С.Хоролсүрэн: Жаргалант, Булган, Мөнххайрхан сумдад хамгийн олон хүн шилжиж ирсэн

  Сүүлийн үед нийгмийн сүлжээнд Ховд аймагт 4-5 мянган “царцаа” сонгуульд саналаа өгөхөөр ирсэн гэсэн мэдээлэл тархаад байна. Тиймээс Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга С.Хоролсүрэнтэй ярилцлаа.
  - Улсын бүртгэлийн багц хууль хэрэгжиж байгаа. Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хэдийнээс зогсоосон бэ?
- 2018 оны 11 сарын 1-нээс эхлэн Улсын бүртгэлийн багц хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хуульд нотлох баримтад тулгуурлаж шилжилт хөдөлгөөнийг хийхээр заасан. Өмнө нь тухайн иргэн иргэний үнэмлэхээ харьяа нэгж дээрээ хасалт хийлгээд шилжиж очиж байгаа газраа бүртгүүлдэг байсан. Хуулийн шинэчилсэн найруулгаар харьяаллаа солихоор бол тухайн газраа бүртгүүлдэг болсон. Гэхдээ нотлох баримт болох хашаа, орон сууцны өмчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараа заавал авчирснаас улсын бүртгэгч бүртгэж авч байгаа. Хэрвээ шилжиж ирж байгаа иргэн Ховдод хашаа, байшин, орон сууцгүй бол ах дүү, хамаатан садан учраас манай хаяган дээр бүртгүүлэх хүсэлтэй, татгалзах зүйлгүй гэсэн тохиолдолд бүртгэж байна. 2019 оны 12 сараас 2020 оны 01 сарын 30-наар шилжилт хөдөлгөөн зогссон.
- Ховд аймагт хамгийн их “царцаа” буюу 4000-5000 хүн шилжиж ирсэн гэсэн яриа тархаад байна. Үүн дээр та албаны тоон мэдээлэл өгнө үү? - 4000 иргэн шилжиж ирсэн гэдэг ташаа мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байна. Ховд аймагт нийт 996 иргэн шилжиж ирсэн. Үүнийг тодруулбал, Жаргалант сум 559, Булган сум 218, Мөнххайрхан сум 40, Дөргөн сум 35, Зэрэг 30, Үенч 23, Манхан сум 22, Алтай сум 16, Цэцэг сум 13, Цэцэг сум 13, Мянгад 12, Мөст 12, Дарви сум 6, Чандмань сум 4, Ховд сум 3, Дуут сум 3, Буянт сум 2 Эрдэнэбүрэн сум 2 иргэн шилжиж ирсэн байна.
- Сонгуультай холбоотой хичнээн хүн шилжиж ирсэн бэ?
- Багц хууль батлагдахаас өмнө 14 хоногийн өмнө сонгогч үндсэн хаяг дээрээ саналаа өгөх боломжгүй бол 14 хоногийн өмнө санал өгөх газартаа хүсэлтээ гаргаж, саналаа өгдөг байсан. Хуулийн шинэчилсэн найруулгаар энэ нь боломжгүй болж, зөвхөн нэр дэвшигч, шадар туслах, менежер, мэдээллийн технологийн даамал, ажилтан, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, сонгуулийн хорооны ажилтан гэсэн найман субъектэд шилжилт хөдөлгөөн хийгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар 13 хүн хуулийн дагуу шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна.
- Аймаг доторх шилжилт хөдөлгөөн “царцаа”-нд тооцогдох уу?
- Үгүй. Учир нь энэ удаагийн сонгууль томсгосон тойргоор явагдаж байгаатай холбоотойгоор Ховд аймаг нэг тойрог гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт очиж ажиллаж байгаа сонгуулийн ажилтан, итгэмжлэгдсэн төлөөлөгч, хамгаалалтад ажиллах Цагдаагийн ажилтнууд Ховд аймаг дотооддоо 1023 хүн шилжилт хөдөлгөөн хийсэн. Энэ хүмүүс нь сүүлийн үед яригдаад байгаа “царцаа” биш, угаасаа аймагтаа саналаа өгөх иргэд, ажлын шаардлагаар шилжилт хийсэн ажилтнууд юм.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)

Сэтгэгдэл бичих