ХЭРХЭН СӨРӨГ БОДЛУУДЫГ ТАСЛАН ЗОГСООХ ВЭ

Бодох талаар эртний сэтгэгч нарын үеэс буюу Декартын үеэс эхлээд л томъёололуудыг гаргасан байдаг. Гэтэл бид өнөөдрийг хүртэл хэрхэн зөв бодоход суралцаагүй л байна.

Декартын алгоритм
Баттай мэддэггүй юмыг үнэн гэж бүү зөвшөөр
Ямар нэг ойлгомжгүй зүйл гарвал аль болох олон жижиг хэсгүүдэд хуваа
Хамгийн хялбар зүйлийг бодохоос эхэл
Ийнхүү бодох явцдаа бүх зүйлийг орхиогүй гэдгээ нягтал

Шинжлэх ухаан харах өнцгийг өөрчилдөг. Нийгмийн шинжлэх ухаан өөрийгөө ойлгоход чиглэсэн байдаг. Хэрэв хүн амжилтгүй байгаагийн шалтгааныг хувь тавилан гэж үзвэл хүлээн зөвшөөрдөг, өөрөө гэж бодвол сэтгэлээр унадаг, бусад хүн гэж бодвол эсэргүүцэн тэмдэг. Тэмцэх эсвэл эвлэрэх нь асуудлын шалтгааныг юу гэж харсанаас хамаарна. Ийм учраас бодол санааны шинжлэх ухаан хамгийн чухал шинжлэх ухаан юм.

Гэвч бид зөв бодох загварт суралцаагүй хэвээр л байна. Түүгээр ч барахгүй буруу бодсон бодлууд болон хэт их бодсоноороо өөрийнхөө эрч хүчийг алдаж байдаг. Хэт их анхаарал хандуулсан бодлуудын дараа танин мэдэхүйн чадамж буурч байдаг. Жишээ нь бид стресстэй үедээ мартамхай болдог.

Бид цаг тутамд өөрийн сөрөг бодлууд дээр төвлөрч байдаг. Тасралтгүй хөврөх бодлууд бидний өдөр тутмын шийдвэр гаргалтуудыг хариуцаж байдаг ч дийлэнх хэсэг нь тохиолдлын бөгөөд төдийлөн хэрэгцээгүй байдаг. Жишээ нь “миний хугарсан гар өвдөж байна тэнгэр муухайрах гэж байгаа юм байхдаа”, “би түлхүүрээ аль халаасандаа хийсэн билээ”, “энэ эмэгтэй манай арван жилийн хүүхэдтэй ямар төстэй юм бэ”, “яагаад тэр ийм өнгийн хувцас өмссөн юм болоо” гэх мэт. Зарим тохиолдолд бидний үр ашиггүй бодлууд сөрөг мэдрэмжүүдтэй зэрэгцэн оршиж амар тайван байдлыг маань үгүй хийдэг. Тэдгээр үр ашиггүй бөөгнөрсөн бодлын эх үүсвэр хаанаас бий болж байна вэ?

Өдөр тутмын стресс.

Бид өдөр тутмын ажлын ачааллаас болж маш их ядарсан байдаг. Бидний өдөр тутмын амьдралын хэв маягийг савнаасаа хальсан их мэдээлэл, байнгийн шийдвэр гаргалт, нийгмийн хүлээлт, үр ашиггүй эд хогшилоор тодорхойлж болно. Эдгээр нь бидэнд түгшүүр, уур бухимдал, ядралыг бий болгож байдаг.

