Төрийн албаны ерөнхий шалгалт явагдаж байна

  Монгол Улсын төрийн албаны ерөнхий шалгалтыг цахим хэлбэрээр улсын хэмжээнд 2013 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. 2020 оны тухайд Ковид -19 цар тахлын улмаас тухайн оны 2 дугаар сард товлогдоод байсан төрийн албаны шалгалт авагдаагүй. Монгол улсын хэмжээнд цар тахлыг дотооддоо алдаагүй , бусад улс оронтой харьцуулахад харьцангуй тайван байгаа учир төрийн албаны шалгалтыг 2020 оны 11 дүгээр сарын 6,7,8-ний өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулан ажиллаж байна.





Төрийн албаны ерөнхий шалгалт Улаанбаатарын цагаар өглөөний 8 цагт улс даяар эхэлсэн бол цагийн бүсчлэлээс хамаарч Ховд аймагт өглөөний 7 цагт аймгийн ЗДТГ-ын Иргэний танхимд төрийн албаны шинэ хуулийн дагуу Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ. Онцгой нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой байдлын газар, ЭМГ, БОЭТ, Тагнуулын газар, Цагдаагийн газартай хамтран төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулж байна.



Төрийн албаны ерөнхий шалгалтанд 2019 онд Ховд аймгаас 360 гаруй иргэн орж байсан бол энэ удаад 460 иргэн бүртгүүлэн оролцож байна. Онцгой нөхцөл байдалтай холбогдуулан шалгалтанд орж байгаа иргэдийг 11 дүгээр сарын 6,7,8-ны өдрүүдэд өдөрт 5 ээлжээр буюу нэг ээлжээр 30 компьютер дээр 30 хүн суулгах нөхцөлийг ханган зохион байгуулж байна.



Шалгалтад орж байгаа иргэд төрийн албаны шинэ хууль, түүнтэй уялдан гарсан дүрэм журмуудтай холбоотойгоор 20 мянга гаруй асуулттай тестийг цахим хэлбэрээр 1 цаг 50 минутын турш бөглөж шалгалтаа өгөх юм. Төрийн албаны ерөнхий шалгалтандаа орж тэнцсэн иргэд төрийн албаны нөөцөд бүртгэгдэнэ. Үүний дараагаар тухайн нутгийн захиргааны байгууллага, төрийн албаны байгууллагууд дээр сул орон тоо үүссэн нөхцөлд дээрх байгууллагуудаас сул орон тооны захиалгыг төрийн албаны зөвлөлд хүргүүлснээр төрийн албаны салбар зөвлөлөөс төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулж сул орон тоог нөхдөг байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)