УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ, ТҮҮНИЙ ХОР ХОЛБОГДОЛ, ХЭЛМЭГДЭГСДИЙН ТАЛААР ТӨРӨӨС ХИЙЖ БУЙ АЖИЛ

УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ, ТҮҮНИЙ ХОР ХОЛОБОГДОЛ

Хэлмэгдүүлэлт гэдэг үгийг “ Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д хүнийг хилс хэргээр гүтгэж, бие махбод, сэтгэл санааны зовлонд унагах гэсэн утга бүхий үгийн үйлийн үр дүнг заасан нэр, хүнийг элдэв зүйлээр хяхан, хилс хэрэгт гүтгэх үйл явц хэмээн тайлбарлажээ. Улс төрийн болон үндэс угсааны зэрэг олон шалтгаанаар нийгмийн гишүүдээ хэлмэгдүүлж хохироож байсан үзэгдэл дэлхийн улс орнуудад гарсаар ирсэн бөгөөд энэ нь 20-р зуунд ч хамрагдах ажээ. Фашистын Герман улс хүмүүсийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах үзлийг хөөрөгдөж, еврей нарыг үндэстний хувьд хавчин мөрдөж, алж устгаж байв. АНУ 1945 онд Японтой дайтахдаа өөрийн орны япон гаралтай иргэдээ баривчлан хорьсон ажээ. ЗХУ-д өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн уршгаар гэм зэмгүй олон арван сая хүн хэлмэгдэж хохирчээ. Хятад улсад жар, далаад онд өрнөсөн соёлын хувьсгалын үед олон сая хүн хэлмэгдсэн билээ. 20-р зуунд Зөвлөлт Холбоот Улсын дагуул байдалтай оршиж байсан Монгол орон улс төрийн хэлмэгдүүлэлтийн хар шуурганд бас өртөж, Монголын 30 гаруй мянган иргэд хэлмэгдсэн юм. Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтэд гадаад учир шалтгаан шийдвэрлэх үүрэгтэй байв. Монгол орныг Зөвлөлтийн бүрэн хараат улс болгож, ЗХУ-ын удирдлагаас явуулсан гео-улс төрийн бодлого нь Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн үндэс болсон юм. Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт бол ЗХУ-аас Монгол экспортолсон үйл явц байжээ.
Хэлмэгдүүлэлт Монголын нийгмийн бүх давхаргыг хамарч, түүнд нам төрийн удирдах зүтгэлтэн, цэргийн дарга нар, тайж ноёд, лам нар, жирийн иргэд өртжээ. 1937 оны аравдугаар сарын 2-ны өдөр байгуулагдсан Х. Чойбалсан даргатай Онцгой Бүрэн Эрхт Комисс хэмээх шүүхээс гадуурх байгууллага 1939 оны 4 дүгээр сарын 15-ныг хүртлэх хугацаанд бүгд 50 удаа хуралдаж, улс төрийн хэрэгт баривчлагдсан 25824 хүнийг хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуул хэмээх хэргээр таслан шийдвэрлэснээс 20474 хүнийг буудан алах, 5103 хүнийг 10 жил, 240 хүнийг 10 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэжээ. Бүгд 17 мянга орчим лам хувраг шийтгэгдсэнээс 14000 гаруйг нь шууд буудан хороосон байна. 1950-иад оноос 1980-аад оныг хүртэл үргэлжилсэн улс төрийн хэлмэгдүүлэлтийн үед хүмүүсийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах, олон ургальч үзэл санааг хаан боогдуулах, тэдний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлаж, “Сэхээтний төөрөгдөл”, “Намын эсрэг бүлэг”, “Монгол Зөвлөлтийн найрамдлын эсрэг” гэх мэт элдэв нэр хаяг өгч, гадуурхан хэлмэгдүүлж байсан билээ. Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн үйл явц, хэрэгжсэн арга, гарсан үр дагавар нь тухайн түүхэн цаг үеийн байдлаас шалтгаалж өөр өөрийн гэсэн онцлогтой байсан ажээ. 1922-1940-өөд он хүртэлх хугацаанд Монголд өрнөсөн хэлмэгдүүлэх ажиллагаанд гол төлөв бие хүний нь хувьд устгах, олон жилээр гянданд хорих хэлбэр давамгайлж байсан бол 1950-1980-аад онд хүмүүсийн хууль ёсны эрх, эрх чөлөөг хязгаарлах, сэтгэл санааны дарамт учруулах, нэр хүндийг нь гутаах, ажил албан тушаалаас нь хууль бусаар халах, нутаг заан суулгах зэргээр зүйл бүрээр хяхан хавчих явдал түгээмэл байжээ.