Сонголтын прадокс

Сэтгэл судлаач Barry Schwartz сонголт хийх эрх чөлөөний тухай дурдахдаа хэт олон хувилбарууд биднийг тавгүйтүүлдэг талаар дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл олон сонголттой байна гэдэг нь зөв шийдвэр гаргана гэсэн үг биш бөгөөд харин ч эсрэгээрээ биднийг төөрөгдүүлж орхидог. Зөвхөн сөрөг бодлууд ч биш зүгээр л өдөр тутмын бодлууд бидний тархийг замбараагүй болгож байдаг. Хэдийгээр эдгээр бодлууд бидний өдөр тутмын шийдвэрийг зохицуулж байгаа ч томоохон шийдвэр гаргалтууд дээр саад учруулдаг. Учир нь бид өөрсдийн эрч хүчийг тэдгээр жижиг бодлуудад зарцуулаад дуусчихдаг. Тийм ч учраас зарим нөлөө бүхий хүмүүс өөрсдийн өдөр тутмын үйлдлүүдэд бага цаг зарцуулхын тулд нэг төрлийн хувцас өмсөж, өдрийн хоолонд юу идэхээ хэн нэгэнд даалгадаг. Стив Жовс, Марк Цукерберг, Брак Обама нарын минималист амьдралын загвараас үүнийг харж болно. Өнөөдөр юу өмсөх вэ гэдэг бодол бидний бодож байгаагаас хамаагүй их эрч хүчийг биднээс шаардаж байдаг.

Хэт их эд хогшил

Өнгөрсөн долоо хоногт өөр газарлуу нүүхдээ бид огт ашигладаггүй хирнээ маш их эд хогшилыг цуглуулдаг гэдгийг анзаарсан юм. Ганцаараа амьдардаг учраас бас минималист байх гэж зорьдог учир надад эд хогшил гээд байхаар зүйл бараг байхгүй гэж бодож байсан ч эсэргээрээ болж таарсан юм. Би огт өмсдөггүй байсан хайрцаг хувцасыг шүүгээнээс гаргах хэрэгтэй болж, хэзээ ч уншихгүй мөртлөө хоёр жил хадгалсан сэтгүүл, судалгааны материалуудыг хаях хэрэгтэй боллоо. Тэр бүх эд хогшилыг гаргасны дараах хамгийн сонирхолтой зүйл нь надад огт үгүйлэгдэхгүй байв. Яг үнэндээ байнга хэрэг болдог маш цөөхөн зүйл байдгийг олж мэдсэнээр илүү зүйлд мөнгө үрэхээ ч болив. Бидний гэр эсвэл ажил дээр хэт их эд хогшил байгаа нь зөвхөн санхүүгийн хувьд гарз хохиролтой биш юм. Бидний харж байгаа зүйлдээ хүссэн хүсээгүй анхаарлаа хувааж байдаг. Уншдаггүй ном, өмсдөггүй хувцас, ашигладаггүй тоглоом, иддэггүй хоол хүнс, нээж үзддэггүй файлууд гэх мэт таны анхаарлыг, шийдвэр гаргалтыг, бодлуудыг төвөгтэй болгодог тэдгээр зүйлсээс салж байх нь их хэрэгтэй. Тэдгээр хэрэггүй зүйлс бидний түгшүүрийг нэмэгдүүлж таагүй сэтгэл хөдлөлийг бий болгож байдаг. Зарим хэрэгцээгүй зүйлс хэрэгтэй эсвэл яаралтай юм шиг харагддаг тул биднийг төөрөлдүүлж орхидог.

