СУЛ ТАЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ НЬ
Таныг хэдэн настай гэдгээс үл хамааран өнгөрсөн цаг хугацааны туршид бусдаас нууж ирсэн эсвэл тэр талаар бодох болгондоо таагүй санагддаг сул талууд ихтэй бие хүн гэдэгт тань эргэлзэхгүй байна. Таны сул тал өнөөдрийг хүртэл ямар боломжуудаас таныг холдуулж ирсэн бэ ? Ямар асуудлуудыг таны амьдралд оруулсан байна вэ?. Хамгийн гол нь үр дагаварыг нь та хүлээн зөвшөөрч чадаж байна уу? эсвэл түүнээс болоод өөрийн үнэлэмжээ алдаж, уналтад орж байна уу? Таны хувьд ач холбогдол ихтэй сул тал мөн үү ?
I ХЭСЭГ: МИНИЙ СУЛ ТАЛ
Сул тал бол сул тал. Гэхдээ бүх сул тал аваад чулуудчихмаар эсвэл бүр үзэн ядмаар байдаггүй. Хэмжиж бас удирдахад хэцүү хэдий ч уучилж болох заримдаа бүр хайр хүргэм ч зуршилууд бидэнд бий.
Бид бүгд өөр өөрсдийн өвөрмөц бие хүний онцлогтой. Бид давтагдашгүй нэгэн бие хүнийхээ хувиар дэлхий ертөнцийн сайн хувилбаруудын нэгэн шиг өөрийгөө хувиргах гэхээсээ илүү өөрийгөө сайжруулах, томоохон гавъяа байгуулахын тулд өөрт тохирох арга барилыг олох үндсэн зорилготой билээ.
Бидэнд ямар ямар сул талууд байдаг вэ?
Үл ойшоогдсон сул тал
Ямар ч чадвартай хүнийг байнга л шүүмжлээд байвал өөрийн үнэлэмжийг нь бүрэн унагах боломжтой. Саран бол энэ хэцүүхэн дарамтыг өөрийн биеэр мэдэрсэн нэгэн. Түүний хамгийн гунигтай өдрүүд асрамжийн газрын үүдээр алхсан өдрөөс эхэлсэн. Хүсэл мөрөөдөл дүүрэн байдаг түүний харц нэг л өдөр өрөвдөлтэй нэгэн болж хувирсан. Ирээдүйд хийхийг хүссэн зүйлээ хэнд ч ярьсан чи чадахгүй дээ гэсэн өрөвдөнгүй харц түүнийг мохоодог байв. Энэ байдал нь даамжирсаар би чадахгүй дээ гэсэн бодлын бүхэл бүтэн системийг ажиллагаанд оруулж эхэлсэн. Нэгэнт л өрөвдүүлээд сурчихсан тэрээр хэнээс л бол хэнээс “үгүй” “болохгүй” “чи чадахгүй” гэдэг үгийг сонсоход бэлэн явна. Одоо 30 настай тэрээр бусдын ая талыг сайн олж чаддаг боловч хэн нэгэн үл тоож эхэлмэгц тэр дороо буугаад өгчихдөг сул талтай.
Хүмүүжлээс бий болсон сул тал
Хөгжлийн процессийн явцдаа буюу эхийн хэвлийгээс мэндэлсэн цагаас эхлэн сонсох ёстой үг, харах хэрэгтэй загвар, авах ёстой мэдрэмжүүд гэж бий. Тэдгээрийг хангалттай хэмжээнд эсвэл бүр огт авч чадаагүйгээс бие хүний сул талууд бий болдог. 5 настай бяцхан охин байна гэж төсөөлье лдөө. Түүний хийдэг үйлдлүүд нь гэртээ зурагт үзэх, эмээгийнхээ хажууд суугаад ганцаараа тоглох байв. Төрсөнөөсөө хойш утсаар л ярьдаг өөр оронд амьдрах аав болон өглөө оройдоо л царайгаа харуулдаг ээжээсээ тэр ямар ч анхаарал халамж авдаггүй гэж хэлэхэд болно. Түүгээр зогсохгүй үеийнхээ хүүхдүүдтэй тоглож үзээгүй түүнд хэрхэн хүнтэй ярилцах “загвар” огт бүрэлдэн бий болоогүй. 20 жилийн дараах үеийг одоо төсөөлөөд үзье лдээ 25 настай охин 5 настайгаасаа эхлэн насанд хүрэгч шиг амьдарсан, харилцааны ур чадвар суугаагүй, арван жил болон их сургуульдаа ганцаардаж өссөн тэрээр ажлын хамт олондоо дасан зохицож чадахгүй байх нь тодорхой.