1930-аад оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн уршгаар Монгол оронд хэрэгжиж байсан хөгжлийн хувьслын зарчим алдагдаж, ард түмний эрх ашигтай яв цав нийцэж байсан ардчилсан шинжтэй өөрчлөлт гажуудан, Монгол Улс зөвлөлт хэв маягийн социалист нийгэм байгуулах туршилтын талбар болон хувирчээ. Улс төрийн их хэлмэгдүүлэлтийн уршгаар БНМАУ-йн хууль тогтоох дээд байгууллага Улсын Бага Хурал, эрх баригч МАХН-ын удирдах байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулах бүрэлдэхүүнгүй болтлоо хядлагад өртөж, Монгол оронд улс төрийн авторитари, тоталитари дэглэм хуваарьгүй ноёрхох болсон юм. Зах зээлийг баримжаалсан эдийн засгийн хөгжлийн явц тасалдаж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээр улс орны хөгжил яваандаа удаашрахад хүрчээ. Монголын 30 гаруй мянган эр хүн хэлмэгдэлд өртөн хорогдсон нь тус улсын хүн амын хүйсийн харьцаа, хүн амын нөхөн үржихүйд сөрөг үр дагавар учруулжээ. Шинээр үүссэн сэхээтний давхраа хүнд цохилтод өртсөнөөс түүнийг дахин бэлтгэх шаардлагатай болсон юм. Монголын түүх соёл, уран барилгын асар их ололт, хэдэн зууны турш бүтээн туурвисан соёлын их өв сүйрэлд автаж, Монголын нийгмийн оюун санааны амьдрал, шашин суртахуун, уламжлалт зан заншилд асар их гарз хохирол учирсан байна.Үндэсний уламжлал, өв соёлын залгамжлалыг үгүйсгэн тасалдуулж, үндэс язгуураа гэсэн эх оронч үзэл санааг “үндсэрхэг үзэл” хэмээн хавчин хяхаж, шударга зарчимт шүүмжлэл, бүтээлч санал, санаачилга гаргагчдад “сэхээтний төөрөгдөл” гэх мэт нэр хаяг оноон хэлмэгдүүлж, олон ургальч үзэл, чөлөөт сэтгэлгээг хязгаарлан боогдуулж байсны улмаас хүн амын дунд идэвхгүй, үлбэгэр дорой байдал, бэлэнчлэх сэтгэлгээ төлөвшихэд хүрчээ.

