Ховд хотын “А” бүсийг цэцэгжүүлэх ажлыг эхлүүллээ

  Ховд аймгийн Засаг даргын санаачилсан Цэвэр хот- Цэгцтэй гудамж төсөл гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Төслийн хүрээнд ховд аймгийн төв талбай, саад хашлага бүхий нийтийн эзэмшлийн газрын өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зорилгоор өнгө үзэмж сайтай, арчилгаа хурдан авдаг нэг наст гоёлын үрсэлгээний цэцэгсийг мэргэжлийн байгууллагаас захиалан, гэрээний дагуу орон нутагт нийлүүлдэг байна.
Энэ жилийн тухайд 8 нэр төрлийн 10000 цэцэгний үрсэлгээг захиалснаас 6000 цэцэг хот тохижилтын газарт ирсэн байна. Үүнтэй холбоотойгоор Ховд аймгийн ЗДТГ-аас 6000 цэцэгний үрсэлгээг төрийн байгууллагуудад хувиарлан өгч, заагдсан саад талбай, мандалд тариалалт хийлгэхээр хүлээлгэн өгснөөр албан байгууллагууд нэгдсэн журмаар цэцэг тарих ажлыг эхлүүллээ.





 Ногоон байгууламж нэмэгдүүлэх, тариалалт хийх, зүлэгжүүлэх цэцэгжүүлэх ажлын тендер сүүлийн жилүүдэд оройтож зарлагдах, санхүүжилт нь хожуу орж ирэх зэргээс шалтгаалан цэцэг тарих, ногоон байгууламжийн ажил 7 сар гаргаж эхэлдэг байсан тул үр дүн муутай байсныг мэргэжилтнүүд онцолж байлаа.
Энэ жилийн тухайд ч мөн хаврын тариалалтаас хоцорсон хэдий ч тариалах цэцэгсийн тоо нэр төрөл олон байгаа нь дээр арчилгаа усалгааг сайн хийвэл зуны сүүл сар гэхэд өнгө алагласан алаг цэцэгсийн хот болно гэдгийг ногоон байгууламж хариуцсан мэргэжилтнүүд батлан хэлж байна. Энэ удаад цэцэг тарих ажилд 18 албан байгууллагын 180 гаруй хүн оролцож байна.



Бэлтгэсэн: Б. Оюунжаргал




Сэтгэгдэл ( 0)

Сэтгэгдэл бичих