ДУУТ СУМЫН НЭВТИЙН АМРАЛТ, РАШААН СУВИЛАЛ
Дуут сумын Нэвтийн рашааныг анх 1930-аад оноос эхлэн орон нутгийн иргэд хэрэглэж эхэлсэн түүхтэй. 1971 оноос төр засаг анхаарал тавьж рашаан усанд нь шинжилгээ хийж хүний биеийн дотоод эрхтэнүүдэд ямар ач тустай рашаан ус байгааг мэргэжлийн түвшинд судалсаны үндсэн дээр энэхүү рашаан сувилалыг байгуулсан түүхтэй. Тус рашаан сувилалын газар нь 1989 оныг хүртэл тусгай хамгаалалттай, тодорхой тооны ажилтан албан хаагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан байна. Нэвтийн рашаан сувилалын газар нь зах зээлийн үед хувьчлагдсанаар үйл ажиллагаа нь доголдож улмаар бүрмөсөн хаалгаа барьсан байдаг. Харин 2007 онд Аймгийн засаг даргын дэмжлэгээр 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн засаж дахин үйл ажиллагааг нь явуулж эхэлсэн байна. Гэвч тухайн байгууллагыг аж ахуйн тооцоон дээр ажилуулах зарчим баримталсан хэдий ч зохих үр дүнгээ төдийлөн өгч чадаагүй юм. Иймд уг амралтын газрыг “Мянган угалзат” төрийн өмчийн улсын үйлдвэрийн газрын харъяа болгон өөрчилсөн юм. Тус амралтын газрын бурхан хад уулыг нутгийн иргэд рашаан устайгаа холбон хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Рашаанаар биеэ илааршуулан бие сэтгэлээ Бурхан хад ууландаа даатгадаг монголчуудын оюун бие сэтгэлийн нандин увидасыг харуулж байдгийн нэгэн илрэл юм. Нэвтийн рашаан булаг бүр нь төмөрлөгийн эртний герциний үеийн бүдүүн ширхэгт ухаа цайвар боржин, диорит, сэвхэт чулуу, нэн их хувирсан хар хөх занар зэрэг чулууны судлаар ориглох гүнээс гардагаараа өвөрмөц юм.
Энд одоогоор 10-д төрлийн рашаан оргилон гарч байгаагаас гадна өөр өөрийн нэр, зориулалттай.Тухайлбал: Бумбатын рашаан буюу дотрын рашаан, хүүхдийн, элэг цөсний, нүд, үе мөч, эмэгтэйчүүдийн, бөөр, зүрхний, толгойн гэх мэт. Нэвтийн амралт сувилалын газар амрагчид хийгээд тус рашаан сувилалыг зорин ирэгсэд өөр өөрийн өвчин хуучдаа тохируулан хэрэглэж илааршсаар ирсэн түүхтэй. Мөн энэ газар олон төрлийн рашаанаас гадна умай хад байдаг. Тус хаданд багтан орж хөрвөөн, үйлдсэн нүгэл хилэнцээ наминчлан залбирч толгойгоороо гарваас эхийн хэвлийд дахин бүрэлдэж эх газар шинээр төрсөн мэт ариусдаг хэмээн үздэг байна.
Сэтгэгдэл ( 0)