Хил хязгааргүй байдлын сул тал
Бүхий л хил хязгаар хоёр үндсэн зорилгоор бий болдог. Гаднаас оруулахгүй, дотроос гаргахгүй гэж. Зарим тохиолдолд бидний өөрөөрөө байх, эсэргүүцэн зөрүүдлэх гэнэхэн хүсэл маань хил хязгаарыг давахад хүргэдэг.
Гэхдээ үнэхээр ёс суртахууны хил хязгаар хэрэгтэй юу? Мэдээж тийм. Тийм тиймдээ “том” тийм. Хил хязгаар үгүй бол бид өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүйд хүргэх үйлдлүүдийг хийж орхидог. Зөвхөн энэ ч биш нэг удаа хил хязгаарыг давсан хүн дараагийн удаа дахин давах магадлал өндөрсдөг бөгөөд давах бүрдээ ёс суртахуунаасаа улам бүр холдсоор байдаг. Тийм ч учраас анхнаасаа өөрийгөө тойруулан ёс суртахууны хатуу чанга хил хязгаар тогтоогоод авчихсан байх нь тун боломжийн санаа. Дахиад нэг түүхийг хамтдаа ярилцъя. Болд одоо 26 настай, боломжийн ажилтай, кареераа 16 наснаасаа эхлүүлсэн бусдын нүдэнд амжилттай яваа нэгэн. Түүнд байдаг хамгийн том сул тал бол хувиа хичээсэн байдал. 3 эгчтэй айлын ганц хүүгийн хувьд хүүхэд байхдаа хийдэг байсан зүйл нь цагтаа босч хичээлдээ явах байв. Хийхийг бас авахыг хүсч байгаа бүхнээ авдаг байсан зуршил нь амин хувиа хичээх үзлийнх нь эхлэл. Гэхдээ хэн ч түүнд бусдад өгөх ёстой гэсэн дүр зургийг харуулж байсангүй. Өлссөн үедээ ганцаараа хоол идчихдэг байсан нь хэнтэй ч хуваах шаардлагагүй гэсэн бодлыг нь улам бүр биежүүлж өгчээ.
Зан чанар бүхий сул тал
Бие хүний зан төлөвтэй холбоотой онцлогуудыг сул тал гэж харах тохиолдол байдаг. Тухайлбал боловсролын систем өөрөө нээлттэй, гадагшаа чиглэсэн хүүхдүүдийг илүүтэй дэмждэг. Энэ нь дотогшоо буюу интроверт хүүхдүүдийн хувьд өөрийн онцлогийг сул тал гэж хүлээн авах хандлагыг бий болгож байдаг. 24 настай нэг эмэгтэйн жишээг авч үзье. Өөртөө итгэлтэй, зоригтой, тэвчээртэй, тууштай тэрээр өөрийгөө илэрхийлэх асуудалтай. Бага ангид байхдаа ойлгохгүй хичээлээ багшаасаа асууснаас өөрөө хоёр өдөр судлаад ойлгохыг илүүд үздэг байв. Бүх зүйл урьдчилаад бэлтгэгдсэн байвал түүнд айгаад байх зүйл огт байхгүй боловч цаг нь тулсан ажлуудаас шууд л зугтчихдаг. Энэ нь түүний сул тал болов зан төлөв нь учраас яаж ч хичээгээд ор тас арилгаж чадахгүй яваа нэгэн.
Нийтлэлийнхээ дээр дурдсанчлан өөрийгөө өөр хүн шиг болгохдоо гол биш харин өөрт тохирох арга барилыг олох нь чухал. Жишээ нь: Урт хугацааны үүрэг даалгаварууд гүйцэтгэхдээ муу хүн байна гэж бодъё лдоо. Энэ тохиолдолд 2 төрлийн аргачлалыг ашиглах боломжтой. 1. Томоохон ажлуудыг жижиг жижиг дэд ажлууд болгон хуваах. 2. Ажлын үр дүнгээ өдөр өдрөөр эсвэл долоо хоногоор хэмжих.
Эсвэл дээрхтэй адил өөрийгөө илэрхийлэхэд хүндрэлтэй байдаг нэгний хувьд ярьж эхлэхдээ өөрийгөө дүрд хувиргаж болно. Тухайлбал би бол уран илтгэгч хүн (үүндээ итгэх нь хамгийн гол зүйл). Тийм учраас би маш сайн ярих, асуулт асуух, сэтгэгдлээ хуваалцах хэрэгтэй гэж бодно. Энэ нь таны бие хүнтэй огт хамаагүй бөгөөд та ярьж эхлэхдээ л өөр нэг дүрд хувирчихдаг гэсэн үг.
