Буянт сумын Наранхайрхан багт хайгуул хийснээр хүн мал ундны усгүй болох аюул нүүрлэнэ

  Он гарснаар Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Үенч, Алтай, Дуут сумдад ашигт малтмалын хайгуул ашиглалтын лиценз олгосонтой холбоотой маргаан, үл ойлголцол гараад байсан бол энэ удаад Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн Билүүт гэх газар олгогдсон алт, зэс, холимог металлын эрэл хайгуул хийх В лиценз эзэмшигч Дорнын шим ХХК-ий үйл ажиллагааг эсэргүүцсэн нутгийн иргэдийн мэдээлэл, өргөдөл гомдол гараад байна. Буянт сумын Найранхайрхан багийн малчид иргэдийн ирүүлсэн гомдол мэдээлэлд үндэслэн аймгийн Засаг дарга Б. Дүгэржав аймгийн МХГ, БОАЖГ, Хар нуур Ховд голын сав газрын захиргаа зэрэг мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан уулзалт зохион байгуулж Дорнын шим ХХК-ий явуулж буй үйл ажиллагаа болон малчид ард иргэд, тухайн газарт нутагт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцаа.

Буянт сумын Наранхайрхан багийн нутагт хамаарах Их буурал гэх газарт 1296 га талбайг хамарсан хайгуулыг Дорнын шим ХХК гэрээлэн хийхээр бичиг баримтаа бүрдүүлжээ.Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа мэдээллээр тухайн компани нь Ашигт малтмал газрын тосны газраас хууль ёсны зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эрх зүйн хүрээнд явуулах бүрэн боломжийг бүрдүүлсэн гэдгийг онцоллоо. Харин тухайн компанийн зүгээс зарим хайгуул судалгааны ажлаа дуусгаагүй байхад өрөмдлөг хийж, үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа нь шууд утгаараа зөрчилд хамаарах үйл ажиллагаа болж байна гэх үндэслэлийг бий болгоод байна.
Түүнчлэн Наранхайрхан багийн 35 өрхийн 63 хүний бүрэлдэхүүнтэй хуралдсан ИНХ-аар тус компаний үйл ажиллагаа нь мал малчдын ундны усны хэрэгцээг хязгаарлах, худаг усгүйдэх эрсдэлд хүргэнэ гэх үндэслэлээр тухайн компаний үйл ажиллагааг явуулах боломжгүй гэх тогтоолыг батлан гаргасан байна.
Нэгэнт нутгийн иргэд шийдвэрээ гаргасан учир цаашид Буянт сумтай байгуулсан тухайн компаний гэрээг цуцлах хүртэлх арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй гэсэн саналыг хурлын үеэр гаргалаа. Хэрэв тухайн компани Наранхайрхан багийн нутаг дэвсгэрт түүх дурсгалын ховор нандин өв, соёлын судалгаанд хамаарах бусад байгууламжийн судалгаа мэдээллийг мэргэжлийн байгууллагуудаар гаргуулж, түүнийхээ дараа үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд иргэдтэй зөвшилцөн явуулах юм бол татгалзах зүйлгүй гэдгийг Засаг дарга Б. Дүгэржав энэ үеэр мэдэгдлээ.

Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)