Ховд аймгийн Зэрэг суманд “Хонины ноос бэлтгэлийн чанарыг сайжруулах олон улсын сургалт” болж байна

  Нэг үе малчдын буурин дээр хаягдал болон үлддэг байсан хонины ноосыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр ханган нийлүүлэх бодлогын хүрээнд МУЗГ-ын тогтоолоор Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий иргэдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам батлагдан хэрэгжсэнээс хойш 4 жил өнгөрч байна. Гэвч малчдын гар дээрээс үйлдвэрт нийлүүлэгддэг ноосны чанарыг сайжруулах шаардлага тулгамдсан асуудлын нэг болсоор ирсэн байдаг. Хэдэн зууны турш уламжлалт мал аж ахуйг зонхилон эрхэлсээр ирсэн малчдын хувьд хонио ноослох ажлыг гар аргаар, хайчлан бэлтгэдэг нь үйлдвэрт нийлүүлэгдэж байгаа ноосны чанар стандартад нийцэж чаддаггүй байна. Тэгвэл Австрали, Шинэ Зеланд зэрэг улс орнуудад хөдөлмөр хөнгөвчилсөн, техник технологид суурилсан аргыг 1980 –аад оноос эхлэн туршин хэргжүүлсэнээр дэлхийд ноосны чанар стандартаар тэргүүлэх хэмжээнд хүрч, хонины ноос хяргагч, ноос ангилагч хэмээх тусгайлсан мэргэжилтэн бэлтгэгдэн гарсаар байна. Иймд Монгол улсын эдийн засгийн томоохон түлхэц болсон МАА-н салбар дахь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нэмүү өртөг шингэсэн арьс шир, ноос ноолуур, мах, сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж хувийн хэвшлийн өрсөлдөх чадавхи, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагаас “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Ховд аймгийн “ Алтайн уулсын Оргил” дундын хоршоо, салбарын яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Германы Худалдаа аж үйлдвэрийн танхим, Адра олон улсын байгууллага, Ховд аймгийн Политехникийн коллеж зэрэг байгууллагуудтай хамтран ” Хонины ноосны бэлтгэлийн чанарыг сайжруулах нь: хонины ноосыг машинаар хяргах, ноос ангилан ялгах, пресслэх, үйлдвэрт нийлүүлэх, зардал-өгөөжийг тооцох Сургагч багш бэлтгэх” практик сургалтыг Ховд аймгийн Зэрэг суманд 5 хоногийн хугацаатайгаар зохион байгуулж байна.





Сургалтанд Ховд, Архангай, Хөвсгөл, Дундговь аймгийн хоршоодын 50 гаруй малчдад хамрагдаж байгаа бол сургалтыг Австрали, Шинэ Зеландын сургагч багш нар удирдан явуулж байна. Олон улсын туршлагыг нэвтрүүлэх замаар хонины ноос бэлтгэх ажиллагааг ноос боловсруулах үйлдвэрүүдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сайжруулах, бэлтгэн нийлүүлэгч болон үйлдвэрүүд хоорондын бизнесийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг зорьж байгаагаараа онцлог сургалт болж байна. 



Сургалтын үеэр оролцогчдод төслийн зүгээс хонины ноос хяргагч цахилгаан машиныг гардуулан өгч сургалтанд нь амжилт хүслээ. Ноос бэлтгэхэд малаа сайтар тордож ноосыг нь чанаржуулах, малаа угааж ноосыг нь хяргаж авах арга барил, ноосоо ангилан ялгаж боловсруулах, мал эмнэлгийн шаардлагатай үйлчилгээг үзүүлэх нь нэн чухал байдаг. Үйлдвэрүүдийн зүгээс хяргасан ноосны урт жигд, өнгө, хээл, зооны хэсгээр нь ялгасан, сайтар угаасан байх зэрэг гол шаардлагуудыг малчдад тавьдаг байна. Үүний тулд ноосыг нь гараар биш, машинаар хяргах аргыг монголд нэвтрүүлэн нэг хонин толгойноос авах ноосны гарцыг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах нь чухал гэж үзэж байгааг сургалтанд оролцогчид онцолж байсаан.





Ховд аймгийн Зэрэг суманд зохион байгуулагдаж байгаа сургагч багш бэлтгэх сургалтаар олон улсын туршлагаас хуваалцаж гараар хайчлан хяргах болон машинаар хяргахын ялгааны харьцуулсан судалгааг харуулж, дүн шинжилгээ хийх юм. Энэхүү сургалтын үр дүнд хонины ноосны гарц нэмэгдэх, ноос бэлтгэлийн чанар сайжрахын зэрэгцээ үйлдвэрлэлийн зардал буурах, бэлтгэн нийлүүлэгч болон үйлдвэрлэгчдийн хоорондын бизнесийн үр ашиг нэмэгдэх, орон нутагт тэр дундаа ноосны нэмүү өртгийн сүлжээнд шинэ бизнесийн загвар, шинэ ажлын байр бий болох, ноос бэлтгэлийн чанарыг сайжруулах сургалтанд зайнаас суралцах боломжтой болохын зэрэгцээ мал эмнэлгийн үйлчилгээний чанар сайжрах гэж зохион байгуулагчдийн зүгээс үзэж байна.

Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)