 
ХЭЛМЭГДЭГСДИЙН ТАЛААР ТӨРӨӨС ХИЙЖ БУЙ АЖИЛ
Иргэддээ хилс хэрэг тулган шийтгэсэн үйлдлийг илчлэх, улс төрийн талаар хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээх талаар Монголын төрөөс арга хэмжээ авсаар иржээ. “Лхүмбийн хэрэг” гэгчид холбогдон хилс шийтгэл хүлээсэн зарим хүмүүсийг 1936 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойн баярын үеэр шоронгоос сулласан нь хэлмэгдсэн хүмүүсийн нэр төрийг сэргээх гэсэн анхны оролдлого байв. Улс төрийн хэргээр шийтгэгдсэн хүмүүсийн асуудлыг хянан үзэх талаар МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаас 1939 оны 4 дүгээр сард гаргасан шийдвэрийн дагуу Дотоод Явдлын Яамны дэргэдэх Тусгай Комисс 1939-1945 онд 2300 гаруй хүнд холбогдох хэргийг дахин шалгаж, хэрэгсэхгүй болгосон нь улс төрийн талаар хэлмэгдэгсдийг цагаатгах үйлсэд чухал алхам болжээ. 1952 онд Х. Чойбалсан, 1953 онд И.В. Сталин нас барснаар БНМАУ-д нэг хүнийг дарангуйллын дэглэм сарниж, улс төрийн уур амьсгал харьцангуй зөөлрөн хамтын удирдлагын зарчим сэргэж эхэлсэн тэр үед МАХН-ын удирдлагын зүгээс 1930-1940-өөд оны нийтийг хамарсан баривчилгаа, залхаан цээрлүүлэлтийн хор уршгийг арилгах асуудлыг хөндөж, зарим нэгэн бүлэг хэргийг хянан үзэх санаачилга гаргаж байв. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 1955 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар “Порт Артурын хэрэг” гэгчийг шалгасан комиссын илтгэлийг хэлэлцээд түүнд холбогдож шийтгэгдсэн хүмүүсийг суллах, мөрдөн байцаалтад хууль бус арга хэрэглэхийг зөвшөөрсөн өмнөх үеийн шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авчээ.
И. Сталиныг тахин шүтэж байсныг илчлэн шүүмжилсэн ЗХУКН-ын 20-р Их Хурлын шууд нөлөөний дор 1956 оны 4 дүгээр сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны 4 дүгээр бүгд хурал нэг хүнийг тахин шүтсэний улмаас хувьсгалт хуулийг зөрчиж байсан явдлыг нарийвчлан шалгаж илрүүлэх шийдвэр гарагсан юм. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 1956 оны 4 дүгээр сарын 21-ний тогтоолоор улс төрийн зарим хэргийг хянан үзэх комисс байгуулсан бөгөөд тус комисс ДЯЯ-наас 1932-1947 онд шийдвэрлэсэн гол хэргүүдтэй танилцаж, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга асан Б. Баасанжав нарын зэрэг 1940-өөд оны эхээр хэлмэгдсэн 36 хүнийг цагаатгажээ. 1957 оны 7 дугаар сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны 6 дугаар бүгд хурлын шийдвэрээр Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд шинэчилэн байгуулагдсан Цагаатгах ажлыг эрхлэх комисс 1937-1947 онд Дотоод Яамны үйл ажиллагаанд гарсан завхарлын асуудлыг нарийвчлан шалгаж, 1930-аад онд хилс хэрэгт ял шийтгүүлсэн 294 хүнийг цагаатгажээ. Гэвч энэ комисс хүмүүсийг ангийн харъяалалаар нь ялгаварлах өрөөсгөл хандлага баримтлаж тайж ноёд, түшмэд, лам нарын хэргийг шалган цагаатгахаас түдгэлзсэн байна. ЗХУ-д улс төрийн хилс хэргээр шийтгэгдсэн Монгол Улсын Ерөнхий сайд асан А. Амар, П. Гэндэн, Улсын Бага Хурлын дарга Д. Догсом, орлогч дарга Д. Лосол зэрэг нам, төрийн зүтгэлтэн, цэргийн дарга 32 хүний хэргийг 1956-1960 онд ЗСБНХУ-ын Дээд Шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгон цагаатгасан боловч тэр тухай мэдэгдэл, тодорхойлолтыг Монгол улсад ирүүлээгүй байна. Харин БНМАУ-ын Прокурорын газраас Зөвлөлтийн эрх бүхий байгууллагуудад албан ёсны хүсэлт тавьсаны дагуу А. Амар, П. Гэндэн, Д. Догсом, Д. Лосол, Д. Лувсаншарав нарыг цагаатгасан тухай “маш нууц” мэдэгдлийг тус улсаас 1960 онд ирүүлжээ. Энэ мэдэгдлийг үндэслэн Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэрэгдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын тогтоолоор дээрх хүмүүсийг “хувьсгалын эсэргүү” хэрэгт холбогдолгүй болгон цагаатгажээ.

