АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН Я. БААТАРХҮҮГИЙНХ ЖИЛД 20 МЯНГАН ЛИТЕР СҮҮ ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛДЭГ
Мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж мал сүргээ өсгөн үржүүлэх өвөг дээдсийнхээ малч уламжлалыг залуу үедээ өвлүүлэх, бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ухааныг боловсронгуй болгох, малын ашиг шим, гарц чанарыг нэмэгдүүлэх, бэлчээрийг зохистой ашиглах чиглэлд гаргасан амжилтаараа аймгийн аварга малчны болзол хангасан Буянт сумын Цагаанбургас багийн малчин Ягаазэдийн Баатархүүгийн шагналыг хотонд очиж гардууллаа. Аймгийн аварга малчин Я. Баатархүү нь Буянт сумын Соёл нэгдэлийг үүсгэн байгуулагчдын нэг төдийгүй тухайн нэгдэлд адуучин байжээ.Тэрээр нэгдэл нийгэм задрахад мал аж ахуйн салбарт бие даан гарсанаар 39 жил болж байна. Эднийх бод мал голчлон өсгөдөг байна. Сумынхаа 1-р бригад гэж эртнээс нааш нэрлэгдэж ирсэн энэ газарт бод мал өсгөн үржүүлэхэд хамгийн тохиромжтой нутаг гэж үздэг байна. Я. Баатархүү нь мал сүргийнхээ үйлдвэр угсааг сайжруулах, ялангуяа үхрийн үржил силекц, сүүний гарцыг сайжруулах тал дээр анхааран ажилладаг туршлагатай малчин юм байна.
Мал малчдад хамгийн чухал нь бэлчээр байдаг. Бэлчээр газар нутгаа хайрлан хамгаалах нь цаашдын оршин тогтнох үндэс болдог учир Я. Баатархүү малчин нэг газраа тогтмол байхаас илүү нутаг сэлгэн оторлохыг чухалчилдаг байна. Мөн өөрийн намаржаа, өвөлжөөнийхөө хэсэг газрыг торлон хашаалсанаар 3 га газраас 3-4 портер хадлан бэлтгэдэг байна. Харин хавартаа хашаалсан талбайдаа ядарсан малаа оруулж тэжээдэг байна. Аймгийн аварга малчин Я. Баатархүү нь хашир туршлагатай малчин төдийгүй шилдэг уяач. Тэрээр 1982 онд анхныхаа айргийг авч уяач болох хүсэлдээ тууштай хөтлөгдсөнөөр өнөөг хүртэл хурдан хүлэг морьдыг сойн уралдуулж олон бахдам амжилтыг үзүүлсэнээр 2002 онд аймгийн алдарт уяач болсон байдаг. Мал аж ахуйн салбарт хамтын хөдөлмөр чухал. Түүний гэргий Ойдовын Мягмаржав сүү сааль авах, цагаан идээ боловсруулах, төл малаа өсгөх гээд бусад малчин эмэгтэйчүүдийн нэгэн адил цаг наргүй их ажлын дунд мөн л 30 орчим жил хөдөлмөр зүтгэлээ зориулсаар ирсэн нэгэн. Жилд 40 гаруй үнээ сааж 20 мянган литер сүүг зах зээлд борлуулдаг байна. Эдний сүүний зах зээлийн гол захиалагч нь БОЭТ юм. Өвчтөн эмчлүүлэгчдийн хэрэгцээг хангах үүндээс жилд дунджаар 9-12 мянган литер сүүг зах зээлийн үнээс 300-400 төгрөгийн хямд үнээр Я. Баатархүү малчныхаас авдаг байна. Энэ жил Я. Баатаржав малчных 200 орчим төл хүлээн авна. Урин цагтай уралдан хөдөлмөрлөж байгаа энэ малчных ийнхүү сар шинийн босгон дээр төр түмэндээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн шинэ жилээ ажил хөдөлмөрийн арвин их амжилтаар угтаж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Сэтгэгдэл ( 0)