэнхэрийни агуйгаас хойт зүгт 4 км орчимд сэнхэрийн голын хойт этгээдэд нүхэн өтгийн ам өгсөөд нэгэн бууц бий. Түүнийг нутгийнхан “Нүхэн өтөг” гэж нэрлэдэг. Өтгийн дээд талын хад болон доош үргэлжлэх жалгын зүүн талын наран ээвэр хаданд олон тооны зургууд бий. Нүхэн өтөг хадны зураг нь дундаа бага зэрэг тасалдалтайгаар 1,5 км орчим үргэлжилнэ. Хадны зураг нь д.т.д 1772 метрийн өндөрт оршино. Нүхэн өтгийн зураг нь олон төрлийн амьтдыг зурсанаараа онцлогтой. Үүнд: Хадан дээр зогсож буй янгир, махчин амьтан, буга, үнэг, харайж буй хирс, явж буй хүний дүрсийг хонхойлгон цохисон байна. Эдгээр зургаас нэлээд зайд 2 янгир, үл мэдэгдэх амьтан, загварчилсан тэмээ, гурван янгирыг хойш урагш харуулан дүрсэлсэн байна. Өөр нэгэн хадан дээр маш олон амьтдыг сийлсэн байдаг. Үүнд: том эвэртэй бух, түүний доор үржлийг бэлэгдсэн тэмдэгийг сийлжээ. Энэхүү зураг нь ихээхэн сонирхолтой юм. Учир нь энэхүү “Үржлийг бэлэгдсэн” тэмдэг буюу зууван хонхорыг голдуу палеолитын үеийн хадны зургууд дээр дүрсэлдэг юм. Энэхүү зургийн доод талд маш том эвэртэй янгир, явж буй үхэр, махчин амьтад, ан агнаж буй хүн зэрэг зургуудыг сийлжээ. Мөн нэгэн толигор хаданд нум сумтай 9 хүн, 8 жижиг янгирыг харваж байгааг үзүүлсэн байна. Бас энэ хаданд нум сумтай 5 хүн 2 янгирыг тал талаас нь шахан харваж байгааг дүрсэлсэн байна. Иймээс эдгээр зургууд нь монголчуудын ан авын түүхийг нэхэн судлахад чухал баримт болно.
 
ТАХИЛТЫН ХОТГОРЫН ХҮННҮ БУЛШ
  Манхан сумын нутаг Тахилтын хотгорт Хүннүгийн үед холбогдох олон арван булш байдаг. Тус газар нь Манхан сумын төвөөс баруун хойд зүгт 10 км оршино. Энд нийтдээ 200 орчим булш байдаг. Монголын үндэсний түүхийн музейтэй хамтран мөн 2 булшийг малтан шинжилжээ. Эдгээрээс Д. Навааны малтан шинжилсэн язгууртны 2 булш нь дотроо модон байгууламжтай, нас барагчийг дагалдуулан олон эд өлгийн зүйл тавьсанаараа онцлогтой. Тухайлбал: 2-р булшнаас язгууртан залуу, мөн эмэгтэйг эд өлгийн зүйлс дагалдуулан тавьжээ.

ХАР УС НУУР
Хар ус нуур нь д.т.д. 1153 м өндөрт өргөгдсөн, цэнгэг устай нуур юм. Нийт талбай нь арлуудын хамт 1860 гаруй км2, нуурын хамгийн өргөн нь 26 м2, хамгийн урт нь 72 км, нуурт харилцан адилгүй талбай бүхий олон тооны арал байдгаас хамгийн том нь 400 км2 талбайтай Агваш арал юм. Цэнгэг уст нуурын дундах арал, эргийн хэсэг нийтдээ намагжин, зэгс хулс зэрэг ургамал өтгөн шигүү ургахаас гадна дэлхийд нэн ховордсон бадамлянхуа цэцэг их хэмжээгээр ургасан байх нь гайхамшигтай.
Уг нуур нь байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн байдаг тул олон зүйл шувууд, зэгсэний гахай зэрэг ан амьтны орогнон амьдрах аятай орчин болдог. Борцгор хотон, зэгсэний гахай, бөлбөө цэцэг зэрэг улаан номонд орсон ховор амьтан ургамалтай. УИХ-ын 1997 оны 47-р тогтоолоор Ховд аймгийн Мянгад, Буянт, Чандмань, Манхан, Дөргөн сумын нутаг Жаргалант хайрхан уул, Хар ус нуур, хар нуур, Дөргөн нуур орчмын 480 мянган га нутгийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулсанаар хар ус нуурын байгалийн цогцолбор газар байгуулагдсан.



 
ТООРОЙН ЭЛС
Дуунд мөнхөрсөн алдарт тооройн цагаан элс нь Манхан сумын төвөөс зүүн ургаш 50 кмт Зэрэг гол багийн нутагт оршдог. 5 км урт 15 км өргөн зурвас газар яг л говьд очсон юм шиг хаашаа л харна элсэн манхан. Алдарт тооройн элсний үзэсгэлэн бүрдсэн энэ газар тэмээн сүрэг бэлчих нь нэн үзэсгэлэнтэй.



 
РАШААНТЫН ХҮРХРЭЭ
Энэхүү хүрхрээ нь Манхан сумын Баянгол багийн нутаг Жаргалант уулын зүүн хэсэгт оршдог. Байгалийн үзэсгэлэн цогцолсон газар уулын бяцхан горхи, бэл рүү олон газар хүрхэрээ үүсгэн буух нь нэн сонирхолтой. Дээд доод 2 газар хүрхэрээ бий. Дээд хүрхэрээ нь 60 м өндрөөс буух нь одоогоор монголд байгаа хамгийн өндөр хүрхэрээ юм. Их бага 2 хүрхэрээ байдаг салааны аманд ходоод элэг цөсний рашаан байдаг. Уг салааг ардууд рашаант салаа гэж нэрлэдэг байна. Эх сурвалж: Ховд аймаг Манхан сум “Богда- Эф” ХХК


 
Ховд аймгийн дурсгалт газрууд




Сэтгэгдэл ( 0)