ХАР УС НУУРЫН ЗАРИМ ШУВУУД 3500 КМ ЗАЙГ ТУУЛАН ЭНЭТХЭГ УЛСЫН ШИНЭ ДЕЛИ ХОТ, ГУЖАРАТЫН ХОЙГТ ӨВӨЛЖДӨГ


  Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, БНХАУ-ын ШУА-ийн "Эко-Байгаль орчны шинжлэх ухааны судалгааны төв, Английн Extra их сургуулийн судлаачид, МУИС, УБИС, ХААИХС-ийн оюутнууд оролцсон хамтарсан судалгааны баг төв болон баруун монголд хун, галуу, нугас, цахлай, тогоруу зэрэг усны шувууд мөн тас, бүргэд, элээ, хулд, шонхор зэрэг махчин шувуудыг барьж бөгж, дамжуулагч зүүх, шувууны генетикийн болон томууны судалгаанд зориулж ам, сүвнээс арчидас, цус, өдний дээж авах ажлаар 2018 оны 7-р сарын 7-оос 8-р сарын 1 хүртэл хугацаанд ажилласан байна.
Судалгаанд гарахын өмнө тэд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас 2018 оны 5-р сарын 2-ны 06/2862 тоотоор гангар хун, хошуу, бор, хээрийн галуу, нугас, хархираа болон өвөгт тогоруу, итэлгэн болон монгол цахлай, усны нөмрөг бүргэд, нөмрөг тас, цармын болон хээрийн бүргэд, идлэг шонхор, шилийн сар, хулд, борцгор хотон зэрэг томоохон биетэй 30 зүйлд 533 шувууг барьж бөгжлөх, дээж авах, дамжуулагч зүүх зөвшөөрлийг авчээ.Хар ус нуурын БЦГ-ын нутаг дэвсгэр болох Дөргөний усан цахилгаан станцийн гүүрээр Чонохарайхын голоор гарч Чандмань сум, Дөргөн нуурт голлон ажиллахдаа Дөргөн нууранд нийт 76 зүйл шувууг бүртгэсэн байна. Ажлын явцад Чандман сумын орчмоос сохор элээ 13-ийг, Дөргөн нуураас гангар хун 1, бор галуу 1, хондон ангир 10 тус тус барьж сансрын дамжуулагч зүүж нүүдлийн судалгааг эхлүүлжээ.

 
Ингэснээр сонирхолтой үр дүнг харуулсан мэдээлэл ирсэн байна. Тухайлбал: Сохор элээний 13 дамжуулагчтай шувуудаас 1 нь нүүдлийн замдаа Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутагт дохиоллоо өгөхөө больж алга болсон бол үлдсэн 12 шувууд нь дунджаар 9 сарын эхээр нүүдэл эхлэж шулуун замналаар ойролцоогоор 3500 км зайг туулан бүгд Энэтхэг улсын Шинэ Дели хотын ойролцоо өвөлжиж байна.



  Харин нэг бор галуу 9 сарын 27-нд нүүдэллэж эхлэн шулуун замналаар 3300 км орчим зайг туулж Энэтхэг улсын Гужаратын хойгт өвөлжиж байна. Харин гангар хун одоогийн байдлаар шулуун замналаар 1000 км орчим зайг туулан БНХАУ-ын Чинхай мужийн нутагт өвөлжиж байна.2017 оны 6-р сарын 29-нд Хар ус нуурын Цагаан гол аралын зүүн үзүүрээс барьж дамжуулагч зүүсэн бор галуу Энэтхэгт очиж өвөлжөөд эргэж хар нууранд ирж зусан байна. Хондон ангирын 2 бодгальд зүүсэн дамжуулагч ажиллахгүй байгаа бол үлдсэн 8 бодгаль нь дунджаар 1500 км орчим замнал туулан БНХАУ-ын Шинжаан, Төвдын өөртөө засах орны газар нутагт тархан байрлаж,сзарим нь Гималайн нуруудыг давж Энэтхэгийн хойгт хүрч өвөлждөг хэмээн таамаглаж байна.

  Эх сурвалж: Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн шувуу судлаач, доктор Н.Цэвээнмядаг, Д.Батмөнх




Сэтгэгдэл ( 0)