II ХЭСЭГ: БУСДЫН СУЛ ТАЛ
Өөрийн сул талыг хүлээн зөвшөөрч ойлгохоос гадна бусдын сул талыг хүлээн зөвшөөрөх нь (шаардлагатай тохиолдолд) таны харилцааг илүү тав тухтай болгох болно. Үүний тулд нэг дасгал ажилж үзье. Та цаашдын амьдралдаа үргэлж хамт байх хэн нэгнийг өөрөө бүтээж байна төсөөлөөрэй. Одоо түүний гадаад төрх болон давуу талууд, зан чанарыг төсөөлөөд үзээрэй. Таны хүсдэг, бахархдаг олон зан чанарууд түүнд байгаа боловч доорх сул талуудаас ч мөн заавал байх шаардлагатай болно. Та 5-н сул талыг урт хугацаандаа хүлээн зөвшөөрнө гэж бодоод сонгоорой.
- Амархан уйддаг
- Ажлыг хойшлуулдаг
- Ачаалал даадаггүй
- Ажлаа дуусгадаггүй
- Асуудлыг томоор нь хардаггүй
- Айдас ихтэй
- Асуудлаас зугтдаг
- Амархан шантардаг
- Алсын хараагүй
- Багаа асуудалд оруулдаг
- Багийн гишүүддаа дасан зохицдоггүй
- Багаа дэмждэггүй
- Бодлогогүй үйлдэл хийдэг
- Бусдаас их зүйл хүсдэг
- Бусдад өөрийн хариуцлагыг үүрүүлдэг
- Буруу амьдралын хэв маягтай
- Бусдын нөлөөнд амархан ордог
- Бусдын үзэл бодлыг сонсдоггүй
- Бүдүүлэг
- Будлиу
- Идэвхигүй
- Дарамт үзүүлдэг
- Дээрэлхүү
- Олон зүйлд төвлөрч чаддаггүй
- Оновчтой шүүмжлэл гаргадаггүй
- Оролцоо сул
- Тэвчээргүй
- Тэвчээргүй
- Тэнэг
- Түгшүүр өндөртэй
- Төлөвлөх чадваргүй
- Ёс суртахуунгүй
- Захирангуй
- Залхуу
- Зөрчил маргаанаас зайлсхийдэг
- Зөрүүд
- Ичимхий
- Ноомой
- Нөхөрсөг бус
- Нэрэлхүү
- Нэг зүйл дээр төвлөрдөггүй
- Зохион байгуулалтгүй
- Өөрийгөө байнга буруутгадаг
- Өөрчлөлтийг хүлээн авдаггүй
- Өөртөө итгэлгүй
- Өөрийгөө илэрхийлэх чадваргүй
- Өрсөлдөөнд сөрөг хандлагатай
- Шүүмжлэгч
- Шинийг санаачилдаггүй
- Харилцааны ур чадваргүй
- Харамч
- Харилцааны асуудлыг шийдэх чадваргүй
- Хувийн асуудлаа ажилтайгаа хольдог
- Хугацаандаа ажлаа дуусгадаггүй
- Хэтэрхий тусархаг
- Хэт олон цагаар ажилладаг
- Хэт эмзэг
- Хэт нямбай
- Хатуу чанга
- Хувиа хичээсэн
- Сэтгэл хөдлөлөө хянадаггүй
- Сөрөг хандлагатай
- Үнэнч бус
- Үглээ
- Үг даадаггүй
- Урт хугацааны төлөвлөгөө гаргадаггүй
- Ур чадваргүй
- Удаан
- Удаан ажилладаг
- Удирдлагыг гартаа авах дургүй
Та нэгэнт хүлээн зөвшөөрнө гэсэн шийдвэр гаргачихсан л бол төвөгтэй байдал нь бага ч гэсэн буурах болно. Үүний дараагаар доорх асуултуудыг ч мөн өөрөөсөө асуугаад үзээрэй.
- Бусад хүний ямар сул тал таны онцлогтой нийлснээр давуу талыг бий болгож болох вэ?
- Огт хүлээн зөвшөөрөхгүй сул тал хамтрагчид тань байна. Гэхдээ та хоёр бусад талаар маш сайн ойлголцдог. Энэ тохиолдолд та ямар арга хэмжээ авах вэ?
Эх сурвалж : www.setgelmn.wordpress.com
Сэтгэгдэл ( 0)