Ховд аймгийн хэмжээнд 2020 оны эхний 2 сард 21 хэрэг, 237 зөрчил согтуугаар үйлдэгджээ

  Ховд аймаг дахь цагдаагийн газарт 2020 оны эхний 2 сард 111 гэмт хэрэг, 3340 зөрчил бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн 21 хэрэг , зөрчлийн 237 хэрэг нь согтуугаар үйлдэгдсэн байна. Мөн тус газрын Эрүүлжүүлэх, баривчлах байранд 273 хүн эрүүлжүүлэгдэж, 31 хүн баривчлагджээ. Дээрх тоон мэдээллийг үндэслэн архи согтууруулах ундааг ихээр хэрэглэх нь зөрчил гаргах, гэмт хэрэг үйлдэгдэх гол хүчин зүйл болж байгааг албаны зүгээс онцоллоо.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, олон нийтийн газар биеэ зүй бус авч явах, хэрүүл маргаан дэгдээх, зодоон үүсгэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, бусдын амгалан тайван байдал алдагдуулах зэрэг зөрчлүүд сүүлийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгдэж энэ тоо нэмэгдэх хандлагатай болсон байна.
Ховд аймгийн хэмжээнд согтууруулах ундаагаар худалдаа, үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөлтэй 406 аж ахуй нэгж байдаг. Тэгвэл Аймгийн Онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжаар Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, кафе, ресторан, караоке, зоогийн газруудын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд зогсоосон байна.  Тиймээс аймгийн Засаг даргын захирамж, онцгой комиссын шийдвэрийг зөрчин худалдаа эрхэлж байгаа нь нотлогдвол зөрчлийн тухай хуулиар торгуул оногдуулах, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээг авч ажиллахыг цагдаагийн газраас мэдэгдэж байна.
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал



Мэдээ таалагдсан:



Сэтгэгдэл түр хаасан