Буянт сумын Нарийн гол багийн малчин Н. Хатанбаатарынх аймгийн “Аварга малчин өрх” боллоо

  Буянт сумын Нарийн гол багаас төрөн гарсан шинэхэн аваргынх аймгийн төвөөс 65 км, сумын төвөөс 40 км зайтай "Уужмын ам" хэмээх газар, алтран шаргалтах дэрс, харгана дунд нөмөрлөж өнөтэй сайхан өвөлжиж байна. Энэ малчных бол 2022 оны ажил хөдөлмөрөөрөө аймгийн малчин түмнээ манлайлан шалгарсан Н. Хатанбаатар, Б. Пүрэвжав нар юм. Залуу малчдын залгамж халаа болж эцэг өвгөдийнхөө буурийг сахин суугаа Н.Хатанбаатарынх сүүлийн 16 жил мал аж ахуйн салбарт мал сүргээ төрлөөр нь өсгөж яваа малчдын нэг.
Малын тооноос илүү чанарыг чухалчилдаг тэрээр жилийн эцсээр 600 толгой мал тоолуулжээ. Мал маллагааны арга туршлага, сум орон нутгийнхаа нийгэм эдийн засагт оруулсан хувь нэмэр, хөдөлмөр бүтээлээрээ шалгарснаар аймгийн аварга малчин өрхийн болзлыг хангаж шагналаа гардан аваад байна.



 Ховд аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан Н. Хатанбаатарынх Дарви сумын Сутай үүлдрийн хуц, Увс аймгийн Өмнөговь сумын улаан ухна, Сүхбаатар, Дорнод аймгуудаас хурдан удмын азарга, гүү худалдан авч малынхаа үүлдэр угсааг сайжруулж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж, малаас гарах бүтээгдэхүүний жилийн орлогоо 10 сая төгрөгт хүргэх болжээ.
Аж амьдрал сайжрахын хэрээр туслах малчдыг авч ажлуулан, малжуулж сум багийнхаа нийгэм эдийн засагт хувь нэмрээ оруулан яваа тэргүүний залуу малчдын төлөөллөөр нэрлэгдэж байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
 




Сэтгэгдэл ( 0)