Ховд аймгийн Прокурорын газрын шинэ ажлын байрны нээлт боллоо

  Өвлийн эхэн сарын шинийн хоёрны билэгт сайн өдөр Ховд аймгийн Прокурорын газрын хамт олон шинэ ажлын байрны нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ гишүүн, ТББ-ын хорооны дарга С.Бямбацогт, Аймгийн ИТХ-ын дарга Г. Пүрэвганди, Улсын ерөнхий прокурорын газрын ХЭГ-ын дарга Д. Цогтбаатар, баруун таван аймгийн ерөнхий прокурорууд болон Ховд аймгийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд, барилгын ажлыг гүйцэтгэгч Турлиахт компанийн хамт олон, ард иргэдийн төлөөлөл оролцлоо. Ховд аймгийн Прокурорын газар нь 1942 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн түүхтэй. Энэ хугацаанд 4 удаа ажлын байраа сольж байсан ч тухайн үеийн нөхцөл боломж бүрдэхгүй явсаар хуучин буюу актлагдсан байранд үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. Тэгвэл өнөөдөр шинэ ажлын байраа улсын комисст хүлээлгэн өгч, нээлтийн туузаа хайчиллаа.







Прокурорын барилгын ажлыг Улсын төсвийн 1 тэрбум 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Турлиахт компани барьж гүйцэтгэсэн байна. Турлиахт компани нь 2001 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Ховд аймгийн өнгө үзэмж, бүтээн байгуулалтад үнэтэй байр суурь эзлэх томоохон барилгын ажлуудыг хийж гүйцэтгэсэн туршлагатай хамт олон юм. Тус компаний хамт олон 2019 онд Жаргалант сумын Наран багт баригдсан 225 хүүхдийн ясли, цэцэрлэгийн барилгын ажил болон Ховд аймгийн Прокурорын газрын барилгыг барьж ашиглалтанд хүлээлгэн өгч байна.









Ховд аймгийн Прокурорын газрын байр нь 24 метрийн урттай, 12 метрийн өргөнтэй, зоорийн давхартайгаа нийлээд 4 давхар барилга юм. Тус барилгыг Прокурорын байгууллагын ажлын онцлог, нөхцөлд тохируулан зургийн дагуу хийж гүйцэтгэсэн гэдгийг гүйцэтгэгч компаний инженерүүд онцолж байлаа. Мөн 1 болон 2-р давхардаа ажлын өрөөнүүд байх бол 3-р давхардаа 3-4 айлын орон сууцыг төлөвлөж өгсөн байна. Ингэснээр томилолтоор ажилладаг Прокуроруудын ажиллах амьдрах орчин нөхцөл сайжрах нэг давуу тал бий болж байгааг салбарынхан хэлж байна.
Бэлтгэсэн: Д.Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)