ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР С.КЕНЕСХАНЫ НЭРЭМЖИТ ГАР БӨМБӨГИЙН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

  Олон улсын хэмжээний мастер С.Кенесханы нэрэмжит гар бөмбөгийн идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээнийг Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар тогтоолын дагуу Олон улсын хэмжээний мастер С.Кенесханы нэрэмжит болгожээ.
Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд аймаг орон нутгийн удирдлагууд, Монголын волейболын холбооны шүүгчид, тэмцээнд оролцож байгаа баг тамирчид болон Олон улсын хэмжээний мастер С.Кенесханы гэр бүл, үр хүүхдүүд оролцлоо.

С.Кенесхан нь 1970 оны Болгар Улсад зохиосон гар бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглогч, Монгол Улсын шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер юм. Тэрбээр Ховд аймагт гар бөмбөгийн спортыг хөгжүүлэх, залуу үеийг спортоор хичээллэх хүсэл эрмэлзэлтэй, авьяас, ур чадвартай болгоход үнэтэй хувь нэмэр оруулж, шилдэг тэргүүний олон тамирчныг сурган бэлтгэсэн чадварлаг багш, дасгалжуулагч байсныг салбарынхан онцоллоо.

Багш С. Кенесхан нь ОУ-ын болон улс, аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс 76 медаль, түүний шавь нар нь 500 гаруй медаль хүртжээ.Тэрээр 41 спортын мастер, 24 дэд мастер, улсын зэрэгтэй тамирчин, шүүгч 8000 гаруйг бэлтгэж гар бөмбөгийн спортод үнэтэй хувь нэмэр оруулсан хүн байсныг охин нь дурсан ярьлаа.

Олон улсын хэмжээний мастер С.Кенесхан нь 1968 оноос хойш ЗХУ, БНСАУ, БНУАУ, БНБАУ, БНХАУ, БНРУ, Тува, Горний Алтай, Буриад зэрэг орнуудад 60 гаруй удаа ОУ-ын тэмцээнд оролцсон бол Ховд аймгаас анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байжээ. Тэрээр Монголын волейболчдын эхний тавд тоологдож явсан хүн юм.
Багш С. Кенесханы тухай дурсамж: Жаал хүү С. Кенесханы үед Ховд хотод ганц ч биеийн тамирын танхим байсангүй. Томчууд гадаа гудамжинд шороотой талбай дээр гар бөмбөг тоглоно. Тэдний хулжсан бөмбөгний хойноос хурдлах шиг зугаатай ажил түүнд байсангүй, тэр гэрийнхээ гадаа шавар хашаан дотроо дээс татаж, үеийн нөхөдтэй тоглоно.
Аав ээж нь түүнийг зэмлэнэ. 6-р ангийн хүүхэд багш нарын багт орж аймгийн аварга болж үзээгүйгээ үзэж, баярлаж хөөрч явсан ажээ. 1965 онд Дархан хотын ТМС-т суралцаж, удалгүй тэнд улсын шигшээ багт орсон.
Мөн барилгын яамны зөвшөөрлөөр ажлыг нь өөрчилж хорьхон насандаа улсын шигшээд тоглож эхэлжээ. Гар бөмбөгийн шигшээнд 12 тамирчин байсны 8 нь спортын мастер, 3 нь нэгдүгээр зэрэгтэй, ганцхан С. Кенесхан 2-р зэрэгтэй байжээ.

С. Кенесхан дурсамжиндаа: "Солонгос улсаас ирсэн дасгалжуулагч биднийг чанга гараар барьсан. 3 минут л бэлтгэл тасалхад сагсан бөмбөгийн шийдэнд 1000 удаа бөмбөг шидүүлдэг байж билээ. Анх Унгар улсад очиж тоглолт хийсэн маань санаанаас ер гардаггүй. Манайх ганц ч баг хожоогүй л дээ. Тэдний тамирчид баруун солгойгүй довтолж байхыг үзээд би их гайхаж билээ. Манайхан нэгийг бодсон байх. Учир нь намайг солгой гараар довтоллоо гэж бэлтгэлээс хөөж байсан удаатай юм даа. Баруун солгойгүй довтолдог ганц хүн нь би байсан. Бидний бэлтгэлийн хувцас ердөө хоёрхон ээлж. Гэтэл Унгарчууд лав 15 ээлжийн хувцас сольдог байсан байх. Орос, Румин, Хятад гэх мэт олон оронд очиж тоглож байлаа. Солонгос улсад бэлтгэл хийж байхад гар бөмбөг хагарч, хүмүүс их гайхаж байв. Солонгосчууд бөмбөг хагарсан шалны тэр хэсгийг зурж хоорондоо юм яриад сүйд болж байсан. Тэр жил Говь-Алтай аймагт баруун таван аймгийн бүсийн тоглолтод миний довтолсон бөмбөг зад үсэрч, олныг шуугиулж байв" гэжээ.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)