ОНДАТР ХЭТ ӨССӨНӨӨС НУУР ОРЧМЫН ЭКО СИСТЕМ АЛДАГДААД БАЙНА

  Хар-Ус нуурын ай сав, арлуудыг түшиглэн нутагладаг мал, малчдын тухайд сүүлийн жилүүдэд хадлан тэжээл бэлтгэх талбай усанд автах, малын бууц хэвтэргүй болох, нуурын зэгс, хулс , ургамал ховордох, экологийн тэнцвэр алдагдахад хүрээд байна. Үүний гол шалтгааныг Ондатрын тоо толгой хэт өссөнтэй холбон тайлбарлаж байна. Анх 1967 оны 5 сарын 13-наас эхлэн Сэлэнгэ аймгийн нутаг Орхоны цутгал Буур голоос 50 үржлийн Ондатр барьж Хар-Ус нуурын Цагаан голын баруун эргийн арлуудад тавьжээ. Дараа нь Чоно харайх гол, Дөргөн гол, Булган гол, Лүнгийн хоолой, Булжмийн нуур, Зэргийн цагаан нуур, Булган аймгийн Олон нуур, Увс аймгийн Хар нуур, Шар нуурт нийт 415 Ондатр шинээр нутагшуулжээ. Үүнээс 150 үржлийн Ондатрыг Хар-Ус нуур буюу Чоно харайх гол, Далай нуур, Лүнгийн хоолойд тавьснаар 40 гаруй жил өнгөрөөд байна. Энэ хугацаанд Ондатрын тоо толгой зөвхөн Хар-Ус нуур орчим ойролцоогоор 86260-д хүрч,тархсан байна хэмээн ХИС-ийн эрдэмтэн судлаачдын 2018 онд явуулсан судалгааны тайлан мэдээнд дурьдагдсан байна.
Ондатр нь нэг төрөхдөө 8-10 гөлчгий гардаг, өсөлт сайтай амьтан юм. Нуур голын эко системийн тэнцвэрийг алдагдуулах хэмжээнд өсөж үржсэн энэ амьтаны тоо толгойг багасгах зорилгоор Байгаль орчны сайдын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 515 тоот тушаал гарч 30 мянган тоо толгой ондатр агнах зөвшөөрлийг олгосон хэдий ч эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж одоогоор байхгүй хэмээн үзснээр энэхүү ажил хойшлогдоод байна. Уг нь бол Ондатрын тоо толгойг 30 мянгаар бус 60 мянгаар бууруулах боломж байгаа. Байгаль орчны үнэлгээгээр 1 ширхэг Ондартын үнэ 4800 төгрөгөөр үнэлэгдсэн хэдий ч зах зээл дээр 1 ширхэг Ондатр 2200-2500 төгрөгийн үнэд хүрч байгаа нь төдийлөн ашиг харах агнуур биш хэмээн үзэж байж болох юм. Үнэндээ дээхэн үед Ондартын арьсан малгай, шуба гээд боломжийн үнэд хүрдэг байсан нь энэ төрлийн ангийн эрэлт их байсныг илтгэж байна. Манай улс, манай аймаг л Ондатрыг зах зээлд нийлүүлж үнэд хүргэж чадахгүй байгаа болохоос гадаадын зарим оронд Ондатрын махыг томоохон зоогийн газруудад хүндтэй хоол хийхэд зориулан бэлтгэдэг бол зарим улс оронд ондатрын заарын булчирхайг нь томорсон үед бэлтгэж, үнэртний үйлдвэрт хэрэглэдэг ажээ.Хойд Амеркт 30 гр заарын булчирхай 1 долларын үнэтэй байдаг байна. Харин манай оронд Ондатрын махыг бөөрөнд сайн хэмээн эмчилгээний журмаар хүнсэнд хэрэглэдэг, арьс үсийг нь гоёлын малгай хувцас болгохоос цааш ашиглаж чаддаггүй нь харамсалтай. Тиймээс цаашид бүтээгдэхүүний марктинг, зах зээлийг судлаж, олон үйлдвэрлэгчтэй холбох, хамтын ажиллагааг сайжруулах боломжийг эрэлхийлэн ямар нэг арга хэмжээ авах шаардлагатай болжээ. Хэрэв энэ хэвээрээ Ондатрын тоо толгой өссөөр байвал ирээдүйд нуур орчмын газар нутаг сүйдэж арал, голын эрэг дагуу ондатрын бий болгосон нүх, суваг овоохой нь хөрсийг эвдэх, усанд идэгдэж, арал тасрах, арал намаг болж хувирах, бүр үгүй болох эрсдэл ойрхон байгааг эрдэмтэн судлаачид анхааруулж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)