 
Х. Чойбалсанг тахин шүтсэний хор уршгийг арилгах шийдвэрийг 1962 онд хуралдсан МАХН-ын Төв Хорооны 2 дугаар бүгд хурлаас дахин гаргасан боловч улс төрийн хэлмэгдүүлэлтэд биечлэн оролцсон хүмүүс, нам, төрийн удирдлагад хэвээр байсан нь цагаатгалын ажлын явц, өрнөлтөд сөргөөр нөлөөлсөн юм. 1962 оны 2 дугаар сарын 8-нд хуралдсан МАХН-ын Улс төрийн Товчооны хурал Цагаатгах ажлыг эрхлэх комиссын ажил дууссан гэж дүгнээд түүнийг татан буулгаж, ажил үүргийг нь Улсын Дээд Шүүх болон НАХЯ-нд шилжүүлсэн байна. Энэ үеэс хойш хэлмэгдэгсдийг цагаатгах ажлын явц, далайц ихээхэн суларчээ.БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зарилгаар Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Комиссыг байгуулснаар улс төрийн хэрэгт шийтгэгдэгсдийн хэргийг шалгах, хэлмэгдэгсдийг ицагаатгах ажиллагаа эрс идвэхижсэн юм. Улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн 30 мянга гаруй хүн одоогийн байдлаар цагаатгагдаад байна. Хэлмэгдэгсдэд учирсан хохирлыг барагдуулах, нэр төрийг сэргээн сурталчилах, дурсгалыг мөнхжүүлэх асуудалд Монголын төр онцгой анхаарч ирэв. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей/ 1996 он/, дурсгалын хөшөө /1997он*/ тус тус байгуулагдсан ба нийтийг хамарсан их баривчилгаа эхэлсэн 1937 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг 1996 онд “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр” болгон хуульчилснаар жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд хэлмэгдэгсдийг бүх нийтээрээ дурсч, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтов.
“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийг 1998 оны эхэнд Монгол Улсын Их Хурал батлан гаргажээ. Улс төрийн хэлмэгдэгсдийн хохирлыг барагдуулах зорилгоор 1998 оноос хэлмэгдэгч болон түүний ар гэрт 500 мянга болон 1 сая төгрөгийн цагаатгалын нөхөх олговор олгож эхэлсэн байдаг. Одоогоор 17448 хэлмэгдэгсдэд 17 тэрбум төгрөгийн нэг удаагийн нөхөн олговрыг олгожээ. Бас нас барсан, цаазлагдсан хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүлийн 600 гаруй хүнд гэр хашаа, орон сууц худалдаж авахад нь зориулж 3 тэрбум орчим төгрөг олгосны дээр 68 сая төгрөгийн буцалтгүй тэтгэмж олгоод байна. 2011 оны эхний хагас жилд хэлмэгдсэн 33 иргэнд 30,5 сая төгрөгийн нөхөн олговор, түүнчлэн ахуй амьдрал нь хүнд байгаа хэлмэгдэгчийн гэр бүл, үр хүүхэл 12 хүнд 1 сая 200,0 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг Улсын комиссоос олгожээ. Мөн оны эхний хагас жилд Улсын комисст 129 өргөдөл, 151 эрэлт, хүсэлт санал, гомдол ирүүлснийг үндсэнд нь шийдвэрлэж, хариуг өгчээ. 2011 оны эхний хагас жилд хэлмэгдэгсдэд орон сууц худалдаж авахад нь зориулж 360,0 сая төгрөгийг улсын төсөвт тусгуулж, үүнээс эхний хагас жилийн байдлаар 10 хэлмэгдэгчид 150,0 сая төгрөгөөр гэр орон сууцныхаа нөхцлийг сайжруулахад нь зориулан Улсын комиссоос мөнгөн олговор олгоод байна. Одоо орон байр хүссэн, дараалалд орсон 20 орчим хэлмэгдэгч/ нийслэлд 16, хөдөө4/ байна. 2011 оны эхний хагас жилийн байдлаар 1939 оноос хойш өнөө хүртэл 30,0 гаруй мянган /30711/ хүн улс төрийн хилс хэргээс цагаатгагдаад байна. Үүнээс оны эхний хагас жилийн байдлаар Улсын Дээд Шүүх 135, Улсын Ерөнхий Прокурорын Газар 79, бүгд 214 хүнийг хилс хэргээс цагаатгаж, нэр төрийг нь сэргээжээ.
Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвөөс улс төрийн хэлмэгдүүлэлтийн учир шалтгаан, хор уршиг, үр дагаварыг тусгасан 60 гаруй ном, товхимол, баримтат кино хийэ, эрдэм шинжилгээний олон хурал зохион байгуулснаас гадна улс төрийн хэлмэгдэгсдийн намтрыг цуврал 14 боть болгон хэдэн мянган хувиар хэвлүүлж, Монгол орон даяар түгээсэн бөгөөд энэ ажил цаашид ч үргэлжилнэ. \Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төв 2011 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний дагуу ажлаа зохион байгуулж эхний хагас жилд эрдэм шинжилгээний ажлын талаар тодорхой үр дүнд хүрчээ. Тухайлбал, улс төрийн хэлмэгдүүлэлтийн “Баримтын товчоон” цувралд зориулж Н. Сампилноров 1990-ээд оноос хойшх Цагаатгалын комиссын 20 гаруй жилийн үйл ажиллагааг харуулсан материалыг бэлтгэсэн байна. Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Д. Хоролдамба, доктор С. Ичинноров, эрдэм шинжилгээний ажилтан А. Эрдэнэсайхан нар “Лхүмбийн хэрэг” нэг сэдэвт бүтээлийг туурвих ажлыг эхэлж, архивын материалыг судлах ажлыг дуусгажээ. Уг бүтээл нь “Лхүмбийн хэрэг” гэгч зохиомол хэрэг үүсгэсний зорилго, үр дагварыг нээн илрүүлэхэд чиглэгдэж байгаа болно. Профессор Ч. Дашдаваа “Сэхээтний төөрөгдөл” нэг сэдэвт бүтээлийг туурвих ажлыг эхлэж, “Орост хэлмэгдсэн монгол иргэд” сэдвээр судалгааны ажил явуулж байна. Эрдэм шинжилгээний ахлах ажилтан С. Туяа, П. Гэндэн, С. Довчин, Д. Лувсаншарав, Р. Мэнд нарын мөрдөн байцаалтын баримтыг судлан боловсруулалт хийж, Гэндэн, Довчин, Лувсаншарав нарын тухай өгүүллийг бичжээ. Догсом, Лосол, Цэвээн, Дэмид нарын Орост баривчлагдаж цаазлагдсан хэргийг Ч. Дашдаваа судлан бичжээ. Үүний үр дүнд “Москвад цаазлагдсан Монгол удирдагчид” бүтээлийг бичиж хэвлэлд бэлтгэжээ. Мөн онд Ч. Дашдаваа “МАН-ын түүх” /1921-1928/, “ Монголын 20-р зууны түүх бичлэг”/ Ж. Болдбаатарын хамт/, “Сүхбаатарын хөшөөний үнэн түүх”, “ Монголын түүхийн судлал ба сурвалж” / эмхэтгэгч/ зэрэг бүтээлийг хэвлүүлжээ.
Ч. Дашдаваа, Д. Хоролдамба нар улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар эрдэм шинжилгээний хэд хэдэн хуралд илтгэл тавьж хэлэлцүүлээд байна. Улс төрийн хэлмэгдэгсдийг цагаатгах, хэлмэгдүүлэлтийн асуудлыг нягтлан судлахын учир утга нь улс төрийн хэлмэгдүүлэлтийг дахин гаргуулахгүй байхад орших билээ. “Халуун итгэл цөхөрсөн Хатан зүрх шархирсан Хар дарсан зүүд мэт он жилүүдийг Хамаг монголчууд бүү мартагтун” ЭХ СУРВАЛЖ: ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИСС УЛС ТӨРИЙН ТАЛААР ХЭЛМЭГДЭГСДИЙН СУДАЛГААНЫ ТӨВ. 2011 ОН




Сэтгэгдэл ( 0)