41 иргэнийг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хотруу тээвэрлэхээр шийдвэрлэлээ

  Улаанбаатар хотод түр саатаад байсан иргэдийн хүсэлтийн дагуу өнөөдөр /2021.01.26/-ны өдөр эхний ээлжийн иргэдээ хүлээн авсан. Нийтийн тээврийн 5 автобусаар ирсэн эдгээр иргэдээс Дарви сумын хяналтын пост дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нэвтрүүлсэн байна. Ингэхэд нэг гэрт амьдарч байсан 3 иргэний /эгч дүүс/ шинжилгээ түргэвчилсэн оношлуураар эерэг гарч сорьцыг БОЭТ-ийн лабораторит авчран PCR-ийн шинжилгээ хийхэд мөн эерэг гарсан байна. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу дахин баталгаажуулалт хийснээр хоёр нь эерэг, нэг нь сөрөг гарч Ховд аймагт Коронавирусний халдварын зөөвөрлөгдсөн 2 тохиолдол бүртгэгдлээ.

Иймд хуулийн дагуу болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс 01 дүгээр сарын 26-ны 20:00 цагаас 29-ний 00:00 цаг хүртэл Ховд аймгийн нутаг дэвсгэрээс гарах, орох хөдөлгөөнийг түр хязгаарлалаа.

Мөн халдвартай болон хавьтагч иргэд /автобусын жолооч, зорчигчид/ нийт 41 хүнийг Дарви суман дээр тусгаарласан байгаа ба тэдгээр иргэдийг 01 дүгээр сарын 27-ны өглөө Дарви сумаас тусгай машинаар, гаргасан маршрутын дагуу Нисэх онгоцны буудал руу авч ирж мөн өдрийн өглөө Улаанбаатар хот ХӨСҮТ-рүү тусгай үүргийн онгоцоор журмын дагуу тээвэрлэхээр бэлтгэл ажлаа бүрэн хангаж, ажлын хэсэг байгууллаа.

  Хот хоорондын нийтийн тээврээр зорчиж буй иргэдээс халдвар илэрч байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хаагаад байна. Өөрөөр хэлбэл аймгуудын иргэдээ татан авах ажлыг бүрэн зогсоолоо.
Бэлтгэсэн: Х. Алтантуяа




Сэтгэгдэл ( 0)