Сөрөг таамаглалын төөрөгдөл

Бидний мэдрэлийн систем 600 сая жилийн түүхтэй боловч анхны шинжээ хадгалан үлдсэн гэдгийг хэд хэдэн зүйлсээс анзаарах боломжтой. Жишээ нь бидний амьд үлдэх зөн совин нийтлэг шинжтэй. Үүнтэй адилаар бид одоо болтол бодлын зарим алдаатай дүгнэлтүүдийг гаргасаар байгаа. Эдгээр нь хэтрүүлэн үнэлсэн аюул, доогуур үнэлсэн боломжууд, дутуу үнэлсэн эх сурвалжууд юм. Бидний толгойд орж ирж буй сөрөг бодлууд бодит болж буй мэт тархинд хүртэгддэг. Өдөр тутамдаа стресс үүсгэгчтэй нүүр тулж байдаг энэ цаг үед сөрөг таамаглал дүгнэлтүүд биднийг сэтгэл зүйн хувь ядрааж орхидог. Тийм ч учраас сэтгэл судлаачид яг одоо дээрээ төвлөрч сурахыг заадаг. Бидний ихэнх түгшүүр нэг бол өнгөрснийг хүлээн зөвшөөрч чадахгүй байх эсвэл ирээдүйдээ санаа зовох бодлуудаас үүсэлтэй байдаг. Дээрх шалтгаануудыг уншсаны дараа бодно гэдэг магадгүй автомат бөгөөд хянах боломжгүй мэт санагдаж магадгүй. Гэхдээ бодно гэдэг өөрөө суулгаж болдог хэвшил. Тиймээс бодох загвараа ч мөн өөрөө хэлбэржүүлэх бүрэн боломжтой. Мэдээж тийм ч амархан биш бөгөөд маш их хичээл зүтгэл шаардагдана. Бодлоо удирдаж сурахын тулд эхлээд тэдгээрийг ажиглаж хэрхэн бодож байгаагаа мэддэг болох хэрэгтэй. Үүний дараа сөрөг бодлуудыг таслан зогсоож чаддаг болох нь чухал. Сэтгэл зүйн зөвлөгөө авч буй үйлчлүүлэгчдийн хувьд өөрийн сөрөг бодлыг удирдах дасгал их чухал байдаг. Энэ нь яг л нэг шинэ амьдралын хэвшлийг бий болгож байгаатай адил хэмжээний дадлагыг шаарддаг. Хэрхэн бодлоо удирдахад тань тус болох хэд хэдэн аргыг танд зааж өгье.

Зүгээр л ажиглагч бай

Өөрийн бодлуудыг өөрийн “Би”-ээс тусад нь байлга. Өөрөөр хэлбэл урсан өнгөрч байгаа бодол болон мэдрэмжүүдийг хөндлөнгөөс ажиглагч байж сур. Зүйрлэн хэлбэл жолооны ард суугаа жолооч байхаа болиод галт тэрэгний буудалд дээр зогсоод өөрийн суух галт тэргийг хүлээж буй нэгэн шиг бай гэсэн үг. Зарим тохиолдолд хянах гэж хаах гэж хичээсэн сөрөг бодлууд улам бүр томрох магадлалтай байдаг.

Өөрийн сөрөг бодлуудад нэр өг

Сөрөг бодлыг бодит үйл явдалаас ялгахын тулд тэднийг зүгээр л нэг бодол гэдгийг тодорхойлох ёстой байдаг. Жишээ нь: Та ямар нэг зүйлийг амжилттай дуусгаж чадахгүй мэт санагдаж байна гэж бодъё лдоо. Тэгвэл “би шантарч байна” гэж бодохоос илүүтэй “надад чадахгүй гэсэн бодол төрж байна” гэж бодох ёстой.

Үгүй гэж хэлж сур

Энэ хамгийн энгийн арга. Танд үр ашиггүй, таагүй бодлууд төрсөн үед өөрөө өөртөө ҮГҮЙ гэж чангаар хэлэх хэрэгтэй.

Сэдэлжүүлэгчийг тань

Таныг таагүй бодлуудад хөтөлдөг орчин, хүн, нөхцөлийг ажиглаж мэд. Тэднээс аль болох зайлсхий.

Өөрийгөө сатааруул

Магадгүй таны хамгийн их ашигладаг арга ч байж мэднэ. Ихэнх хүмүүс таагүй мэдрэмжүүдээс зайлсхийхийн тулд өөрийгөө завгүй байлгадаг. Энэ аргыг ашиглахдаа аль болох булчингаа ажлуулах зүйлсийг хийх хэрэгтэй. Хүний булчин хөдөлж байхад тархи хамгийн сайнаар амардаг. Тиймээс дасгал хөдөлгөөн хий, найзуудтайгаа тоглоом тогло, спортоор хичээллэ.

Эх сурвалж: www.setgelmn.wordpress.com




Сэтгэгдэл ( 0)